Бага болон дунд оврын реакторын талаар мэдээлэл солицов

Сүүлийн үед дэлхийн олон орны сонирхлыг татаж буй цөмийн эрчим хүчний реактор болох бага болон дунд оврын  реакторын талаар Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-аас зохион байгуулсан форумын талаарх видео мэдээллийг тайлбарын хамт хүргүүлж байна.

Бага болон дунд оврын модуляр реактор (SMRs) нь цөмийн эрчим хүчний аюулгүй ажиллагааг хангасан хамгийн шинэлэг технологиудын нэг юм. Энэ төрлийн реактор нь том оврын өндөр хүчин чадалтай реакторуудтай харьцуулахад илүү уян хатан* бөгөөд бусад төрлийн эрчим хүчний эх үүсвэрийн хэрэглээг орлуулан ашиглах боломжтой. ОУАЭА-аас зохион байгуулсан бага оврын модуляр реакторын хяналтын форумаар олон улсын шинжээчид энэхүү шинэ технологид суурилсан реакторын дүрэм журмыг боловсруулах талаар санал солилцжээ.

ДАВИД СЕНЬОР, ОУАЭА-ийн хяналтын үйл ажиллагааны хэлтсийн дарга 

Бага болон дунд оврын модуляр реакторын технологи болон хийц загварыг сүүлийн 5-10 жилийн хугацаанд эрчимтэйгээр хөгжүүлж байна. Өнөөгийн байдлаар 50 гаруй бага оврын модуляр реакторын загварыг шинээр зохион бүтээсэнбөгөөд тэдгээрийг ОУАЭА-ийн гишүүн орнууд реакторыг аюулгүй ажиллуулах талаар судалгаа шинжилгээг өргөжүүлж байна. Ойрын жилүүдэд бага болон дунд оврын арилжааны реакторуудыг ажиллуулж эхлэхээр төлөвлөөд байгаа бөгөөд эдгээр нь аюулгүй ажиллагааны шинэлэг, сайжруулсан онцлогуудыг өөртөө агуулсан.

АННА БРЭДФОРД, АНУ-ын Цөмийн хяналтын комисс 

Энэхүү форумоор хяналтын байгууллагууд дээрх хийц загваруудыг улс орнууд хэр зэрэг хөгжүүлж буй талаар мөн тус реакторуудын аюулгүй эсэхийг хэрхэн тодорхойлох талаар санал солилцжээ. Түүнчлэн бага оврын реакторын аюулгүй ажиллагааны гол асуудал болох цөмийн байгууламжийг барих, ашиглалтад оруулах, ашиглах, ашиглалтаас гаргах зэрэг асуудлуудын талаарх гишүүн орнуудын туршлагыг харуулсан баримт бичгийг олон улсын хяналтын байгууллагуудад түгээх зорилгоор боловсруулахаар төлөвлөжээ.

*Нэмэлт: Бага дунд оврын модуляр реакторууд нь цахилгаан, дулааныг зэрэг үйлдвэрлэх боломжтой уламжлалт цөмийн реакторуудтай харьцуулахад овор хэмжээ нь ойролцоогоор 2-3 дахин бага байдаг. Нэгж модуль нь (ОУАЭА-ийн ангилалаар) 25-300 МВт хүртэлх хүчин чадалтай бөгөөд реактор түлшээ солихгүйгээр 24-60 сар тасралтгүй цахилгаан, дулаан үйлдвэрлэн ажиллах боломжтой.

Энэ төрлийн реакторыг эрчим хүчний төвийн системээс алслагдсан, ойр орчимд эрчим хүчний нөөцгүй улс оронд 2-10 мянган хүн амтай тосгон сууринг цахилгаан дулаанаар хангах бүрэн боломжтой бөгөөд цаашид реакторын модулыг нэмэх замаар чадлыг ихэсгэх боломжтой. Иймд реакторыг барьж угсрах урсгал зардал болон цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх зардал нь бусад төрлийн эрчим хүчний эх үүсвэрүүдээс бага бөгөөд цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх шаардлагыг хангасан реактор юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг http://www.world-nuclear.org/information-library/nuclear-fuel-cycle/nuclear-power-reactors/small-nuclear-power-reactors.aspx эндээс үзэж сонирхоно уу  

Эх сурвалж: https://www.iaea.org/newscenter/multimedia/videos/iaea-smr-regulators-forum-shares-experiences-on-new-reactors

Газрын зураг

Бидэнтэй нэгдээрэй