Ураны компаниуд нөөцөө нэмэгдүүлж байна.

Ураны компаниуд арилжааны зах зээл дэх бэлэн ураныг стратегийн зорилгоор худалдан авах төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгджээ.

Канад Улсын Денисон (Denison) корпораци арилжааны зах зээл дэх 962 тонн ураныг урт хугацааны хөрөнгө оруулалтын зорилгоор худалдан авах бол, АНУ-ын Uranium Energy Corp 200 тонныг худалдан авах гэрээг хийсэн байна. Их Британид бүртгэлтэй Yellow Cake plc компани нь Казатомпромтой хийсэн гэрээний хүрээнд цаашид худалдан авалтай хийхээ зарласан байна.

Канад Улсад бүртгэлтэй Denison корпорациас 90 хувийг эзэмшдэг “Wheeler River” ураны төсөлдөө урт хугацааны хөрөнгө оруулалт, бэлэн түүхий эдийн нөөц үүсгэх хүрээнд 75 сая ам.долларын үнэ бүхий шар нунтаг худалдан авахаар Cantor Fitzgerald Canada Corporation компанитай стратегийн санхүүжилтийн гэрээг байгуулжээ. Компанийн зүгээс уг гэрээг байгуулснаар ирээдүйн үйлчлүүлэгчидтэй урт хугацааны гэрээ байгуулах, нийлүүлэлтийн үүргээ биелүүлэх уян хатан байдлыг нэмэгдүүлж, “Wheeler River” ураны ордыг ашиглалтад оруулах тохиолдолд уурхайгаас гарах бүтээгдэхүүнтэй хамт борлуулах боломжтой юм гэжээ.

АНУ-ын Uranium Energy Corp (UEC) нь олборлолтын зардлаас доогуур үнээр шар нунтаг худалдан авах онцгой боломжийг ашиглан 10.9 сая ам.долларын 200 тонн (400 мянган фунт) шар нунтаг худалдан авах гэрээ байгуулжээ. Энэхүү худалдан авалтын үр дүнд ураны үнэ өсөхөд UEC компанийн балансыг бэхжүүлэх, ирээдүйн маркетингийн үйл ажиллагааг сайжруулах зорилгоор стратегийн нөөцийг бүрдүүлэх, Техас муж дахь Вайоминг төслийн үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх зэрэг ач холбогдолтой аж.

Их Британид бүртгэлтэй Yellow Cake plc компаниас 2021 онд 100 сая ам.долларын шар нунтгийг Казахстан Улсын Казатомпром компаниас худалдан авч энэ оны 4-8 дугаар сард 1,750 тонныг Канад Улсын Онтариод хүргүүлэх болсноо зарлажээ. 2021 оны 3 дугаар сарын байдлаар Yellow Cake plc компани нь 220 тонн шар нунтгийг 12 сая ам.доллаар худалдан авсан байна. (1 кг U3O8-ыг 54.5 ам.доллар буюу аржилжааны зах зээлийн  3 дугаар сарын дундаж үнээс доогуур худалдан авалт хийжээ.)

Австрали Улсад бүртгэлтэй Boss Resources компани нь 1 кг-ийг нь дунджаар 66.55 ам.доллар үнээр 625 тонн шар нунтгийг (нийт 60 сая австрали доллар) арилжааны  зах зээл дээрээс худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд энэ нь Өмнөд Австрали дахь Honeymoon уурхайг ашиглалтад оруулахад (газрын дор уусган олборлох аргаар) компанийн санхүүгийн байдлыг бэхжүүлэх, санхүүжилтийг уян хатан болгох, ирээдүйн нийлүүлэлтэд үүсч болох эрсдэлийн бууруулах чухал ач холбогдолтой юм гэжээ.

Харин Канад Улсад бүртгэлтэй Uranium Royalty Corp (URC) компани нь 4 дүгээр сар гэхэд нийт 10 сая ам.долларын үнэ бүхий 174 тонн шар нунтгийг 63.42 ам.доллар/кг нэгж үнээр худалдан авахаар гэрээ байгуулжээ. Энэхүү нэгж бүтээгдэхүүний үнэ нь арилжааны зах зээл дээрх үнээс даруй 5 ам.доллараар хямд байгаа юм.

Дээрх ураны компаниуд нь түүхий эдийн нөөцийг нэмэгдүүлэх, уурхайгаа ашиглалтад оруулах үед нийлүүлэлтийн тогтмол байдлыг хангах, гэрээний үүргээ биелүүлэх, төсөл санхүүжүүлэх уян хатан байх зэрэг нийтлэг стратегийн зорилгын хүрээнд арилжааны зах зээл дээрээс хямд үнээр шар нунтаг худалдан авч байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоос авна уу.

https://www.world-nuclear-news.org/Articles/Uranium-companies-announce-strategic-purchase-plan

https://www.world-nuclear-news.org/Articles/Uranium-companies-increase-inventory-from-spot-mar

Газрын зураг

Бидэнтэй нэгдээрэй