“Цөмийн төхөөрөмж, цацрагтай холбогдолтой үйл ажиллагаанаас үүсэх хаягдлын аюулгүй ажиллагааны дүрэм” батлагдлаа

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн ээлжит хуралдаанаар “Цөмийн төхөөрөмж, цацрагтай холбогдолтой үйл ажиллагаанаас үүсэх хаягдлын аюулгүй ажиллагааны дүрэм”-ийг хэлэлцэж, баталлаа.

Монгол Улсад эрүүл мэнд, аж үйлдвэр, хөдөө аж ахуй, зам барилга, судалгаа шинжилгээ, уул уурхай зэрэг салбарт цөмийн технологийг өргөнөөр ашиглаж байгаа ба цацрагийн үүсгүүрийн хэрэглээ, нэр төрөл, тоо өсөн нэмэгдсээр байна.

Энэхүү дүрмийг цацраг идэвхт хаягдлын менежментийг боловсронгуй болгох, төвлөрүүлэн хадгалах байгууламжийг өргөтгөх, хадгалалтад хүлээн авах үүсгүүрийн техникийн нөхцөлийг тодорхойлж, хүлээн авах хаягдалд тавигдах техникийн шаардлагыг нарийвчлан тогтоох, аюулгүй ажиллагааг хангуулах зэрэг шаардлагуудад нийцүүлэн боловсруулжээ.

Дүрэм батлагдсанаар цөмийн төхөөрөмж ажиллуулах, ашиглалтаас гаргах, цацраг идэвхт изотопыг эрүүл мэнд, аж үйлдвэр, геологи, уул уурхай, хөдөө аж ахуй, хяналт шалгалт, судалгаа шинжилгээ, зам барилгын салбарт ашиглах, цацраг идэвхт ашигт малтмал олборлох, боловсруулах, газар нөхөн сэргээх зэрэг үйл ажиллагаанаас үүсэх цацраг идэвхт хаягдалд менежмент хийхэд чухал ач холбогдолтой юм.

Цацраг идэвхт хаягдлын менежментэд хаягдлын гаралтыг багасгах, ангилах, ялгах, цомсгох, боловсруулах, савлах, хадгалах, булшлах зэрэг бүх шатны үйл ажиллагаа хамаарна.

Тус дүрмийг Цөмийн энергийн тухай хууль, Захиргааны ерөнхий хууль болон холбогдох бусад хууль, тогтоомж, дүрэмд нийцүүлэн Олон Улсын Атомын Энергийн Агентлагаас гаргасан хаягдлын менежментийн дүрэм, зөвлөмжид үндэслэн боловсруулсан.

Газрын зураг

Бидэнтэй нэгдээрэй