ЦШНИ-ИЙН БҮРЭН ЭРХТ ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХОРОО МЭДЭГДЭЛ ГАРГАВ.

Дубна хот дахь Цөмийн Шинжилгээний Нэгдсэн Институтийн Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгчдийн хорооны ээлжилт бус чуулган 2022 оны 3-р сарын 17, 21-ний өдрүүдэд болов.

Чуулганаас ЦШНИ нь нэгдмэл байдлаа хадгалж, материйн нууцыг танин мэдэх үйл ажиллагаагаа зөвхөн энх тайвны зорилгоор, хүн төрөлхтний сайн сайхны төлөө зориулах эрхэм зрилгодоо тууштай байж, олон улсын хамтын ажиллагаа цаашид тогтвортой үргэлжлүүлэхээ мэдэгдсэн байна.

Албан бус орчуулга

Цөмийн Шинжилгээний Нэгдсэн Институтийн нэгдмэл байдал, шинжлэх ухааны эрхэм зорилго, олон улсын түншлэлийг энхтайван орчинд хадгалах тухай тус институтийн гишүүн орнуудын Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгчдийн хорооны мэдэгдэл

Цөмийн Шинжилгээний Нэгдсэн Институт (ЦШНИ)-ийн нэгдмэл байдлыг хадгалан хамтын хүчин чармайлтаар, тус институтийн гишүүн орнуудын Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгчид бид Украинд хүний амь эрсдэж, олон улсын аюулгүй байдлын чухал сорилт болж буй өргөн хүрээг хамарсан эмгэнэлт үр дагавар бүхий өнөөгийн үйл явдалд гүнээ харамсаж, санаа зовниж буйгаа илэрхийлж байна. Иймд энэхүү онцгой нөхцөл байдлыг яриа хэлэлцээр, дипломат арга замаар яаралтай шийдвэрлэх, шуурхай нэгдсэн арга хэмжээ авах, энхтайван тогтоохыг бид уриалж байна.

Шинжлэх ухаанд хязгаар гэж үгүй. ЦШНИ-ийн нэгдмэл, тогтвортой байдлыг хадгалахын тулд Институтийн бүх гишүүн орнуудыг санал нэгтэйгээр хамтын хүчээ нэгтгэхийг уриалж байна. Шинжлэх ухааныг энх тайвны зорилгоор эрэлхийлэх ЦШНИ-ийн эрхэм зорилгыг бэхжүүлэх, нийт хүн төрөлхтний сайн сайхны төлөө чиглэсэн Институтийн судалгаа шинжилгээ, боловсролын үйл ажиллагаанд үзүүлж буй дэмжлэгийг үргэлжлүүлэх нь урьд өмнөхөөс ч илүү нэн тэргүүнд тавигдаж байна.

ЦШНИ-ийн Бүрэн эрхт төлөөлөгчдийн хорооны гишүүд 2022 оны 03 дугаар сарын 17-21-ны өдрүүдэд ээлжит бус хурал хийж, дараах зүйлсийг мэдэгдэж байна:

1. Бид Институтийн дүрмийг чанд дагаж мөрдөхөө дахин баталж, хамтын бүх нөөц бололцоогоо зөвхөн энх тайвны зорилгоор хүн төрөлхтний тусын тулд дайчлан ашиглахаа дахин нотолж байна. ЦШНИ нь материйн суурь хуулийг судлах үндсэн зорилгоо хэрэгжүүлэхийн зэрэгцээ гишүүн орнууд болон түншлэгч улсууддаа шинжлэх ухааны хамтын ажиллагаа, харилцан өв соёлыг дэлгэрүүлэх таатай орчинг бүрдүүлж тогтвортой байдлаа ханган ажиллаж байна.

2. Бид институтийн нэгдмэл байдлыг хадгалах, олон улсын засгийн газар хоорондын судалгаа шинжилгээний байгууллагын хувьд ЦШНИ-ийг шинжлэх ухааны олон талт харилцаа, хамтын ажиллагаанд үнэ цэнэтэй талбар болж цаашид хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх амлалтаа дахин илэрхийлж байна. ЦШНИ нь өөрийн дүрэмд заасны дагуу болон 2021 оны 11 дүгээр сард Болгар улсад баталсан шинжлэх ухаан, технологийн олон улсын интеграцийн үнэ цэнийн тухай Бүрэн эрхт төлөөлөгчдийн хорооны Софийн тунхаглалтай нийцсэн хүн төрөлхтний өмнө тулгарч буй дэлхий нийтийн сорилтуудыг шийдвэрлэх шинжлэх ухааны өвөрмөц гүүр хэвээр байх ёстой.

3. Олон улсын судалгаа шинжилгээний байгууллагууд, ялангуяа Европын Цөмийн Судалгааны байгууллагатай нягт хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх нь ЦШНИ-ийн хувьд ихээхэн ач холбогдолтойг онцолж байна. Сүүлийн 65 жилийн хугацаанд энх тайван, тогтвортой байдлыг бэхжүүлэхийн төлөө тууштай байр сууриа нотолсон эгэл бөөмийн болон цөмийн физикийн салбар дахь олон улсын хоёр том судалгааны байгууллагын онцгой үүрэг, эрхэм зорилгыг бид онцлон тэмдэглэж байна.