Анагаах ухааны академийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Шинжлэх ухааны дэргэдэх Монголын анагаах ухааны академийн хүсэлтээр Цөмийн энергийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Манлайжав тус академийн “Цөмийн эрчим хүч ба эрүүл мэнд” сэдэвт судалгааны ажлын хэсгийнхнийг энэ сарын 06-ны өдөр хүлээн авч уулзжээ.

Уулзалтанд тус судалгааны ахлагч академич, анагаах ухааны доктор, профессор С.Сонин, ажлын хэсгийн гишүүн Монгол улсын ардын эмч, анагаах ухааны доктор, профессор П.Онхуудай, академич, анагаахын шинжлэн ухааны доктор профессор Т.Эрхэмбаатар оролцсон байна. “Цөмийн эрчим хүч ба эрүүл мэнд” сэдэвт судалгааны ажлын хэсгийн зорилго чиглэлийг танилцуулж, Цөмийн энергийн газартай цаашид хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа доктор профессор С.Сонин илэрхийлжээ. Цөмийн энергийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Манлайжав хүсэлтийг хүлээн авч, ажлын хэсгийн төлөөлөгчдийн сонирхсон асуултанд хариулан, тус агентлагийн үйл ажиллагаа, Монгол Улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлогыг танилцуулсан байна. Төрийн байгууллагууд мэдээлэл солилцсон ач холбогдолтой уулзалт болсныг ажлын хэсгийн төлөөлөгчид онцлоод, эрдэмтдийн санаа бодлыг сонсож, хууль эрх зүйн бодлого, төсөл, хөтөлбөр, судалгаа боловсруулах чиглэлээр цаашид хамтран ажиллах, харилцан үйл ажиллагаа дэмжиж ажиллахдаа таатай байгаагаа илэрхийлсэн үр дүнтэй уулзалт болжээ.