“Цөмийн төхөөрөмж, цацрагтай холбоотой үйл ажиллагаанаас үүсэх хаягдлын аюулгүй ажиллагааны дүрэм”-ийн төсөл хэлэлцүүлэх тухай

Цөмийн энергийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т “Цөмийн төхөөрөмж, цацрагтай холбогдолтой үйл ажиллагаанаас үүсэх хаягдлын аюулгүй ажиллагааны дүрмийг Засгийн газар батална” гэж заасан.

Монгол Улсад эрүүл мэнд, аж үйлдвэр, хөдөө аж ахуй, зам барилга, судалгаа шинжилгээ, уул уурхайн салбарт цөмийн технологийг өргөнөөр ашиглаж байгаа ба цацрагийн үүсгүүрийн хэрэглээ, нэр төрөл, тоо өсөн нэмэгдсээр байна. Цацраг идэвхт  битүү үүсгүүрийг ихэвчлэн 10-20 жил ашиглаад хаягдлын менежмент хийх шаардлагатай болдог  тул тус үйл ажиллагаанд хүний ​​эрүүл мэнд, хүрээлэн буй орчныг ионжуулагч цацрагийн сөрөг нөлөөллөөс хамгаалах, цацраг идэвхт хаягдлын менежментийн байгууламжийн аюулгүй ажиллагааг хангах шаардлага зүй ёсоор тулгардаг.

Монгол Улсад ашиглагдахгүй болсон цацрагийн үүсгүүрийг төвлөрүүлэн хадгалж, аюулгүй байдлыг хангах шийдвэрийг Сайд нарын зөвлөлөөс 1982 онд гаргаж, ашиглагдахгүй болсон цацрагийн үүсгүүрийг төвлөрүүлэн хадгалах байгууламж 1987 онд ашиглалтад орсон. Цаашид цацраг идэвхт хаягдлын менежментийг боловсронгуй болгох, төвлөрүүлэн хадгалах байгууламжийг өргөтгөх, хадгалалтад хүлээн авах үүсгүүрийн техникийн нөхцлийг тодорхойлж, хүлээн авах хаягдалд тавигдах техникийн шаардлагыг тогтоох, аюулгүй ажиллагааг хангуулах шаардлага зүй ёсоор тавигдаж байна.

Тиймээс “Цөмийн төхөөрөмж, цацрагтай холбоотой үйл ажиллагаанаас үүсэх хаягдлын аюулгүй ажиллагааны дүрэм”-ийн төслийг Цөмийн энергийн тухай хууль, Захиргааны ерөнхий хууль болон холбогдох бусад хууль, тогтоомж, дүрэмд нийцүүлэн Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-аас гаргасан хаягдлын менежментийн дүрэм, стандартад үндэслэн боловсруулсан.

Энэхүү дүрмийг цөмийн төхөөрөмж ажиллуулах, ашиглалтаас гаргах, цацраг идэвхт изотопыг эрүүл мэнд, аж үйлдвэр, геологи, уул уурхай, хөдөө аж ахуй, хяналт шалгалт, судалгаа шинжилгээ, зам барилгын салбарт ашиглах, цацраг идэвхт ашигт малтмал олборлох, боловсруулах, газар нөхөн сэргээх зэрэг үйл ажиллагаанаас үүсэх цацраг идэвхт хаягдалд менежмент хийхэд мөрдөнө. Цацраг идэвхт хаягдлын менежментэд хаягдлын гаралтыг багасгах, ангилах, ялгах, цомсгох, боловсруулах, савлах, тээвэрлэх, хадгалах, булшлах зэрэг бүх шатны үйл ажиллагаа хамаарна.

Дүрмийг баталснаар дараахь чиглэлийн үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагын ашиг сонирхол хөндөгдөнө:

1.  Ашиглагдахгүй болсон цацрагийн үүсгүүрийг төвлөрүүлэн хадгалах байгууллага;

2.  Цацрагийн үүсгүүр ашиглан каротажийн судалгаа хийж буй байгууллагууд;

3.  Туяа эмчилгээ, цөмийн оношзүйн үйл ажиллагаа явуулж буй байгууллагууд;

4.  Цацраг идэвхт ашигт малтмалын хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа явуулж буй байгууллагууд;

5.  Зөөврийн цөмийн хэмжүүр ашиглан үйл ажиллагаа явуулж буй байгууллагууд;

6.  Суурин цөмийн хэмжүүр ашиглаж буй байгууллагууд;

7.  Цацраг идэвхт изотоп ашиглан судалгаа, шинжилгээ хийж буй байгууллагууд.

 

Дүрэм нь дараахь 9 бүлэг болон 4 хавсралтаас бүрдэнэ:

1.    Зорилго /1 заалттай/

2.    Хамрах хүрээ /4 заалттай/

3.    Ерөнхий зүйл /5 заалттай/

4.    Цацраг идэвхт хаягдлын гаралтад хяналт тавих /5 заалттай/

5.    Цацраг идэвхт материалыг ангилж, ялгахад тавигдах шаардлага /4 заалттай/

6.    Цацраг идэвхт хаягдлыг боловсруулахад тавигдах шаардлага /26 заалттай/

7.    Цацраг идэвхт хаягдлыг хадгалахад тавигдах шаардлага /16 заалттай/

8.    Хаягдлын менежментийн байгууламжийг ашиглалтад оруулах /2 заалттай/

9.    Байгууламжийг ашиглалтаас гаргахад тавигдах шаардлага /2 заалттай/

Хавсралт 1. Цацраг идэвхт хатуу хаягдлын менежментийн бүдүүвч

Хавсралт 2. Цацраг идэвхт биологийн хаягдлын менежментийн бүдүүвч

Хавсралт 3. Ашиглагдахгүй болсон цацрагийн үүсгүүрийн менежментийн бүдүүвч

Хавсралт 4. Ашиглалтаас гарсан болон ашиглагдахгүй болсон цацрагийн үүсгүүр болон тэдгээрийн менежментийн арга техникийг тодорхойлох гэсэн агуулгатайгаар боловсруулсан.

 

“Цөмийн төхөөрөмж, цацрагтай холбоотой үйл ажиллагаанаас үүсэх хаягдлын аюулгүй ажиллагааны дүрэм”-ийн төсөлтэй танилцаж, саналаа 2021-оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн дотор office@nea.gov.mn цахим хаягаар ирүүлнэ үү.

 

Дүрмийн төслийг линкээр татан авна уу: https://drive.google.com/file/d/1GVS2dlTogvMueyFKJ4baFOcVqfSLJACJ/view

 

ЦӨМИЙН ЭНЕРГИЙН КОМИССЫН АЖЛЫН АЛБА