“Фукушимагаас Зүүнбаян хүртэл” гамшгаас хамгаалах, эрүүл мэндийг дэмжих олон улсын хамтарсан судалгааны ажлыг хийж гүйцэтгэсэн байна

Цацрагийн өндөр шарлага нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг. 2011 онд тохиолдсон цөмийн цахилгаан станцын ослоос хойш 9 жилийн хугацаа өнгөрсөн хэдий ч Фукушима хотын хүн амын дунд сэтгэл түгших, сэтгэл зовних зэрэг сэтгэл зүйн асуудал тулгарсаар байна.

Иймд Фукушима хотын хүн ам, олон нийтээс сурсан сургамжийг харгалзан Япон, Монголын хамтарсан судалгааны баг ураны ордын ойролцоо орших Дорноговь аймгийн Сайншанд сумын Зүүнбаян багт цацрагийн эрсдэл болон эрүүл мэндийн нөлөөллийн судалгаа хийж, цацрагийн ослын бэлэн байдлыг бэхжүүлэн эрүүл мэндийг дэмжих олон нийтийн хөтөлбөрийг хэрэгжүүлсэн юм. 2017 оноос хэрэгжиж эхэлсэн уг хөтөлбөр нь цацрагийн эрсдлийг тогтоох, эрүүл мэндийн нөлөөллийг судлах, олон нийтийн оролцоо, боловсрол, мэдээлэл түгээх, олон нийтийн бэлэн байдлын чадавхийг нэмэгдүүлэх зорилготой байв.

Судалгаанд Япон улсын Фукушима хотын Фукушимагийн анагаах ухааны их сургуулийн эрдэмтэн судлаачид, Монгол Улсаас Дорноговь аймгийн Эрүүл мэндийн газар, Ус, цаг уур, орчны шинжилгээний алба болон Цөмийн энергийн комиссын Ажлын алба, ЭМЯ-ны харьяа Эрүүл мэндийн үндэсний төвийн холбогдох мэргэжилтнүүд оролцсон байна.

Хоёр жилийн хугацаанд хийсэн мониторингийн судалгааг нийт 3 үе шаттайгаар хэрэгжүүлсэн. Энэхүү олон улсын хамтын ажиллагаа нь гамшгаас авсан сургамжийг бусад улс оронд хэрэгжүүлж, нийтийн зан төлөв, хандлагыг эрүүл мэнд, гамшиг, ослын бэлэн байдлын мэдлэгэд шилжүүлж болохыг харуулсан юм.

Судалгааны эхний үе шатыг 2017 оны 7-9 дүгээр сарын хооронд нийт 4 арга хэмжээний хүрээнд хэрэгжүүлсэн байна. Үүнд:

а. Эрүүл мэндийн ерөнхий үзлэг

Судалгаанд нийт 300 том хүн, 272 хүүхдийг эрүүл мэндийн ерөнхий үзлэгт хамруулсан бөгөөд үүнээс хүйсийн харьцаа 300 том хүний 110 эрэгтэй, 190 эмэгтэй, 272 хүүхдийн 145 эрэгтэй, 127 эмэгтэй байсан. Мөн насанд хүрэгчдээс хүний бие, эрүүл мэндэд үзүүлэх цацрагийн сөрөг нөлөө, цацрагийн талаарх ойлголт, мэдлэгийг үнэлэх асуумжийг авсан.  

б. Хөрсний цацрагийн судалгаа

Фукушима их сургуулийн судлаач нар ЦЭК-ын Ажлын албаны мэргэжилтний хамт Дорноговь аймгийн Улаанбадрах сум, ураны уурхай орчим, зарим цэгүүдэд NaI(Tl) сцинтилляцийн спектрометрийн судалгааг хийсэн.

Зураг 1. ATOMTEX AT6101C зөөврийн цацраг хэмжигч багажаар хэмжсэн хэмжилтийн үр дүн

в. Олон нийтийн тайлангийн хурал

Судалгааны багаас олон нийтийн тайлангийн хурлыг эрүүл мэндийн ерөнхий үзлэгийн үр дүнг мэдээлэх ажлын хамт 2017 оны 09 дүгээр сард зохион байгуулсан. Судалгааны нэгтгэсэн үр дүнгээс харахад хүүхэд болон том хүний шээсний шинжилгээнд билирубин өндөр хувьтай буюу 45-65%-тай илэрсэн. Мөн цусан дахь глюкозийн хэмжээ нийт эмэгтэйчүүдийн 40%, эрэгтэйчүүдийн 28.2%-д хэвийн хэмжээ буюу 4.11-5.89 ммоль/л-ээс өндөр, цусан дахь бага нягттай липопротейны холестерол (LDL /хэвийн хэмжээ 3 ммольл-ээс бага байна/)эмэгтэйчүүдийн 66.4%, эрэгтэйчүүдийн 42.7%-д өндөр хэмжээтэй гарсан. Нийт хүүхдүүдийн 30%-д хэт таргалалт Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан стандартаас өндөр гарсан. Судалгаанд оролцсон 180 эмэгтэйчүүдийн 137 (76.1%), 107 эрэгтэйчүүдийн 79 (73.8%) нь өвдсөн, гэмтсэн тохиолдолд эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлж байснаас өөрөөр өмнө нь ямар нэг эрүүл мэндийн үзлэг, судалгаанд хамрагдаж байгаагүй гэж мэдэгдсэн байна.

г. Цацрагийн хэмжилтийн хувийн багаж төхөөрөмж 

Судалгааны багийн зүгээс цацраг хэмжих хувийн дозиметрийн багажийг олон нийтэд танилцуулж, 3 дозиметрийг нутгийн иргэд (2 малчин айл, 1 багийн төвийн айл)-д хүлээлгэн өгч, сар бүр цацрагийн хэмжилтийг бие даан гүйцэтгэж, үр дүнг тэмдэглэж авч байхыг зөвлөсөн.  

Мониторингийн судалгаа: II-р үе шат

Хөрсний цацрагийн судалгаа

Хөрсний цацрагийн судалгааг 2019 оны 7 дугаар сард хэрэгжүүлсэн. Хэмжилтээр Зүүнбаян багт 0.048-0.082 мкГр/ц, Дулаан-Уулын туршилтын олборлолтын шаврын цэгийн хашаалсан цэгийн орчим 0.061-0.45 мкГр/ц гарсан. Энэ нь дэлхийн бусад улс орны дундаж үзүүлэлтэй оройлцоо байгаа юм. Туршилтын олборлолтын шаврын цэгийн хашаалсан цэгийн орчим хөрснөөс дэгдэх цацрагийн хэмжээ бусад цэгээс бага зэрэг их байгаа нь хөрсөн дэх байгалийн цацраг идэвхт элементийн агуулгатай холбоотой. Үүнтэй холбоотойгоор тус хашаалсан бүс нутагт зорчихгүй байхыг зөвлөмж болгосон байна.  

Цацрагийн дохиоллын систем

Судалгааны багийн зүгээс аливаа цацрагийн түвшин ихэссэн тохиолдолд эрт мэдээлэх дохиоллын систем буюу Япон улсад үйлдвэрлэсэн халаасны хэмжээтэй 24 цагийн хэмжилтийн төхөөрөмжийг 2019 оны 03 сард Зүүнбаян багийн иргэдэд танилцуулсан бөгөөд тус төхөөрөмжийг сумын төвийн 1 айлд хариуцуулж, цацрагийн түвшин ихэссэн тохиолдолд сумын эмнэлэг, холбогдох засаг захиргааны байгууллагад мэдээлэх үүрэг олгосон.

Мониторингийн судалгаа

Судалгаанд хамрагдсан нийт 227 иргэдээс 2017 болон 2019 онд тус тус цацрагийн шарлагын талаарх ойлголт, хүний эрүүл мэндэд нөлөөлөх нөлөөллийн талаарх асуумжийг авсан.

Дээрх хүснэгтээс энэхүү хамтарсан судалгаа хэрэгжиж эхэлснээс 2 жилийн хугацаанд Зүүнбаян багийн иргэдийн дунд цацрагийн талаар ойлголт хэрхэн сайжирч, цацрагийг хүний эрүүл мэндэд хортой, аюултай гэж үзэх хүмүүсийн тоо, хандлага хэрхэн буурсныг харж болно.

Мониторингийн судалгаа: III-р үе шат

Судалгаа амжилттай болоход нөлөөлсөн хүчин зүйлс

1.   Олон нийтийн сонирхол, идэвхтэй байдал

2.   Орон нутгийн чиглүүлэгч, албаны ажилтнуудын хичээл зүтгэл

3.   Хэвлэмэл материал тараах, нийтийн бичиг үсэг тайлагдсан байдал

4.   Эмнэлгийн ажилтнууд, эмч, сувилагч, сайн дурынхны хүчин чармайлт, өрх гэрээр тогтмол, системтэй зочилсон байдал

Судалгааны үр дүнгээс үзэхэд эрүүл мэндийн ерөнхий үзлэг, эрүүл мэнддээ анхаарах талаар олон нийтийг идэвхжүүлж ажилласан нь энэхүү мониторингийн судалгааны үр дүнг амжилттай болгосон байна. Энэ төрлийн судалгаагаар анх удаа багийн иргэдийн дөрөвний гуравыг (3/4) эрүүл мэндийн үзлэгт хамруулсан. Судалгааны үр дүнгээр Дорноговь аймгийн Сайншанд сумын Зүүнбаян багийн иргэд (ураны уурхайд ойролцоо орших)-д цацрагаас хүний бие, эрүүл мэндэд нөлөөлөх аливаа сөрөг нөлөөлөл тогтоогдоогүй бөгөөд иргэд (хүүхэд, том хүн)-ийн дунд нийтлэг тохиолдох эрүүл мэндийн асуудалд шээсний шинжилгээнээс илэрсэн билирубин, цусан дахь сахарын хэмжээ, эмэгтэйчүүд, хүүхдүүдийн дунд жин ихдэлт, таргалалт өндөр хувьтай гэж дүгнэгдсэн байна.   

Дүгнэлт

Тус хөтөлбөр, судалгааны үр дүнд Япон улсын эрдэмтэн судлаач нар бүлэг иргэд (сум, багийн иргэд, жижиг нийгэмлэг)-ийн хүрээнд, аливаа цацрагийн шарлагад өртөх, ослын бэлэн байдлын үед бэлтгэлтэй байх талаар олон нийтэд сургаж, цацрагийн хэмжилтийн багаж төхөөрөмжийг ашиглах заавар, зөвлөмжийг танилцуулсан. Энэ нь дан ганц цацрагийн ослын үед гэлтгүй бусад байгалийн гамшгийн үед бүх нийтийн бэлэн байдлыг хангуулж, хариу арга хэмжээ авахад ард иргэдийг бэлтгэлтэй байлгахад давхар суралцуулсан юм.

Энэхүү Япон, Монголын хамтарсан багын судалгааны ажлын өгүүлэл, дэлгэрэнгүй тайлан мэдээг Кембриджийн их сургуулийн хэвлэл, нийтлэлийн цахим хуудсанд байршуулсныг дараах холбоосоор орж үзэх боломжтой.

https://www.cambridge.org/core/journals/disaster-medicine-and-public-health-preparedness/article/global-collaboration-for-communitybased-disaster-preparation-and-health-promotion-fukushima-to-zuunbayan-in mongolia/DC56D7986E4880C62D0E0EA636829E80#

Газрын зураг

Бидэнтэй нэгдээрэй