Шар нунтгийн үнэ: 2019 оны II улирал

Шар нунтгийн үнэ 2019 оны II улиралд харьцангуй тогтвортой байсан бөгөөд нэг фунт нь 25.2 ам.доллар буюу нэг килограмм шар нунтгийн үнэ 55.6 ам.долларын орчим байжээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 10 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

АНУ-ын Ерөнхийлөгч ураны импортод хориг тавихаас татгалзлаа:

АНУ-ын ураны олборлогч дотоодын хоёр компаниас 2018 оны 1 дүгээр сард Худалдааны яаманд хандан ураны импорт нь тус улсын дотоодын уран олборлолтыг уналтад оруулах, үндэсний аюулгүй байдалд сөрөг нөлөөтэй гэж үзэн мөрдөн шалгах ажиллагаа явуулах хүсэлт гаргасан юм. Мөн АНУ-ын ураны хэрэглээний 25 хувийг дотоодын аж ахуйн нэгжээс нийлүүлэх квот тогтоож өгөхийг эрх баригчдаас хүсээд байсан аж.

Ураны импортын хэмжээ нь АНУ-ын үндэсний аюулгүй байдалд хэрхэн нөлөөлж буй талаар тус улсын Худалдааны яамнаас явуулсан мөрдөн шалгах ажиллагааны тайланг энэ оны 04 дүгээр сард Ерөнхийлөгч Трампд хүргүүлсэн байна.

Худалдааны яамны зүгээс ураныг АНУ-ын үндэсний аюулгүй байдалд аюул учруулахуйц нөхцөлд, мөн аюултай хэмжээгээр импортлогдож байна гэж үзсэн боловч Ерөнхийлөгч Трамп 07 дугаар сарын 12-нд “Ураны импортын үндэсний аюулгүй байдалд үзүүлэх нөлөө ба Нэгдсэн улсын цөмийн түлшний ажлын хэсэг байгуулах санамж бичиг”-ийг үзэглэхдээ Худалдааны яамны дүгнэлттэй санал нийлэхгүй байна гэжээ. Тэрбээр “Одоогийн байдлаар би Худалдааны яамнаас гаргасан ураны импорт нь үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлнө гэсэн дүгнэлттэй санал нийлэхгүй байна. Хэдий ийм ч ураны үйл ажиллагаатай холбоотой яамны дүгнэлтэд анхаарах шаардлагатай ноцтой асуудлууд бий гэдэгтэй санал нэг байна. Иймд үндэсний аюулгүй байдлыг хангах үүднээс цөмийн түлшний нийлүүлэлтийн бүхий л шат дамжлагад нарийвчилсан дүн шинжилгээ хийх шаардлагатай гэж үзэж байна” гэжээ. Санамж бичигт дурдсанаар 90 хоногийн хугацаанд дээрх нарийвчилсан дүн шинжилгээг гүйцэтгэж, дотооддоо цөмийн түлш үйлдвэрлэх боломжтой эсэх, энэ нь зайлшгүй шаардлагатай эсэх талаарх санал дүгнэлт гаргах ажлын хэсэг байгуулан үр дүнгээ Ерөнхийлөгчид тайлагнах ажээ.

Ерөнхийлөгч Трамп ямар шийдвэр гаргахаас хамаарч нийлүүлэгч болон худалдан авагч хооронд худалдан авалтын гэрээ хийгдэлгүй, хүлээлтийн байдалтай байсан нь өнгөрсөн 3 сарын хугацаанд шар нунтгийн үнэд мэдэгдэхүйц өөрчлөлт ороогүйн шалтгаан гэж ажиглагчид үзжээ. Ураны импортын хэмжээнд квот тогтоохгүй байх Ерөнхийлөгчийн дээрх шийдвэрт дотоодын уран олборлогч аж ахуйн нэгжүүд сэтгэл хангалуун бус байх магадлалтай бол уран экспортлогч орнуудын хувьд энэ нь маш таатай мэдээ ажээ. Учир нь АНУ ураны томоохон хэрэглэгч бөгөөд Ерөнхийлөгч Трампын зүгээс цөмийн эрчим хүчний салбараа өргөжүүлэх, тэр дундаа цөмийн реакторын дараачийн үеийн технологи хөгжүүлэхээр эрчимтэй арга хэмжээ авч ажиллаж байгаа аж.

Дэлхий дахинд:

Дэлхийн томоохон уран олборлогчид зах зээлийн үнэ өсөхийг хүлээсэн байдалтай байна. Тухайлбал Канад Улсын Камеко корпораци өнгөрсөн онд Wheeler River уурхай, Key Lake боловсруулах үйлдвэрийн үйл ажиллаагааг зогсоосон бол БНКазУ-ын Казатомпром компани 2018 оноос олборлолтоо 20 хувь бууруулаад байгаа юм.

Камеко корпорацийн хувьд Баруун Австралид “Yeelirrie” төслийн байгаль орчны зөвшөөрлийг авсан бөгөөд уг төслийг тус улс дахь бүрэн нээгдээгүй байгаа томоохон ураны ордуудын нэг гэж үздэг. Гэсэн хэдий ч Камеко корпораци зах зээлийн бага үнээс шалтгаалж ордыг ашиглалтад оруулахыг төдийлөн яаравчлахгүй байгаагаа мэдэгдсэн байна.    

Ураны салбарт хөрөнгө оруулах сонирхолтой хөрөнгө оруулагчдын хувьд нэгэн таатай үйл явдал болсон нь энэ оны 05 сард Канад Улсын анхны ураны Биржээр арилжаалагддаг сан (Exchange traded fund) үйл ажиллагаа явуулж  эхэлсэн байна. The Horizons Global Uranium Index гэх биржээр арилжаалагдах сан нь Торонтогийн хөрөнгийн бирж дээр HURA нэрээр нэгж үнэ нь 10.14 ам.доллараар арилжаалагдаж эхэлжээ. Ингэснээр хөрөнгө оруулагчдад 15 тэрбум ам.долларын хэмжээтэй ураны салбарт хөрөнгө оруулах боломж нээгдэх ба уг сан нь өдрөөс өдөрт нэмэгдэж буй цөмийн эрчим хүчний салбар дахь ураны эрэлтээс ашиг олох зорилготой аж.

“Өнөөдөр цөмийн эрчим хүч нь нүүрсхүчлийн хий үл ялгаруулах, цаашид тогтвортой, цорын ганц ашигтай шийдэл бөгөөд одоогоор энэхүү хэрэгцээнд таарсан хангалттай уран олборлож чадахгүй байна. Дээрх хүчин зүйлүүд нь ураны олборлолтын салбарт маш эерэг боломжийг үүсгэж байна” гэж The Horizons Global Uranium Index биржээр арилжаалагдах сангийн багцын менежер Ник Пикард хэлжээ.

Цаашдын чиг хандлага:

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын байгуулсан ажлын хэсгээс гаргах дүгнэлт, санал ураны салбарт чухал нөлөө үзүүлэх төлөвтэй байна.

Хэд хэдэн төрлийн ашигт малтмал, эрдсийн хайгуул, олборлолтын хэмжээг нэмэх шаардлагатай гэсэн Засгийн газрын тайлангийн дараа АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дэд хороо Ерөнхийлөгч асан Обамагийн үед Grand Canyon-д ураны үйл ажиллагааг зогсоох тухай хоригийг сунгах эсэх асуудлыг шийдвэрлэх шаардлагатай болжээ.

Харин ураны хайгуул, олборлолтын үйл ажиллагаа эрхлэгчдийн хувьд спот үнэ өссөнөөр зах зээл сэргэж, хайгуул болон олборлолт явуулах боломжтой болно гэсэн найдлага тээсээр байна.

Эх сурвалж:

1. https://investingnews.com/daily/resource-investing/energy-investing/uranium-investing/u3o8-price-update/

2. http://www.world-nuclear-news.org/Articles/US-President-rejects-uranium-import-restrictions