Уран үйлдвэрлэгчид АНУ-ын Ерөнхийлөгчийн шийдвэрийг хүлээж байна

АНУ-ын Худалдааны яам нь ураны импортоос тус улсын үндэсний аюулгүй байдалд үзүүлэх нөлөөллийн талаар явуулсан мөрдөн шалгах ажиллагааны тайланг 2019 оны 04 дүгээр сарын 15-нд Цагаан ордонд хүргүүлжээ.

Тус улсын Ерөнхийлөгч Доналд Трамп 90 хоногийн хугацаанд Худалдааны яамнаас гаргасан дүгнэлт, зөвлөмжийг хүлээн авах эсэх талаар шийдвэр гаргах юм. Худалдааны яамны тайланг одоогоор олон нийтэд дэлгээгүй байгаа аж.

АНУ-ын уран олборлогч дотоодын “Ur-Energy”, “Energy Fuels” компаниуд Худалдааг өргөжүүлэх тухай 1962 оны хуулийн 232 дугаар зүйлийг үндэслэн мөрдөн шалгах ажиллагаа явуулах хүсэлтийг 2018 оны 01 дүгээр сард гаргасан юм. Хүсэлтэд дурдсанаар дотоодын уран олборлолтын салбарын нөөц боломжийг ашиглахгүй байснаар эрчим хүч, эдийн засаг болон үндэсний аюулгүй байдалд ноцтой хор хохирол учруулж болзошгүй бөгөөд цөмийн түлшний циклийн хараат бус, тогтвортой байдлыг алдагдуулах болно гэжээ. Үүнээс сэргийлэхийн тулд АНУ-д импортолж буй ураны хэмжээг хязгаарлах, тухайлбал: нийт хэрэгцээний 25 хувийг дотоодын зах зээлээс худалдан авах, холбооны байгууллагууд бараа материал худалдан авахдаа “Америкын бараа авах” бодлогыг баримтлах зэрэг арга хэмжээг авах шаардлагатай гэж хүсэлт гаргагчид үзжээ.

 “Ur-Energy”, “Energy Fuels” компанийн хийсэн мэдэгдэлд “Бид Худалдааны яамны тайланг хараахан олж хараагүй байна. Тайлан хэдийгээр нууцлалтай байгаа ч, бидний зүгээс баримтууд тодорхой гэдэгт итгэж байна. ... Гадаадын төрийн өмчийн оролцоотой компаниудын импортын бүтээгдэхүүний нийлүүлэлтээс шалтгаалж тэгш бус өрсөлдөөн бий болж буй нь нэгэн цагт хүчирхэг байсан америкийн уран олборлолтын салбарыг уналтад оруулж байна” хэмээжээ.

Peninsula Energy компанийн Гүйцэтгэх захирал Уэйн Хэйли хэлэхдээ “232 дугаар зүйлд холбогдох мөрдөн шалгах ажиллагааны үр дүн гарчихлаа, одоо ерөнхийлөгчийн гаргах шийдвэрээс хамаарч зах зээлийн чиг хандлагыг тодорхойлох боломжтой болно. Манай компанийн хувьд Вайоминг муж дахь Лэнс төслийн эдийн засгийн үр ашиг, олборлолтын чадамжийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна” гэжээ.

Намиби Улс дахь ураны томоохон төсөл болох Этанго төслийг хэрэгжүүлж буй Австралийн Bannerman Resources Limited компанийн мэдэгдэлд “Ad Hoc Utilities Group-ийн зүгээс ухуулга сурталчилгаа сайн хийсний дүнд эрх баригчдаас ямар нэг арга хэмжээ авахгүй байх шийдвэрт хүрч болох бөгөөд түүнээс гадна олон үр дагаварууд бий болохоор харагдаж байна” гэж дурджээ.

Ad Hoc Utilities Group нь АНУ-ын цөмийн эрчим хүч үйлдвэрлэгчдийн нэгдэл бөгөөд ураны импортод хориг тавих, үнийн тариф тогтоох зэрэг арга хэмжээ авахгүй байхыг Худалдааны яаманд уриалсан байна. Тус группын зүгээс “Дотоодын 25 хувийн квот тогтоох нь нийт уул уурхайн салбарын 400 ажлын байртай харьцуулахад 100,000 шууд ажлын байр, 475,000 шууд бус ажлын байрыг бий болгодог цөмийн эрчим хүчний салбарт жилдээ 500-800 сая ам.долларын нэмэлт зардал үүсгэх бөгөөд эдийн засгийн хүндрэлтэй байгаа энэ салбарт улам дарамт болох юм” гэж энэ оны 4 сард мэдэгдэж байжээ. Мөн квот тогтоосны дүнд АНУ-ын ураны нөөцийг хомсдож, улмаар нөөц барагдах, үндэсний аюулгүй байдалд асуудал үүсгэнэ гэжээ.

Харин Блүүмберг агентлагийн мэдээлснээр АНУ-ын Эрчим хүчний сайд асан Эрнест Монизийн мэдэгдэлд уран зэрэг их хэмжээгээр хадгалах боломжтой түүхий эд нь үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц биш тухай дурдсан бөгөөд тэрээр “Би хэзээ ч ураныг үндэсний аюулгүй байдлын гол асуудал гэж боддоггүй" хэмээн нэмж хэлжээ.

АНУ-ын Эрчим хүчний мэдээллийн албаны мэдээгээр 2017 онд АНУ-ын цөмийн эрчим хүчний станцын хэрэгцээнд 16.5 мянган тонн ураны худалдан авсны 7 хувь нь дотоодын бүтээгдэхүүн байжээ. Дэлхийн цөмийн нийгэмлэгийн мэдээллээр 2018 онд АНУ-д 564 тонн уран олборлосон нь 2004 оноос хойшхи хамгийн доод түвшинд хүрсэн үзүүлэлт бөгөөд 25 хувийг квот тогтоовол энэхүү дотоодын олборлолтын хэмжээ ихээхэн өсгөх шаардлагтай болох юм.

Эх сурвалж: https://www.world-nuclear-news.org/Articles/Uranium-producers-await-US-presidential-decision

Газрын зураг

Бидэнтэй нэгдээрэй