ОУАЭА-аас хавдрын эмчилгээнд ашиглагддаг шугаман хурдасгуурт тун хэмжүүрийн аудитын үйлчилгээ үзүүлнэ.

Дэлхий даяар хавдраар өвчлөгчдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж, хавдрын эмчилгээ хийдэг эмнэлгүүдийн ачаалал ихэсч байгаатай холбогдуулан Олон Улсын Атомын Энергийн Агентлаг (ОУАЭА) болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) -аас энэ төрлийн үйл ажиллагаа явуулдаг төвүүдийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор тоног төхөөрөмжийн үйл ажиллагаанд үнэлгээ, хяналт хийх үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэхээр болжээ. Үйлчилгээ авахыг хүссэн эмнэлгийн байгууллагатай хавдрын эмчилгээний тоног төхөөрөмжийн олон улсын мэргэжилтнүүд цахимаар холбогдож аюулгүй байдлын хяналтыг хийж, үйл ажиллагааг үнэлснээр цаашид сайжруулах техник, арга зүйн зөвлөгөө өгөх юм.

ОУАЭА, ДЭМБ-ын хамтарсан аудитын үйлчилгээ 1969 онд эхэлсэн цагаасаа хойш хавдрын оношилгоо, эмчилгээнд ашиглагддаг гамма цацраг бүхий төхөөрөмжийн хяналтын үйлчилгээг голчлон үзүүлж ирсэн. Сүүлийн жилүүдэд хавдрын туяа эмчилгээний салбар үсрэнгүй хөгжиж, улс орнууд шинэ технологийг нэвтрүүлэх болсноор гамма, электрон цацрагийг хослуулан ашигладаг шугаман хурдасгуур буюу Линакс төхөөрөмжийн хэрэглээ тасралтгүй нэмэгдэж байна.

Тухайлбал, 2010 оноос хойш шинээр ашиглалтад орсон хавдрын эмчилгээний төхөөрөмжүүдийн талаас илүү хувь нь электрон цацраг ашигладаг төхөөрөмжүүд байгаа талаар статистик дүн гарчээ. Электрон цацраг нь хавдрын мэс ажилбарын дараа арьсыг нөхөн сэргээх, хавдрын гадаргуутай ойр байрласан үсэрхийлж болзошгүй анатомын хэсгүүдийг эмчлэх зэргээр ашиглагддаг.

Энэхүү хяналт нь эмчилгээний явцад өвчтөнд цацрагийн зохист тунг өгч байгаа эсэхийг баталгаажуулан туяа эмчилгээний чанарын үнэлгээг хийж, гэрчилгээ олгодог. Тоног төхөөрөмжийн тохируулгын алдааны улмаас эмчилгээний тун ихэдвэл хавдрын орчим дахь эрүүл эд эрхтнийг гэмтээх аюултай, багадвал хавдрын эсийг устгаж чадахгүй, эмчилгээ үр дүнгүй болдог.

Хавдрын эмчилгээний тоног төхөөрөмжийн шалгалт тохируулгыг баталгаажуулах нь чанарын үнэлгээний гол үзүүлэлт болохын сацуу эмнэлэгүүд хавдрын эмчилгээний эрхээ баталгаажуулах сайхан боломж юм. Цаашлаад өвчтөнүүдэд хавдрын туяа эмчилгээний нарийвчлалд итгэх итгэлийг баталгаажуулах болно гэж үзэж байгаагаа ОУАЭА мэдэгдсэн байна.

Олон улсын мэргэжилтнүүд шалгалт тохируулга хийхдээ тусгай дозиметрийг илгээх бөгөөд тухайн эмнэлгийн хавдрын эмчилгээний төхөөрөмжид тунгийн ялгаатай олон утга оруулж, үүсгэх цацрагийг бүртгэж авна. Төхөөрөмжийн үүсгэсэн цацрагийн тунг нэг бүрчлэн бүртгэсэн дозиметрийг мэргэжилтнүүд буцаан хүлээн авч төхөөрөмжид өгсөн утгатай таарч байгаа эсэхийг тулгана. Ингэж төхөөрөмжийн алдааг хянаж, хүлээн зөвшөөрөх алдааны мужаас давсан хазайлт ажиглагдвал залруулах арга хэмжээний зааварчилгаа өгч, залруулга хийгдсэний дараа дахин хяналтын хэмжилт хийдэг.

Уг үйлчилгээг нэвтрүүлэхийн тулд ОУАЭА хавдрын туяа эмчилгээний тоног төхөөрөмж үйлдвэрлэгч байгууллагуудтай хамтран ажиллаж, хамгийн зардал багатай, хялбар байдлаар, нарийвчлал өндөртэй тусгай дозиметр байрлуулан баталгаат шалгалт тохируулга хийх аргачлал боловсруулжээ.

Үйлчилгээний туршилтыг 10 улсын 11 байгууллагатай харьцуулсан шинжилгээ хийж баталгаажуулсан байна.ОУАЭА-аас энэхүү мэргэжил, арга зүйн зөвлөгөө бүхий хяналтын цахим үйлчилгээ нь хавдрын оношилгоо, эмчилгээг эмнэлгийн байгууллагуудад аюулгүй, үр дүнтэй үйлчилгээ явуулахад нь дэмжлэг болно гэж итгэж байгаагаа илэрхийлээд үйлчилгээнд хамрагдах хүсэлт гаргахыг гишүүн орнууддаа уриалсан байна. Эх сурвалж: https://www.iaea.org/newscenter/news/new-dosimetry-audit-service-for-linacs-used-in-radiotherapy