ПРОФЕССОР Г.ХҮҮХЭНХҮҮ Шинжлэх Ухааны гавьяат зүтгэлтэн цол хүртлээ

МУИС-ийн харьяа Цөмийн физикийн судалгааны төвийн салбарын эрхлэгч, ЦЭК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн гишүүн, Дубна хот дахь ЦШНИ-ийн Эрдмийн зөвлөлийн гишүүн Гончигдоржийн Хүүхэнхүүд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цол хүртээлээ.

Профессор Г.Хүүхэнхүү МУИС, ЦШНИ-д багш, эрдэм шинжилгээний ажилтнаар хагас зуун жил ажиллахдаа олон мянган оюутанд нарийн мэргэжлийн хичээл зааж, нейтроны физикийн суурь судалгааны шавь-сургууль үүсгэн байгуулж, олон арван оюутан, магистр, докторын зэргээр суралцагчдыг дагалдуулан сургаж, сургалт-судалгааны 300 гаруй бүтээл туурвин олон улс, гадаад, дотоодын өндөр зэрэглэлийн мэргэжлийн сэтгүүлд хэвлүүлжээ. Түүний судалгааны бүтээлүүд ЦШНИ, Бээжингийн их сургууль болон мэргэжлийн сэтгүүлийн оны шилдгээр олонтаа шалгарсан, бүтээлээс нь гадаадын судлаачид 200 гаруй эшилсэн зэрэг үзүүлэлтээрээ олон улсад өндөр үнэлэгдсэн байдаг.

Профессор Г.Хүүхэнхүү ЦЭК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн гишүүн, эрдэм шинжилгээний төслүүдийн шинжээчээр бүтээлчээр ажиллаж, эх орондоо цөмийн технологийг нутагшуулан хөгжүүлэх болон цөмийн салбарын хэрэглээний чиглэлээр олон нийтийн боловсролыг дээлүүлэхэд чиглэсэн цуврал өгүүлэл хэвлүүлж, бидний үйл ажиллагаанд үнэтэй зөвлөгөө өгч байдаг шилдэг эрдэмтэн билээ.

Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Г.Хүүхэнхүү Танд урт насалж, улам ихийг бүтээхийн ерөөл дэвшүүлье.

ЦЭК-ын Ажлын алба

Газрын зураг

Бидэнтэй нэгдээрэй