“ЦАЦРАГИЙН ОСЛЫН БЭЛЭН БАЙДАЛ, ХАРИУ АРГА ХЭМЖЭЭ” СЭДЭВТ ХАМТАРСАН ДАДЛАГА СУРГУУЛЬ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Цөмийн энергийн комиссын Ажлын алба, Зэвсэгт хүчний жанжин штаб, Зэвсэгт хүчний 119 дүгээр анги, ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад, Мэргэжлийн хяналтын байгууллагатай хамтран “Цацрагийн ослын бэлэн байдал, хариу арга хэмжээ” сэдэвт дадлага, сургуулилтыг 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр зохион байгуулж, 9 байгууллагын 42 албан хаагчийг хамрууллаа.

Дадлага, сургуулилтын зорилго нь Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 228 дугаар тогтоолоор батлагдсан “Цацрагийн ослоос хамгаалах үйл ажиллагааны улсын төлөвлөгөө”-ний хэрэгжилтийг хангуулах, цацрагийн ослоос сэргийлэх, бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээ авах, ослын үед ажиллах мэргэжлийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах чиг үүргийг тодотгоход оршиж байлаа.

Дадлага, сургуулилтын хугацаанд Цөмийн технологийн хэрэглээ, Цөмийн эрчим хүчний өнөөгийн байдал, Монгол Улсын цацрагийн ослын төлөвлөлт, хариу арга хэмжээ, Цацрагийн хамгаалалт, аюулгүй ажиллагаа, Хими, цацрагийн аюултай үйлдвэрлэлийн болзошгүй томоохон осол гарсан тохиолдолд түүний хор уршгийг арилгах арга хэмжээ зэрэг сэдвээр хичээл орж, зөөврийн хэмжилтийн багаж тоног төхөөрөмжийн ажиллуулах зарчим, цацрагийн бохирдолд хэмжилт хийх аргачлал болон ариутгал цэвэрлэгээний машин механизмтай танилцлаа.

Мөн Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн сургалт, дадлагын талбайд цацрагийн үүсгүүрийг тээвэрлэх үед гарсан ослын нөхцөлд мэдээллийг шуурхай дамжуулах, хариу арга хэмжээг төлөвлөх танхимын дасгал болон эзэнгүй цацрагийн үүсгүүрийг эрэн хайх, аюулгүй болгох хээрийн дасгал сургуулилтыг амжилттай хийж гүйцэтгэлээ.