ЦӨМИЙН ЭНЕРГИЙН САЛБАРТ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ

Цөмийн энергийн салбарт Монгол, Франц орны хамтын ажиллагааг бэхжүүлэх, өргөжүүлэх чиглэлээр 2 тал идэвхтэй хамтран ажиллаж байна.

Өнгөрсөн Баасан гарагт Цөмийн энергийн комисс, Францын Атомын энерги болон сэргээгдэх эрчим хүчний комиссариат, Монгол Улсын Элчин сайдын яам, Бүгд Найрамдах Франц Улсын Элчин сайдын яам хоорондын 2022-2024 оны үйл ажиллагааны хамтарсан төлөвлөгөөг талууд баталгаажуулах арга хэмжээ зохион байгуулагдлаа.

Тус арга хэмжээнд Монголын талаас Цөмийн энергийн комиссын нарийн бичгийн дарга Г.Манлайжав, Францын талаас манай улсад суугаа Элчин сайд С.Сүрүн нар оролцлоо.

Төлөвлөгөөний хүрээнд талууд Монгол Улсын Цөмийн энергийн комисс, Франц Улсын Атомын энергийн болон сэргээгдэх эрчим хүчний комиссариатын хооронд 2015 онд байгуулсан “Цөмийн шинжлэх ухаан, технологийн салбарт боловсрол, сургалтын хүний нөөцийг бэлтгэх, судалгаа шинжилгээний чиглэлээр хамтран ажиллах тухай” хэлэлцээрийг дахин сунгахаар тогтсон байна.

Талууд цөмийн энергийн салбарт хүний нөөц бэлтгэх, олон нийтийн боловсролыг нэмэгдүүлэх, цөмийн технологийн чиглэлд хамтран ажиллах боломжийн талаар цаашид яриа хэлцлээ үргэлжлүүлэх талаар төлөвлөгөөнд тусгажээ.