“Улаан ном 2020”

“Улаан ном 2020” дахь ураны нөөц, олборлолт, эрэлтийн талаар дүгнэлтүүд

Цөмийн эрчим хүчийг урт хугацаанд, тогтвортой ажиллуулахад хангалттай хэмжээний ураны нөөц бий тухай Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын харъяа Цөмийн энергийн газар (NEA) болон Олон улсын атомын энергийн агентлагаас (IAEA) хамтран гаргадаг ураны нөөц, олборлолт, эрэлтийн тухай тайлангийн шинэ хэвлэлд дурджээ. Гэсэн хэдий ч Ковид-19 цар тахлын энэ салбарт үзүүлж буй сөрөг нөлөөлөл болон сүүлийн үед ураны үйлдвэрлэл, хайгуулын ажил багассан нь нийлүүлэлтэд нөлөөлж болзошгүй гэжээ.

Хоёр жил тутам шинэчлэгддэг энэхүү тайлангийн “Уран 2020, Улаан ном: Нөөц, олборлолт ба эрэлт” 28 дахь хэвлэлтэд уран олборлодог болон хэрэглэдэг дэлхийн 45 улсын мэдээллийг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар багтаасан байна. 31 улсын мэдээллийг тухай улсын эрх бүхий байгууллагын албан ёсны мэдээлэл дээр үндэслэн бол 14 улсын мэдээллийг NEA, IAEA-аас бэлтгэсэн байна. Мөн ураны эрэл, нийлүүлэлтийн талаарх 2018 оны мэдээлэл болон 2040 оны төсөөллийг багтаажээ.

Тайлангаас үзэхэд дэлхийн ураны нөөц өмнөх жилүүдээс нэмэгдсэн боловч төдийлөн мэдэгдэхүйц бус аж. Тухайлбал нийт олборлох боломжтой нөөц 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар 130 ам.доллар/кг-аас бага ангилалд хамаарах нь 6,147,800 тонн буюу 2017 оноос 0.1%-иар өссөн бол 260 ам.доллар/кг зардалд хамаарах нөөц 8,070,400 тонн буюу 1%-иар өсчээ. Харин үндэслэл бүхий батлагдсан нөөцийн хэмжээ өндөр зардал бүхий ангилалуудад 2-3%-иар буурсан бол бага ангилал буюу 80 ам.доллар/кг-аас бага зардлаар олборлох боломжтой нөөцийн хэмжээ 2.8% багассан бол 40 ам.доллар/кг-аас бага зардлаар олборлох боломжтой нөөцийн хэмжээ 4.4%-иар нэмэгджээ.

Монгол Улсын хувьд 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар нийт олборлох боломжтой нөөц 143,454.9 тонн (үүнээс үндэслэл бүхий батлагдсан нөөц 130ам.доллар/кг ангилалд 60,547.6 тонн, боломжит нөөц 130ам.доллар/кг ангилалд 82,907.3 тонн) мөн таамагт баялаг 13,300 тонн гэсэн тайланг төрийн холбогдох байгууллагаас хүргүүлсэн байх бөгөөд дэлхийн ураны нөөцийн 2%-ийг бүрдүүлж байна.

Тайланд тэмдэглэснээр сүүлийн жилүүдэд дэлхийд дотоодын ураны хайгуул болон уурхайн ашиглалтын зардал 2018 онд ойролцоогоор 500 сая ам.доллар хүртэл буурсан нь 2014 онд байсан 2 тэрбум ам.доллар байснаас огцом буурсан аж. Энэхүү чиг хандлага нь зах зээлд хомсдол үүсгэх хэмжээ биш ч урт хугацаандаа нөлөөлнө гэжээ.

Зах зээлийн таагүй нөхцөл байдлаас болж компаниуд олборлолтоо бууруулах болсноор 2017-2018 онд дэлхийн уран олборлолт 10.8% буурсан бол 2019 онд 1% өсч 54,224 тонн болсон байна. 2018 онд газрын дор уусган олборлох аргаар нийт ураны 55%-ийг олборлосон бол 2019 онд 57% болжээ. Сүүлийн жилүүдэд ураны зах зээл тогтмол уналттай байгаатай холбоотой Канад, Казахстан зэрэг томоохон олборлогч орнууд олборлолтоо хязгаарлаж байна. 2020 оны эхээр Ковид-19 цар тахалтай холбоотойгоор олборлолтын хэмжээ улам багассан. Гэвч тайланд дурдсанаар хэрвээ зах зээлийн нөхцөл байдал сайжирвал сул зогссон уурхайнууд олборлолтоо сэргээснээр дэлхийн хэмжээнд олборлож буй ураны хэмжээ харьцангуй хурдан өсч болно гэжээ.

Реакторын эрэлт:

Мөн Улаан ном тайланд ураны олборлолтоос гадна 2040 он хүртэлх цөмийн эрчим хүч үйлдвэрлэлд шаардлагатай ураны хэрэгцээний урьдчилсан тооцоог гаргаж, ураны эрэлт, нийлүүлэлтийг цогц байдлаар үнэлсэн байна. Тухайлбал: 2018 онд дэлхий хэмжээнд нийт 396ГВт цэвэр үйлдвэрлэлийн хүчин чадалтай 450 цөмийн эрчим хүчний реактор ажиллаж, 59,200 тонн уран хэрэглэсэн байна. Цөмийн эрчим хүчний салбарын хөгжлөөс хамаарч реакторт шаардлагатай ураны хэмжээг бага эрэлттэй хувилбараар тооцоолоход 2040 онд 56,640 тонн/жилд, эрэлт их байх хувилбараар тооцоолоход 100,224 тонн/жил хүрч болох аж.

Одоогоор дэлхийн хэмжээнд тогтоогдоод байгаа ураны нөөц нь дээрх 2040 он хүртэлх бага болон өндөр байх аль ч хувилбараар тооцсон эрэлтийг хангахад хангалттай болов ч олборлох үйл ажиллагааны цагаа олсон хөрөнгө оруулалтаас мөн шалтгаална гэжээ.

Ирээдүйн нийлүүлэлтэд ураны хайгуулыг нэмэгдүүлэх, шинэ, зардал багатай олборлолтын техник технологийг хөгжүүлэхэд чиглэлээр цаг тухайд нь гүйцэтгэсэн судалгаа, инновацийн хүчин чармайлт ашиг тусаа өгөх болно. Шинэ технологийг хөгжүүлэх, ашиглахад шаардагдах хөрөнгө оруулалтын татахад зах зээлийн хүчтэй нөхцөл байдал голлох үүрэг гүйцэтгэх тухай тус тус тайланд дурджээ.

Тайлангийн дүгнэлтэд “Уран олборлолтын сүүлийн үеийн мэдэгдэхүйц бууралт болон Ковид-19 цар тахлын нөлөөнөөс үүдэн зах зээлийн хямралын үр дүнд салбарын үйл ажиллагааг оновчтой болгоход түлхэц болох ба хязгаарлагдмал хөрөнгө оруулалтын чадавхтай холбоотой сорилтууд ирээдүйд тулгарч магадгүй байна” гэжээ.

Эх сурвалж: https://world-nuclear-news.org/Articles/Adequate-uranium-to-meet-demand-latest-Red-Book-co

Газрын зураг

Бидэнтэй нэгдээрэй