“ОУАЭА-ИЙН ЦӨМИЙН БАТАЛГААНЫ ТОГТОЛЦОО, ЦӨМИЙН ЗЭВСГИЙГ ҮЛ ДЭЛГЭРҮҮЛЭХ ДЭГЛЭМИЙН АЧ ХОЛБОГДОЛ, ХЭТИЙН ТӨЛӨВ” СЭДЭВТ НЭЭЛТТЭЙ ЛЕКЦ БОЛЛОО
Олон Улсын Атомын Энергийн Агентлаг (ОУАЭА)-ийн Ерөнхий захирлын орлогч, Баталгааны газрын захирал ноён Массимо Апаро 2025 оны 5 дугаар сарын 26-28-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.
Айлчлалын хүрээнд тэрээр 2025 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Монгол Улсын Их сургуулийн Дугуй танхимд “ОУАЭА-ийн цөмийн баталгааны тогтолцоо, цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх дэглэмийн ач холбогдол, хэтийн төлөв” сэдвээр нээлттэй лекц уншлаа.Тус арга хэмжээнд төрийн болон шинжлэх ухааны байгууллагын төлөөлөл, эрдэмтэн судлаачид, их дээд сургуулийн багш, оюутнууд өргөнөөр оролцож, ОУАЭА-ийн үйл ажиллагаа, цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх баталгааны тогтолцоо, олон улсын эрх зүйн орчин, ач холбогдол, үр нөлөө, хэтийн чиг хандлагын талаар үнэтэй мэдлэг, мэдээлэл олж авлаа.
Энэхүү лекц нь Монгол Улсын цөмийн технологийг энхийн зорилгоор ашиглах бодлого, олон улсын гэрээ, протоколоор хүлээсэн үүргийн хэрэгжилтийг хангах, цаашлаад судалгааны байгууллага болон их, дээд сургуулиудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, оюутан, судлаачдын мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан үйл явдал боллоо.
Лекцийн үеэр ноён Массимо Апаро ОУАЭА-ийн баталгааны тогтолцооны хэрэгжилт, олон улсын хамтын ажиллагааны үр дүн, цаашдын чиг хандлагын талаар дэлгэрэнгүй танилцуулсан бөгөөд Монгол Улсын цөмийн технологийг энхийн зорилгоор ашиглах бодлого, олон улсын гэрээ, протоколын хэрэгжилтийг хангах үйл хэрэгт оюутан, судлаачдын оролцоо, боловсролын байгууллагуудын хамтын ажиллагааг чухалчиллаа.
Цөмийн технологи, цацраг идэвхт ашигт малтмал, цөмийн эрчим хүчийг энхийн зорилгоор ашиглах үйл ажиллагаанд ажиллагаанд аюулгүй ажиллагаа, аюулгүй байдал, цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх баталгааг бүрэн хангах нь олон улсын болон үндэсний хэмжээнд тавигддаг зайлшгүй шаардлага юм.
Цөмийн аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлын шаардлагууд ОУАЭА-ийн дүрэм, стандарт, тухайн улсын хууль, дүрэм стандартаар зохицуулагддаг бол цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх баталгаа нь олон улсын хууль, ОУАЭА-ийн хатуу чанга хяналт, дэглэмийн хүрээнд зохицуулагддаг.
Олон Улсын Атомын Энергийн Агентлаг (ОУАЭА) нь 2023 онд гишүүн орнуудын цөмийн байгууламж болон цөмийн материалын хэрэглээнд тавих баталгааны хяналт шалгалтаа амжилттай хэрэгжүүлжээ. Тухайлбал 1056 ширхэг үл эвдэх сорилын систем, 165 байгууламжид онлайн хяналтын мониторингийн систем суурилуулж, 1165 ширхэг цөмийн материал болон хүрээлэн буй орчны дээж авсан байна.
Мөн 26,000 ширхэг лац тавьж, 3136 удаагийн хяналт шалгалтыг 14,302 хүн өдөр хийж гүйцэтгэсэн үзүүлэлттэй байна.
Эдгээр баталгааны хяналт шалгалтаар нийтдээ 200,000 гаруй цөмийн зэвсэгтэй тэнцэх хэмжээний цөмийн материал хяналтад хамрагдаж, бүгдийг зөвхөн энхийн зорилгоор ашиглаж буйг нотолж баталгаажуулсан нь онцлох үр дүн юм.
Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх, цөмийн энергийг зөвхөн энхийн зорилгоор ашиглах нь олон улсын аюулгүй байдал, тогтвортой хөгжлийн салшгүй хэсэг болоод байна. Энэ зорилгоор 1968 онд батлагдсан “Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тухай гэрээ” (NPT) нь дэлхий нийтийн энх тайвныг хангах үндсэн суурь баримт бичиг болжээ. Өнөөдрийн байдлаар нийт 183 улс уг гэрээнд нэгдэн орж, цөмийн зэвсэг үйлдвэрлэхгүй байх, цөмийн материалыг зөвхөн энхийн зориулалтаар ашиглах, цөмийн хөтөлбөр болон цөмийн материалын талаарх тайлан, мэдээллийг Олон улсын Атомын Энергийн Агентлагт тогтмол хүргүүлэх үүргийг хүлээн биелүүлж байна.
Дэлхий дахинаа цөмийн зэвсэгтэй 5 улс болох АНУ, ОХУ, БНФУ, БНХАУ, Их Британи нь цөмийн зэвсгийг цаашид дэлгэрүүлэхгүй байх амлалт өгсөн бөгөөд энэ чиглэлд олон улсын хяналтад хамрагдаж байна.
Харин Энэтхэг, Пакистан, Израиль зэрэг цөмийн зэвсэгтэй улс орнууд энэхүү гэрээнд нэгдээгүй хэдий ч ОУАЭА-тай тусгай баталгааны гэрээ (Item specific agreement) байгуулан, цөмийн материалыг энхийн зориулалтаар ашиглах, тодорхой үйл ажиллагаанд олон улсын хяналтад хамрагдах гэрээг ОУАЭА-тай байгуулсан байна.
Монгол Улс 1992 онд цөмийн зэвсэггүй бүсийн статусаа тунхаглан, дэлхийн энх тайван, аюулгүй байдал, цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулсныг ноён Массимо Апаро онцлон тэмдэглэсэн юм.
Уг санаачилгыг Олон Улсын Атомын Энергийн Агентлаг болон НҮБ-ын Ерөнхий Ассамблей, цөмийн зэвсэгтэй 5 улс болох АНУ, ОХУ, БНФУ, БНХАУ, Их Британи зэрэг улс орнууд албан ёсоор хүлээн зөвшөөрч, дэмжсэн нь Монгол Улсын энэхүү статусыг олон улсын түвшинд баталгаажуулсан чухал үйл явдал болсон юм.
Монгол Улсын байр суурийг дэлхийн том гүрнүүд болон Олон улсын байгууллагуудад амжилттай ойлгуулж, дэмжлэг авахад үнэтэй хувь нэмэр оруулсан ахмад дипломатч, Элчин сайд асан Ж.Энхсайханы оролцоо, дипломат манлайллыг Цөмийн энергийн комиссын нарийн бичгийн дарга Г.Манлайжав нээлтийн үйл ажиллагааны үеэр онцолсон.