Ану-ын худалдааны яам, оху-ын росатом корпораци ураны гэрээнд оруулах өөрчлөлтийг дэмжив

АНУ-ын Худалдааны яам болон ОХУ-ын атомын энергийн “Росатом” улсын корпораци “ОХУ-аас гаралтай ураны дэмпингийн эсрэг мөрдөн шалгах ажиллагааг түдгэлзүүлэх тухай гэрээ”-ний эцсийн нэмэлт өөрчлөлтийг баталсан тухай мэдээлжээ.

Үүгээр гэрээний хүчинтэй хугацааг 2040 он хүртэл сунгасан бөгөөд энэ хугацаанд АНУ ОХУ-аас гаралтай уранаас хамааралтай байдлыг бууруулах юм. Энэхүү батлагдсан нэмэлт өөрчлөлт нь 9 дүгээр сарын 11-ний өдөр олон нийтээс санал авахаар толилуулсан төсөл юм байна.

Тус гэрээ нь энэ оны 12 дугаар сарын 31-нд дуусгавар болох байсан бөгөөд Худалдааны яамны мэдэгдэж буйгаар хэрвээ гэрээг сунгаагүй байсан бол ОХУ-аас хяналтгүйгээр уран импортолж, АНУ-ын цөмийн түлшний үйлдвэрлэлийн циклийн өмнөх шатыг мөхөөх аюултай байсан гэжээ.

Худалдааны сайд Вилбур Россын хэлснээр “Энэхүү чухал ач холбогдол бүхий гэрээ нь АНУ-ын цөмийн ажүйлдвэрийн салбарыг сэргээхэд хувь нэмэр оруулахын зэрэгцээ АНУ-ын урт хугацааны стратегийн ашиг сонирхлыг дэмжих юм” гэжээ. Энэ нь олон улсын худалдааны хэлэлцээрт “Америкийн эрх ашиг нэн тэргүүнд” гэсэн Трампын засгийн газрын хандлагын дахин нэг амжилт боллоо” гэжээ.

Гэрээг сунгахаас өмнө ОХУ-ын экспорт нь АНУ-ын баяжуулах ураны хэрэгцээний 20 хувийг бүрдүүлдэг байсан бол дараах 20 жилд дунджаар 17 хувь орчим, 2028 оноос эхлэн 15 хувиас ихгүй хэмжээнд хүрэх аж.

Хуучин гэрээний дагуу ОХУ нь өөрт ногдсон квотын хүрээнд баяжуулсан уранаас гадна байгалийн уран, хөрвүүлсэн ураныг АНУ-д экспортолдог байсан бөгөөд харин нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд экспортын квотын зөвхөн тодорхой хэсэгт ОХУ-аас байгалийн уран болон хөрвүүлсэн уран борлуулахад ашиглах боломжтой юм. Энэ нь дунджаар АНУ-ын баяжуулах ураны хэрэгцээний 7 орчим хувь бөгөөд 2026 оноос эхлэн 5 хувиас  хэтрэхгүй байх аж.

Анх 1992 оны 10 дугаар сард АНУ-ын Худалдааны яам, ОХУ-ын Атомын эрчим хүчний яам хооронд уран нийлүүлэх гэрээ байгуулсан бөгөөд хэд хэдэн удаа нэмэлт, өөрчлөлт оруулж, хамгийн сүүлийн нэмэлт, өөрчлөлтийг 2008 онд батлахдаа 2020 он хүртэл импортын бүтээгдэхүүнд хязгаар тогтоохоор тусгасан байжээ.

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосноос харна уу: https://www.world-nuclear-news.org/Articles/Rosatom-and-US-DOC-welcome-change-to-uranium-agree

Газрын зураг

Бидэнтэй нэгдээрэй