Үндэсний семинар зохион байгуулагдаж байна

“Ураны уурхайн олборлолт, боловсруулалтын үйл ажиллагааны хяналт шалгалт, тусгай зөвшөөрөл: Газар доор уусган олборлох технологи” сэдэвт Үндэсний семинар 2019/06/03-07-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна.

Семинарт Австрали Улсын “Calytrix” Консултингийн мэргэжилтэн, химийн инженер Ник Цуриков, Куба Улсын мэргэжилтэн, радиохимич Луйс Андрес хүрэлцэн ирж, Монгол Улсаас ЦЭКАА, БОАЖЯ, МХЕГ, МХЕГ-ын харьяа ХАБҮЛЛ, НМХГ, ТЕГ, ЦЕГ, НЭМҮТ, Дорноговь аймгийн Тагнуулын хэлтэс, Геологийн төв лаборатори, “Мон-Атом” ТӨХК, ШУТИС-ийн Геологи, Уул уурхайн сургуль, Газарзүй геоэкологийн хүрээлэн, МУИС-ийн ЦФСТ, Монголын Цацрагийн Хамгаалалтын Нийгэмлэг зэрэг 15 байгууллагын 26 төлөөлөл оролцож байна.

Тус семинарт ураныг олборлох, боловсруулах технологийн сонголтууд, ураны уурхайн хууль эрх зүйн орчин, хяналтын тогтолцоо, тусгай зөвшөөрөл олгох үйл явц болон байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, цацрагийн аюулгүй ажиллагааны үнэлгээ зэрэг илтгэлүүд болон хяналт, шалгалтын хөтөлбөр боловсруулах, ураны уурхайн үйл ажиллагаанд сонирхогч талуудын оролцоо, харилцаа холбооны стратегийг хөгжүүлэх дасгал ажил багтсан.

Мөн семинарын явцад газар доор уусган олборлох технологийн талаар илтгэл хэлэлцүүлж, газар доор урвалж зөөгдөх загварчлал, химийн урвалын тооцооллын загварчлалтай танилцах юм.

Газрын зураг

Бидэнтэй нэгдээрэй