Монгол руу цөмийн хаягдал импортлохгүй

Уул уурхайн яам нь уламжлалт  “Ил тод уул уурхай” хэвлэлийн бага хурлаа өнөөдөр хийж, олон нийтийн анхаарлын төвд байгаа асуудлаар тайлбар хийлээ.

Уул уурхайн салбарт өнгөрсөн хоёрдугаар сард 3.6 сая тонн нүүрс, 1.1 тонн алт, 199.2 мянган тонн газрын тос олборлогджээ. Хайлуур жоншны баяжмал 22.1 мянган тонн, зэсийн хүдрийн баяжмал 246.8 мянган тонн, төмрийн хүдрийн баяжмал 72.4 мянган тонн, цайрын баяжмал 12.3 мянган тонныг тус, тус үйлдвэрлэсэн байна. Экспортын хувьд 273.8 мянган тонн зэсийн баяжмал, 575.3 мянган тонн төмрийн хүдрийн баяжмал, 1.7 тонн алт, 1.4 сая тонн нүүрс, 194.9 мянган тонн газрын тос тус, тус экспортолжээ.

Мөн өнгөрсөн хоёрдугаар сард Ашигт малтмалын газар нийт 5.3 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлсэн бол Газрын тосны газар нийт 20.7 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлсэн байна.

УИХ-аас Гацууртын ордыг ашиглах шийдвэр гаргасан. Үүнтэй холбоотойгоор Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг Гацууртын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Сентерра гоулд Монголиа” ХХК-тай Орд ашиглах гэрээний хэлэлцээний эхний шатыг энэ сарын 8-9-ний өдрүүдэд Канад улсын Торонто хотод, хоёр дахь шатны хэлэлцээг энэ сарын 22-25-ний өдрүүдэд Улаанбаатар хотод үргэлжлүүлэн хийсэн байна. Канадын тал орд ашиглах гэрээ, хөрөнгө оруулалтын гэрээ болон орон нутагтай хамтран ажиллах гэрээг нэгэн зэрэг байгуулах сонирхолтойгоо илэрхийлжээ.

Гацууртын ордыг ашиглахтай холбоотойгоор Ноён уул орчмын бүс нутгийн соёлын өвийг хамгаалах сурталчлах “Соёлын өвийг хамгаалах хөтөлбөр”-ийг боловсруулж, компанийн зардлаар санхүүжүүлэх, хэрэгжүүлэх цэвдэгийн судалгааг мэргэжлийн байгууллагаар хийлгэх, гол ундны усанд үзүүлэх нөлөөллийг хянах төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлэх зэрэг арга хэмжээ авагдах аж.

Мэдээллийн дараа агентлагийн дарга нар сэтгүүлчдийн сонирхсон асуултад дараах хариулт өглөө.

-Цөмийн хог хаягдлыг Монголд импортоор оруулж ирэхийг хориглох хуулийн төслийг Засгийн газар УИХ-д өргөн мэдүүллээ. Гэхдээ Ашигласан түлштэй холбоотой конвенцийг УИХ-аар соёрхон баталсан нөхцөлд хууль батлаад ч хүчгүйдэх юм биш үү. Уг конвенцид үүссэн газар нь цөмийн болон цацраг идэвхит хог хаягдал хамаарна гэсэн утгатай заалт байгаа тухай хөндөгдөх боллоо. Мөн конвенцийн орчуулга алдаатай гэх яриа гараад байна. Үүнд тайлбар өгөөч?

-Цөмийн энергийн комиссын нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Г.Манлайжав:

-Иргэний нийгмийн байгууллагуудын зүгээс дээрх конвенцтэй холбоотойгоор “Цөмийн хаягдлыг манайх авах эрх нээгдэх юм биш байгаа” гэсэн асуудлыг тавьсан. Бид зөв тайлбарыг хийж байгаа. Орчуулгыг бас үзээрэй.  Хууль зүйн яам болон Гадаад хэргийн яамны Эрх зүйн газрынхан давхар орчуулсан. Албан ёсны орчуулга гардаг. Орчуулга нэр томъёогоороо явдаг. Агуулга нь тайлбараар явдаг. Мэргэжлийн хувьд Цөмийн энергийн комиссын ажлын алба, мөн Цөмийн энергийн агентлаг байхдаа дээрх конвенцийн орчуулгыг хэд хэдэн удаа хийсэн, хянасан. Агуулгын хувьд алдаа гарахгүй. Нэр томъёон дээр зарим улсууд буруу ойлгож тайлбарлаад байна. Конвенцийн 11, 12 дугаар зүйл заалт дээр цацраг идэвхт хаягдлыг үүсгэсэн улс нь өөрсдөө булшлах үүрэгтэй гэдгийг Монголыг уранаа ирээдүйд экспортоллоо гэхэд хаягдал нь эргэж импортлогдох зүйл дэлхийн аль ч практикт байхгүй. Уран экспортолж байгаа томоохон улсууд, аж ахуйн нэгжүүд байна. Тэдэнд “Та нарын уранаар цөмийн реакторууд ажиллалаа, одоо түлшээ буцааж ав, хаягдлаа буцааж ав” гэдэг эрх зүйн санкц конвенцид байхгүй. Тийм нөхцөл үүсэхгүй.

Засгийн газар өчигдөр шинэ хууль өргөн барилаа. Энэ хуулийн төсөл маань энэ конвенцид нэгдэж орсны дараа гарах Монгол Улсын холбогдох хуулиудад нэмэлт өөрчлөлт орох агуулга нь байгаа юм.  Учир нь цөмийн хаягдал тэр тусмаа аюултай хог хаягдлыг Монгол Улсын хилээр нэвтрүүлэх, булшлахыг хориглосон эрх зүйн акт байгаагүй. Үүнийг энэ хуулиар хориглосон байгаа.

-Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас шатахууны үнэ 100 төгрөгөөр буух боломжтой гэдэг мэдээллийг хийсэн. Үнэ буурах боломж байгаа юу?

Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэн: Нефтийн үнэ тогтворгүй л байгаа. Сүүлийн сар гаруйн хугацаанд үнэ нь нэлээд өслөө. Нэгдүгээр сарын эхээр нефть 27 ам.доллар луу буусан, тэр үеэр нь улстөрчид баахан шаагисан. Үнэ нь өсөхөөр чимээгүй болсон. Хилийн үнэ дөрөвдүгээр сард гадна талдаа тонн тутамдаа 70 ам.доллараар өсч ирж байгаа. Үүнийг бид зохицуулах бүрэн боломжтой гэж харж байгаа. Цаашдаа уул уурхайн салбар эрчимтэй ажлын улирал эхлэхтэй холбоотойгоор өсөлт гарна. Үүнийг ч зохицуулна.

Ер нь нефтийн зах зээлийн үнэ маш өндөр хэлбэлзэлтэй байгаа. 7.5-10 хувийн хэлбэлзэлтэй байна. Ерөнхий чиг хандлага өсөх хандлагатай байна. Өнгөрсөн оны төгсгөлөөр статистик мэдээллүүд гарсан. Хайгуул олборлолтын чиглэлээр хийж байгаа газрын тосны хөрөнгө оруулалтын хэмжээ 27 хувиар буурсан гэж. Он гарсан ч энэ байдал үргэлжилж байна. Энийгээ дагаад нефтийн үнэ өсөх хандлагатай байгаа.

Эх сурвалж: www.news.mn