АНУ ураны олборлолтод хүхрийн хүчлийг  ашиглана

Австрали Улсад бүртгэлтэй Пенинсула Энержи Лимитед компани нь АНУ-ын Вайоминг муж дахь газрын дор уусган олборлох (ГДУО) “Ланс” төсөлд хүхрийн хүчлийн сул уусмал ашиглахад шаардлагтай зөвшөөрлүүдийг авснаар тус улсад уран олборлох технологид хүхрийн хүчил ашиглах гэж буй анхны төсөл болжээ.

Вайоминг мужийн байгаль орчны чанарын албанаас Ланс төслийн “эх материалын тусгай зөвшөөрөл” (source material license)-ийн нэмэлт өөрчлөлтийг 2019 оны 07 дугаар сарын 31-нд баталсан бөгөөд эрх бүхий байгууллагаас газрын дор уусган олборлохдоо хүхрийн сул уусмал ашиглах нь холбогдох норматив, стандартын шаардлагыг хангасан гэж үзсэн байна.

Пенинсула Энержи компанийн 2017 онд гүйцэтгэсэн лабораторийн туршилтаар уран олборлоход шүлтний оронд хүхрийн хүчлийн сул уусмал ашиглах энэхүү шийдэл нь төслийн өртөг буурах, үйл ажиллагааг сайжруулах зэрэг эерэг үр дүнтэй болохыг харуулжээ.

ГДУО (in-situ leaching) технологи гэдэг нь хүдрийн биетэд шингэн шахаж, ашигт эрдэсийг уусган буцаан соруулах замаар ашигт малтмалыг олборлодог уурхайн арга бөгөөд газрын гадаргууг бага хөнддөг, уурхайн хаягдал үүсгэдэггүй давуу талтай юм. Уг технологийг хүдрийн биет нь нэвчүүлэх чанартай, гүний ус бохирдуулахгүй нөхцөлд ашиглах боломжтой бөгөөд уусгагч шингэний хувьд хүдрийн биетийн геологийн тогтцоос хамаарч хүхрийн хүчил эсвэл шүлтийн уусмал ашигладаг. Ураны олборлолтод хүхрийн хүчил ашиглах нь шүлтийн уусмал ашигласантай харьцуулахад бага өртөгөөр метал авалтыг нэмэгдүүлэх давуу талбай байдаг байна.

2019 оны II улирлын байдлаар АНУ-д ГДУО аргаар олборлолт явуулдаг 4 уурхай (Ross, Lost Creek, Nichols Ranch, Smith Ranch-Highland) ажиллаж байгаа бөгөөд нийт 17.1 тонн уран олборлоод байгаа аж.

Дэлгэрэнгүй мэдээллийг манай байгууллагын цахим хуудас болон эндээс үзнэ үү.

Эх сурвалж: World Nuclear News

Газрын зураг

Бидэнтэй нэгдээрэй