ОХУ цөмийн технологийн салбартаа 7 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх үү?

2020 оны 5 сард ашиглалтад орсон “Академич Ломоносов” нэртэй хөвөгч реактор

ОХУ-ын атомын энергийн "Росатом" улсын корпораци 2030 он хүртэл цөмийн технологийн салбарт хийгдэх 7 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг Засгийн газартаа өргөн барих тухай “Коммерсантъ” мэдээллээ.

Уг хөрөнгө оруулалтын 2 тэрбум ам.доллар нь улсын төсвөөс бүрдэх аж. “Атомын шинэ энерги (New Atomic Energy)” хэмээх уг төслийг одоогоор Эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн зөвлөлийн ажлын хэсэгт өргөн барьсан байна.

Эх сурвалжийн мэдээлснээр төслийн санал дэмжигдвэл ОХУ-ын Засгийн газар дараагийн 10 жилийн нийгэм, эдийн засгийн хөгжлийн бодлогодоо тус төслийг тусгах болно гэжээ.

Хэд хэдэн чиглэлээр хэрэгжих багц төслийн эхний төсөл нь Чукотка дахь Баймын зэсийн уурхайг эрчим хүчээр хангах усан дээр хөвөгч RITM-200 модуляр реакторын 4 (тус бүр 55 МВт чадалтай) блокыг 2028 оны эцэс гэхэд ашиглалтад оруулах зорилготой.

Мөн 2030 он гэхэд RITM-200N технологийн анхны эх газарт зориулагдсан загварыг Якут дахь Кючуссын алтны ордны ойролцоо барихаар төлөвлөжээ. Түүнчлэн, дараагийн 10 жилд багтаан ОХУ-ын алслагдсан бүс нутгуудад Shelf M (10 МВт-аас дээш чадалтай), Елена AM (400 кВт болон 5 Гкал/цаг чадалтай) хэмээх модуляр реакторуудыг ашиглалтад оруулна гэжээ.

Росатом модуляр реакторынхаа анхны нийлүүлэлтийг 2026 онд хийж, цаашид 2030 он гэхэд 6 блок нийлүүлэхээр төлөвлөөд байгаа аж. Росатомын 70 МВтчадалтай “Академич Ломоносов” реактор бол одоогийн байдлаар дэлхий дээр ашиглалтад орсон цорын ганц хөвөгч реактор байгаа билээ. Багц төслийн дараагийн зорилго нь хаягдал түлшийг дахин ашиглах хурдан нейтроны реактор барих "Хаягдалгүй атом" нэртэй төсөл.

Уг төслийн хүрээнд 2027 оны эцэс гэхэд хар тугалган хөргүүртэй BREST-300 хурдан нейтроны реакторыг ашиглалтад оруулах бөгөөд 2030 он гэхэд BN-1200M нэртэй натри хөргүүртэй реакторын зураг төслийг бэлэн болгохоор ажиллаж байна гэжээ.

Харин гуравдахь төсөл нь " Цэвэр атомыг Дэлхийд” (Pure Atom for the World) нэртэй бөгөөд Росатомаас дэлхий дээр ашиглагдаж байгаа реакторуудад зориулсан түлш экспортлох зорилготой юм. Цөмийн түлш экспортлох эхний гэрээг 2022 онд хийхээр төлөвлөсөн байна. Цаашид 2030 он гэхэд түлш нийлүүлэх дөрвөн гэрээ нэмж байгуулан, TBC эвлүүлгийн 18 PWR реакторт түлш нийлүүлдэг болно гэжээ.

Росатом корпораци одоогоор дэлхийн цөмийн түлшний 17%-ийг хангаж байгаа бол уг төслийг хэрэгжүүлснээр 2030 он гэхэд энэ тоо 24%-д хүрнэ гэж тооцоолжээ. Росатомын зүгээс АНУ болон Шведын Рингалс нэртэй реакторын байгууламжуудад түлш нийлүүлэх туршилт хийж эхний ээлжийн гэрээнүүдэд гарын үсэг зурсан байна.

Гэвч Коммерсантийн мэдээлсэн тус нийтлэлд Росатомын зүгээс тодруулга өгөхөөс татгалзжээ.

Эх сурвалж: https://www.world-nuclear-news.org/.../Rosatom-plans-new...

Газрын зураг

Бидэнтэй нэгдээрэй