Гадаад орчны цацрагийн хяналт хийх шаардлага, дозиметр ашиглалтын талаар мэдээлэл олголоо

Цаг уур, орчны шинжилгээний газраас 2022 оны 05-р сарын 23-27-ны өдрүүдэд зохион байгуулсан “Байгаль орчны шинжилгээний лабораторийн албан хаагчдыг чадавхжуулах” сургалтад Цөмийн энергийн комиссын Ажлын албанаас “Гадаад орчны цацрагийн тунгийн чадлын хяналт, хамгаалалтын түвшний дозиметр ашиглах” сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн.

Тус  сургалтад ионжуулагч цацрагийн талаарх ойлголт, цөмийн технологийн хэрэглээ, Дэлхийн цөмийн эрчим хүчний чиг хандлага, ОХУ, БНХАУ-д ашиглагдаж буй болон шинээр баригдаж буй цөмийн эрчим хүчний станцуудын талаарх мэдээллийг 21 аймгийн Байгаль орчны шинжилгээний лабораторийн эрхлэгч, инженер зэрэг  44 албан хаагчдад олголоо.  Мөн гадаад орчны цацрагийн хяналт хийхэд ашиглагдаж буй дозиметрийн зөв зохистой ашиглалт, баталгаажуулалт хийлгэх шаардлага болон Цөмийн энергийн комиссын Ажлын албаны Дозиметрийн тохируулга, баталгаажуулалтын лабораторийн үйл ажиллагааны талаар танилцуулга хийв.  Гадаад орчны цацрагийн хяналтын хэмжилтүүдийг Монгол Улсын 21 аймгийн 37 өртөөнд өдөрт 2 удаа тогтмол хийж, Байгаль орчны мэдээллийн сангийн Гадаад орчны цацрагийн түвшний мэдээллийн санд тухай бүр оруулан ажилладаг бөгөөд ЦЭК-ын Ажлын албаны Дозиметрийн тохируулга, баталгаажуулалтын лаборатори нь уг хэмжилтэд ашиглагдаж буй дозиметрүүдийг жил бүр шалгаж, баталгаажуулан, хэмжлийн нэгдмэл байдлыг ханган ажиллаж байна.