Монгол Улсын эрчим хүчний хэрэгцээний өсөлтийг MAED программ ашиглан тооцоолох сургалт-семинар зохион байгуулагдлаа

Цөмийн энергийн комиссоос ЭХЯ-ны харьяа “Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн” ТӨҮГ, Олон Улсын Атомын Энергийн Агентлаг (ОУАЭА)-тай хамтран “Монгол Улсын эрчим хүчний хэрэгцээний өсөлтийг MAED программ ашиглан тооцоолох” сэдэвт сургалт-семинарыг 2025 оны 05 дугаар сарын 12-16-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Тус сургалт-семинарыг хоёр шаттай явуулж буй бөгөөд эхний арга зүйн сургалтыг энэ оны 4 дүгээр сарын эхэнд цахимаар хийсэн ба дараагийн шатанд бодит мэдээлэлд суурилсан дасгал-семинар хэлбэрээр явагдаж байна.
Семинараар Монгол Улсын 2050 он хүртэлх урт хугацаанд эрчим хүчний хэрэгцээний өсөлтийг (2023 оныг суурь жил болгон авч) тооцоолох юм. Семинарт Цөмийн энергийн комисс, Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн ТӨҮГ, МУИС-ийн Инженерчлэлийн сургууль болон Цөмийн физикийн судалгааны төв зэрэг байгууллагын 12 оролцогч оролцон аж үйлдвэр, үйлчилгээ, тээвэр, айл өрх зэрэг 4 үндсэн бүлгээр эрчим хүчний хэрэгцээний өсөлтийг тооцоолж байна.
ОУАЭА нь гишүүн орнууддаа эрчим хүчний төлөвлөлт хийхэд нь программ хангамжийн дэмжлэг үзүүлж хамтран ажилладаг бөгөөд манай улс 2018 оноос энэ чиглэлд идэвхтэй хамтран ажиллаж байна.
Тус арга хэмжээ нь Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт туссан “цөмийн эрчим хүчний суурь судалгааг явуулах” зорилтын хүрээнд хийгдэж буй ажил юм.