ЕВРОПЫН ХОЛБООНЫ ХИМИ, БИОЛОГИ, ЦАЦРАГ, ЦӨМИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ ТЭРГҮҮН САНААЧИЛГА ТӨВИЙН 101 ТӨСЛИЙН БАГТАЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

Европын Холбооны Хими, биологи, цацраг, цөмийн эрсдэлийг бууруулах тэргүүн санаачилга төвөөс хэрэгжүүлж буй 101 төслийн багийн төлөөлөгчдийг 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Цөмийн энергийн комиссын Ажлын албанд хүлээн авч, уулзалт зохион байгуулаа.

Уулзалтаар төслийн багийн гишүүд төслийн зорилго, хүрээ, хамрах улс орнуудын талаар танилцуулж, цаашид Монгол Улсад хамтран хэрэгжүүлэх боломжит арга хэмжээ, үйл ажиллагааны талаар санал солилцов.

ЦЭК-ын Ажлын албаны зүгээс байгууллагын бүтэц, чиг үүрэг, үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, төслийн хүрээнд харилцан уялдаа холбоотой ажиллах, хими, биологи, цацраг, цөмийн аюулгүй байдлын салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн юм.

Тус төсөл нь Зүүн өмнөд болон Зүүн Европ, Төв Ази, Ойрхи Дорнодын бүс нутгийн хамтын ажиллагаатай улс орнуудын хими, биологи, цацраг, цөмийн онц чухал дэд бүтцийн аюулгүй байдлыг сайжруулах, эрсдэлийг бууруулах зорилготой. Төслийн нэгдүгээр үе шат (2024–2025 он)-ны хүрээнд төслийн багийн гишүүд төсөлд хамрагдаж буй Казахстан, Киргиз, Монгол, Пакистан, Тажикстан, Узбекистан, Албани, Армен, Азербайжан, Босни Герцеговина, Гүрж, Молдав, Монтенегро, Хойд Македон, Серби, Украин, Ирак, Йордан, Ливан гэсэн 19 улсад ажлын айлчлал хийж, хими, биологи, цацраг, цөмийн аюулгүй байдалд холбогдох төрийн байгууллагуудтай уулзалт зохион байгуулан, төслийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааг тодорхойлж байна.

Энэхүү уулзалт нь Монгол Улсын хими, биологи, цацраг, цөмийн эрсдэлийг бууруулах, цөмийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, олон улсын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх чухал алхам боллоо.