Дэлхийн топ 10 ураны уурхай

2019 оны байдлаар дэлхийн хэмжээнд нийт 53,656 тонн уран олборлосон бөгөөд Казахстан улс 22,808 тонн олборлож тэргүүлсэн (нийт олборлолтын 42%) бол Канад (13%), Австрали (12%) улсууд удаалжээ. Эдгээр 3 улс нийт олборлосон ураны 2/3-ийг бүрдүүлжээ.

Хэдийгээр эдгээр 3 улсад томоохон уурхайнуудын олонхи нь байдаг боловч бүгд биш юм. Дэлхийн топ 10 ураны уурхай хаана оршдог, ямар компани олборлолт явуулдаг талаарх мэдээллийг хүргэе.

1. “Сигар Лайк” – 2019 онд 6,924 тонн олборлосон.

Канад Улсын Хойд Саскатчеван мужид орших энэхүү уурхай нь хамгийн өндөр ураны агууламжтай (дунджаар 14.69%) гэдгээрээ онцлог юм.

Уг уурхайн 50 хувийг Канадын Камеко корпораци эзэмшин олборлолтын үйл ажиллагаа явуулдаг бөгөөд гүний уурхайгаас олборлосон хүдрийг 70км-т орших Орано группын үйл ажиллагаа явуулдаг Мак Клийн Лайк боловсруулах үйлдвэрт боловсруулдаг. 2020 оны 03 дугаар сард коронавирусын дэгдэлтийн улмаас Сигар Лайк уурхай болон Мак Клийн Лайк боловсруулах үйлдвэр түр зогссон ба Камеко корпорациас уурхайн үйл ажиллагааг 09 дүгээр сард эхлүүлэх тухай 07 дугаар сард мэдэгдээд байсан болов ч боловсруулах үйлдвэрийн ажилтнаас Ковид-19 вирус илэрсэн тул ажиллах хугацааг дахин хойшлуулсан байна.

Сигар Лайк уурхай нь 2014 онд ашиглалтад орж 2015 оноос бүтээгдэхүүн гаргаж эхэлсэн. 2019 оны байдлаар дэлхийн хэмжээнд нийт олборлосон ураны 13%-ийг уг уурхайгаас гаргажээ. Уурхайн 50%-ийг Камеко, 37.1%-ийг Орона групп, 7.875%-ийг Канадын ураны хайгуулын Идэмицу, 5%-ийг ТЭПКО Ресурс компаниуд тус тус эзэмшдэг байна.

2. Хусаб – 2019 онд 3,400 тонн олборлосон

Намиби Улсад орших Хусаб ил уурхайг 2008 онд анх нээн илрүүлсэн бөгөөд 2016 оны 12 сараас анхны шар нунтгаа экспортод гаргаж эхэлжээ. 2019 оны байдлаар дэлхий хэмжээнд нийт олборлосон ураны 6%-ийг уг ил уурхайгаас олборложээ.

Уурхайд БНХАУ, Намиби Улсын хамтарсан Свакоп Ураниум компани үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тус компанийн 10%-ийг Намибийн төрийн өмчит Эпанжело Майнинг компани, үлдэх 90%-ийг Хятадын нийтийн цөмийн эрчим хүчний групп болон Хятад Африкийн хөгжлийн сан эзэмшдэг байна.

Намибийн ураны нийгэмлэгийн мэдээлснээр Хусаб уурхай нь Африк дахь цорийн ганц хамгийн том хөрөнгө оруулалт гэжээ.

3. Олимпик дам – 2019 онд 3,364 тонн олборлосон

Би Эйч Пи (BHB) компанийн эзэмшдэг Олимпик дам уурхай нь зэсээс гадна уран, алт, мөнгө олборлодог. Уурхай нь далд болон ил уурхайгаас олборлолт явуулдаг бөгөөд 1988 онд ашиглалтад орсон бүрэн хэмжээний боловсруулах байгууламжтай юм.

Австрали Улсад дэлхийн ураны нөөцийн 30% нь оршдог бөгөөд  2019 оны байдлаар дэлхийн хэмжээнд олборлосон ураны 6%-ийг Олимпик дам уурхайгаас олборлосон байна.

4. Мойнджум ба Торткудук – 2019 онд 3,252 тонн олборлосон

Казахстан Улсад орших Мойнджум ба Торткудук уурхайд Казатомпром, Орано группын хамтарсан КАТКО компани үйл ажиллагаа явуулдаг. Хамтарсан компанийн 51%-ийг Орано групп, 49%-ийг Казатомпром компани эзэмшдэг бөгөөд Казатомпром компани нь казахстаны төрийн өмчит компани ба уран олборлолтоороо дэлхийд тэргүүлж байна. 2019 оны байдлаар дээрх уурхайнууд нь дэлхийн нийт олборлосон ураны 6%-ийг бүрдүүлжээ.

5. Инкай, 1 ба 3-р сайт – 2019 онд 3,209 тонн олборлосон

Камеко, Казатомпром компанийн хамтаран (40%, 60%) үйл ажиллагаа явуулдаг Инкай уурхай нь 2019 оны байдлаар дэлхийн ураны олборлолтын 6%-ийг бүрдүүлж байгаа ба газрын дор уусган олборлох аргыг ашигладаг.

Казатомпром компаниас 04 дүгээр сард хийсэн мэдээллээр ураны уурхайнууд дахь ажилчдын тоог цөөлж, үйл ажиллгаагаа бууруулж байгаагаа мэдэгдсэн. 08 дугаар сараас эхлэн хэвийн үйл ажиллагаандаа орсон боловч 2022 он гэхэд олборлолтын хэмжээ 20% буурна гэж тус компаниас мэдээлсэн байна.

6. Буденовский 2 – 2019 онд 2,600 тонн олборлосон

Казахстан Улсад орших Каратау уурхайн Буденовский 2 хэсэгт Казатомпром, ОХУ-ын Ураниум Уан (Uranium One) компанийн хамтарсан компани газрын дор уусган олборлох аргаар үйл ажиллагаа явуулдаг. 2019 оны байдлаар дэлхийн уран олборлолтын 5%-ийг уг уурхайгаас олборлосон.

Ураниум Уан компани нь ОХУ-ын атомын энергийн “Росатом” улсын корпорацийн олон улс дахь ураны төслүүдийг хариуцдаг.

7. Российнг – 2019 онд 2,076 тонн олборлосон

Намиби Улс дахь Российнг ил уурхай нь 1976 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд тус улс дахь анхны ураны уурхай юм. 2019 онд дэлхийн хэмжээнд олборлосон ураны 4%-ийг тус уурхайгаас гаргажээ.

Рио Тинто компани дээрх уурхайд ураны олборлолтын эхлүүлсэн бөгөөд 2019 онд өөрийн эзэмшлийн хувийг Хятадын үндэсний ураны корпорацид худалдсан байна. Российнг уурхайн 68.62%-ийн Хятадын үндэсний цөмийн корпораци, 3%-ийг Намибийн Засгийн газар, 15%-ийг Ираны гадаад хөрөнгө оруулалтын компани, 10%-ийг Өмнөд Африкийн аж үйлдвэрийн хөгжлийн корпораци үлдэх хувийг бусад аж ахуйн нэгжүүд эзэмшдэг байна.

8. СОМАЙР – 2019 онд 1,912 тонн уран

Нигер Улсад орших уг уурхай 1971 оноос олборлолт явуулж эхэлсэн ба 63.4%-ийг Орано групп, 36.66%-ийг Нигергийн Засгийн газрын харьяа Сопамин компани эзэмшдэг. 2019 оны байдлаар дэлхийн ураны олборлолтын 4%-ийг бүрдүүлж байна.

Нигер Улсад мөн Орано группын хөрөнгө оруулалттай Коминак уурхай байдаг бөгөөд зах зээлийн нөхцөл байдал сайжрах үед 3 дахь уурхайг ашиглалтад оруулах боломжтой аж.

9. Төв Мынкудук – 2019 онд 1,964 тонн уран

Казахстан Улс дахь Төв Мынкудук уурхайгаас 2019 онд дэлхийн нийт олборлосон ураны 3%-ийг гаргасан бөгөөд уг уурхайгаас дэлхийн хамгийн бага зардлаар уран олборлодог байна. Уурхай 2032 он хүртэл олборлолт явуулах бөгөөд Хятадын нийтийн цөмийн эрчим хүчний групп уурхайн хувийг худалдан авахаар Казатомпром компанитай хэлэлцээ явуулж байгаа аж.

10. Өмнөд Инкай (Блок 4) – 2019 онд 1,601 тонн уран

Өмнөд Инкай нь Ураниум Уан компанийн Казахстан Улс дахь өөр нэгэн хамтарсан төсөл бөгөөд 2009 оноос газрын дор уусган олборлох аргаар олборлолт явуулж, 2019 онд дэлхийн уран олборлолтын 3%-ийг бүрдүүлжээ.

Эх сурвалж: https://investingnews.com/daily/resource-investing/energy-investing/uranium-investing/top-uranium-mines/

Газрын зураг

Бидэнтэй нэгдээрэй