ОХУ цөмийн эрчим хүчээр ажиллах хамгийн том мөс зүсэгч хөлөг онгоцыг далайд гаргалаа

ОХУ-ын Санкт-Петербург хотноо Бальтийн хөлөг онгоцны үйлдвэрт үйлдвэрлэсэн “Урал” цөмийн мөс зүсэгч хөлөг онгоцыг далайд тавих арга хэмжээ энэ оны 5 дугаар сарын 25-ны өдөр болжээ. Тус хөлөг онгоц нь “Project 22220” төслийн гурван хөлөг онгоцны нэг бөгөөд Арктикийн зүг хөтлөх хөлөг онгоц юм.

Урал” цөмийн мөс зүсэгч хөлөг онгоцыг далайд тавиж буй ёслолын арга хэмжээ

Дэлхий дээр хамгийн том энэхүү хөлөг онгоцны нээлтийн ёслолын арга хэмжээнд Засгийн газрын Шадар сайд Юрий Борисов, ОХУ-ын Ерөнхийлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Александр Гуцан, Санкт-Петербург хотын Амбан захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Александр Беглов, төрийн өмчит “Росатом” корпорацийн ерөнхий захирал Алексей Лихачев, Хөлөг онгоц үйлдвэрлэлийн нэгдсэн корпорацийн тэргүүн Алексей Рахманов нар оролцсон байна.

“Project 22220” төслийн хүрээнд мөс зүсэгч  “Арктик” (2016), “Сибир” (2017) хоёр хөлөг онгоцыг урьд нь ашиглалтад оруулсан билээ.  “Урал” хөлөг онгоц нь мөс зүсэгч хөлөг онгоцны LK-60 загварт суурилсан, гуравдугаар үеийн RITM-200 цөмийн реакторын хөдөлгүүрт хөлөг онгоц юм. Тус онгоц нь 175 МВт хүчин чадал  бүхий 173 метр урт, 34 метр өргөн хэмжээтэй бөгөөд 3 метр зузаан мөсийг зүсэж чадах аж.  

Урал болон Арктик, Сибир мөс зүсэгч онгоцнууд нь Умард тэнгисийн стратегийн төслийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны гол цөм юм хэмээн Росатом корпорацийн ерөнхий захирал Алексей Лихахов онцлон тэмдэглэжээ.

ОХУ 2024 он гэхэд Умард тэнгисийн нутаг дэвсгэрээр дамжуулан 80 сая тонн бараа бүтээгдэхүүнийг тээвэрлэхээр зорьж байна. Үүнд: 47 сая тонн байгалийн хий, 23 сая тонн нүүрс, 5 сая тонн газрын тос, 5 сая тонн хүнд машин механизм,1 сая тонн металл зэрэг болно.

Росатом корпорацийн үзэж буйгаар Умард тэнгисийн дэд бүтцийг 6 жилийн хугацаанд хөгжүүлэхэд 734.9 тэрбум рубль (11.4 тэрбум ам.доллар)-ийн хөрөнгө оруулалт шаардлагатай хэмээн тооцоолжээ. Үүний 1/3-ыг улсын төсвөөс санхүүжүүлэх бол үлдсэн 2/3-ыг Росатом, Роснефть, Новатек болон Арктикийн тэнгисийн замаар ачаа тээвэрлэхийг сонирхож буй бусад хөрөнгө оруулагчид санхүүжүүлэх аж.

Эх сурвалж: http://www.world-nuclear-news.org/Articles/Russia-launches-worlds-largest-nuclear-powered-ic

Газрын зураг

Бидэнтэй нэгдээрэй