ЦӨМИЙН ОНОШИЛГОО, ЭМЧИЛГЭЭНИЙ ТӨВ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ.

Монгол Улсын Засгийн газраас урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050”-д 2021-2030 онд оношилгоо, эмчилгээний орчин үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлэх; иргэд эх орондоо бүрэн оношлогдон, эмчлүүлэх боломжийг бүрдүүлэх; хүн амын дунд зонхилон тохиолдож байгаа халдварт бус өвчний үеийн тусламж, үйлчилгээг сайжруулах; олон улсын жишигт нийцсэн эрүүл мэндийн төвийг төрөлжүүлэн байгуулах үйл ажиллагааг төрөөс дэмжих; хиймэл оюун ухаанд тулгуурлан өвчний эмгэг үеийг эрт илрүүлж, эмчлэх боломжийг бүрдүүлэх зэрэг томоохон арга хэмжээг төлөвлөсөн.

Энэ ажлын хүрээнд 2019 онд Улсын Хоёрдугаар төв эмнэлгийг түшиглэн Үндэсний оношилгоо, эмчилгээний төв ашиглалтад ороод байгаа билээ. Энэ төвийн “Цөмийн оношилгоо, эмчилгээний тасаг” 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдөр албан ёсоор нээлтээ хийж, иргэд үйлчлүүлэгчдийг хүлээн авахад бэлэн болсноо зарлалаа.

Монгол Улсад анх удаа Позитрон Эмиссийн Томограф бүхий Компьютер Томограф (ПЭТ/КТ)-ийн хосолмол технологийг нэвтрүүлж байгаа нь энэ бөгөөд оношилгоо, эмчилгээний үйл ажиллагаанд шаардагдах цацраг идэвхт изотопыг дотооддоо үйлдвэрлэх циклотроныг мөн ашиглалтад оруулж байгаагаараа өмнө хэрэглэгдэж байсан хавдрын оношилгоо, эмчилгээний аргуудаас онцлог юм.  Уг технологийг эмнэл зүйн практикт нэвтрүүлснээр хавдар, мэдрэл, зүрх судасны өвчний оношилгоонд дэвшил гарч, хорт хавдрын оношилгоо, эмчилгээний хүртээмжийг 30 хүртэлх хувиар нэмэгдүүлэх тооцоолол гаргажээ.

Тус төв орчин үеийн хэрэгцээ шаардлагыг бүрэн хангасан зориулалтын барилга байгууламж, иж бүрэн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон бөгөөд иргэдийн өндөр зардлаар гадаад улсад явж хийлгэдэг оношилгоо, эмчилгээг эх орондоо цогцоор нь хийлгэх боломжийг бүрдүүлсэн байна. Тухайлбал, компьютер томографийн төхөөрөмж нь 128 зүслэгтэй “revolution evo” гэх хамгийн сүүлийн үеийн өндөр нягтралтай зураг авах зориулалттай загвар ба тасалгааны агааржуулалтын систем, бохир усны систем зэрэг нь цацрагийн нэмэлт шарлага үүсгэхгүй байх зориулалтын шийдлээр баригдаж, цацраг мэдрэгч, агаарын даралт тохируулагч зэрэг хамгаалалтын систем суурилуулсан байна.

Хавдрын оношилгоонд шаардагдах цацраг идэвхт фторт диоксид глюкоз (18FDG) изотоп үйлдвэрлэх циклотрон нь эрүүл мэндийн салбарт цацраг идэвхт эм бэлдмэл үйлдвэрлэхэд өргөнөөр ашиглагддаг. Тухайлбал, БНХАУ-д 197, АНУ-д 150, Японд-д 76, ОХУ-д 56, БНСУ-д 39 гэх мэтчилэн дэлхийд 1281 циклотрон цацраг идэвхт эм бэлдмэл үйлдвэрлэх болон бусад зориулалтаар ашиглагдаж байна.

Жилд өвчлөлийн улмаас нас барагсдын 27% нь хавдрын шалтгаант нас баралт бүртгэгдэж буй манай улсын хувьд цөмийн дэвшилтэт технологид суурилсан хавдрын оношилгоо, эмчилгээний хүчин чадлыг нэмэгдүүлэх энэ төрлийн төв ашиглалтад орж байгаа нь туйлын баяртай хэрэг юм. 

Газрын зураг

Бидэнтэй нэгдээрэй