"CNNC" компанид  МЭДЭГДЭЛ

Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг

Цөмийн энергийн газар хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийг ашиглах, цөмийн технологи нэвтрүүлэх, цөмийн судалгааг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэх, цөмийн болон цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангах, мэргэжлийн хяналтыг тавих чиг үүргийг хэрэгжүүлдэг.

Танай компани Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг, Торонтогийн хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй “Ханресорсез” ХХК-ийн хувьцааг худалдан авах санал тавьсан тухай интернет дээрх мэдээлэлтэй холбогдуулан энэхүү мэдэгдлийг хүргүүлж байна.

Монгол Улсын Цөмийн энергийн тухай хуулийн 7.1-д “цацраг идэвхт ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувь нийлүүлэгчдийн хурал, төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлага болон хувьцаа эзэмшигчийн дараахь асуудлаар гаргасан шийдвэр Цөмийн энергийн комиссын батламжилснаар хүчин төгөлдөр болно” гэж заасан. Үүнд:

- тухайн компанийн хувьцааны 5-аас дээш хувийг худалдах, бэлэглэх, барьцаалах болон өөр бусад хэлбэрээр бусдын өмчлөл, эзэмшил, ашиглалтад шилжүүлэх;

- тухайн компанийн хувьд хувьцаа авах эрхийн бичиг буюу хувьцаанд хөрвөх үнэт цаас шинээр гаргах, эсхүл урьд гаргасан нийт хувьцааны 5 хувиас дээш хэмжээний хувьцаа нэмж гаргах;

- тухайн компанийг нийлэх, нэгдэх, хуваах, тусгаарлах замаар өөрчлөн байгуулах.

Мөн түүнчлэн Монгол Улсын Цөмийн энергийн тухай хуулийн 7.2-т зааснаар цацраг идэвхт ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хувьцааны 5-аас дээш хувийг худалдах, бэлэглэх, барьцаалах болон өөр бусад хэлбэрээр бусдын өмчлөл, эзэмшил, ашиглалтад шилжүүлэх шийдвэр гарснаас хойш 14 хоногийн дотор тухайн шийдвэрийн албан ёсны эх хувь, хувьцааг өмчлөл, эзэмшил, ашиглалтдаа авах этгээдийн нэр, хаяг, эрхэлж байгаа үйл ажиллагааны чиглэлтэй холбоотой мэдээллийг Цөмийн энергийн комисст хүргүүлэх ёстой бөгөөд Цөмийн энергийн комисс шаардлагатай гэж үзвэл нэмэлт мэдээлэл шаардаж болно гэж заасан.

Хуулийн эдгээр заалтыг биелүүлээгүй тохиолдолд цөмийн энергийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно гэж Монгол Улсын Цөмийн энергийн тухай хуулийн 7.4-т заасан болохыг анхаарч үзнэ үү.

Энэ дашрамд “Ханресорсиз” ХХК-ийн эзэмшиж байсан цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын 9282Х тусгай зөвшөөрөл болон тус компанийн 58 хувийн хувьцааг эзэмшдэг “Төв азийн уран” ХХК-ийн эзэмшиж байсан цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалтын 237А тусгай зөвшөөрлийг Монгол Улсын Цөмийн энергийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн дагуу шинэчлэн бүртгэж, олгоогүй болохыг Та бүхэнд үүгээр мэдэгдье.