Туяа эмчилгээ гэж юу вэ?

Туяа эмчилгээ буюу радиотерапи нь ионжуулагч цацраг (рентген, гамма цацраг, өндөр энергийн электрон эсвэл хүнд бөөм) ашиглан бие дэх хорт хавдрын эсүүдийг устгах арга юм. Энэ нь хорт хавдрын эмчилгээнд өргөн хэрэглэгддэг аргуудын нэг бөгөөд өвчтөнүүдийн тал орчим хувь нь өвчнийхөө аль нэг шатанд туяа эмчилгээ хийлгэх шаардлагатай болдог.

Туяа эмчилгээ хэрхэн үйлчилдэг вэ? Хорт хавдар нь тодорхой эрхтний эсүүд хяналтгүйгээр хуваагдаж, өсч томорсоноор хавдар үүсгэж, эргэн тойрны эд эс, эрхтнүүдэд нөлөөлдөг бөгөөд цусаар болон тунгалагийн системээр дамжин биеийн бусад хэсэгт тархах боломжтой эмгэг юм. Туяа эмчилгээ нь нарийн тооцоолсон тунгаар ионжуулагч цацраг ашиглан хавдрын эсийн ДНХ-д гэмтэл учруулж, тэдгээрийн хуваагдлыг саатуулан устгах зорилготой эмчилгээний арга юм. ДНХ нь эсийн хуваагдлыг зохицуулдаг тул цацрагийн нөлөөгөөр хавдрын эсүүдийн өсөлт саарч, улмаар хавдар агшиж, зарим тохиолдолд бүрэн үхжил явагддаг. Туяа эмчилгээг 1890-ээд оноос хойш бараг бүх төрлийн хорт хавдрын эмчилгээнд ашиглаж ирсэн. Энэхүү аргыг дангаар нь хэрэглэхээс гадна хими эмчилгээ, мэс засал зэрэг бусад эмчилгээний аргуудтай хослуулан хэрэглэдэг.

Туяа эмчилгээний төрлүүд Хавдрын төрлүүд болон түүний байрлалаас шалтгаалан туяа эмчилгээний эмч нар дараах хоёр үндсэн аргыг дангаар нь эсвэл хослуулан хэрэглэдэг: Гадаад шарлагын туяа эмчилгээ (телетерапи) Дотоод шарлагын туяа эмчилгээ (брахитерапи) Эдгээр эмчилгээг туяа эмчилгээний эмч, анагаахын физикч болон туяа эмчилгээний технологичоос бүрдсэн мэргэжлийн баг хийдэг бөгөөд хавдрын эсийг үр дүнтэй устгахын зэрэгцээ эрүүл эд эсийн гэмтлийг аль болох бага байлгах зорилготой.

Телетерапи Телетерапи нь хамгийн өргөн хэрэглэгддэг гадаад туяа эмчилгээний нэг төрөл бөгөөд өндөр энергийн цацрагийг биеэс тодорхой зайд байрлах төхөөрөмжөөс (жишээ нь, кобальтын төхөөрөмж эсвэл шугаман хурдасгуур) хавдрын бай руу чиглүүлдэг. Эмчилгээний явцад өвчтөн хөдөлгөөнгүй хэвтэх ба төхөөрөмж нь биеийн эргэн тойронд хөдөлж, цацрагийг олон өнцгөөс нарийн тооцоолсон тунгаар өгдөг. Цацрагийн хэмжээ, хэлбэрийг оновчтойгоор тохируулснаар хавдарт нөлөөлөх цацрагийн тунг оновчтой хүргэж, эрүүл эд эрхтнийг хамгаалах боломжтой болдог. Гадаад туяа эмчилгээг толгой, хүзүү, хөх, уушги, бүдүүн гэдэс зэрэг олон төрлийн хорт хавдрыг эмчлэхэд өргөн хэрэглэдэг.

Брахитерапи Брахитерапи нь капсул хэлбэрийн жижиг цацраг идэвхт үүсгүүрийг биеийн дотор хавдрын ойролцоо байршуулж, өндөр тунгаар шууд үйлчлэх эмчилгээний арга бөгөөд эргэн тойрны эрүүл эд эсэд үзүүлэх сөрөг нөлөө бага байдаг. Цацраг идэвхт үүсгүүрийг хавдарт түр хугацаагаар эсвэл байнгын байдлаар суулгаж болно. Түр хугацаанд хэрэглэх үед цезий, иридий эсвэл кобальтын үүсгүүр бүхий капсулыг зүү эсвэл тусгай аппликатораар дамжуулан байрлуулна. Үүсгүүрийн тунгаас шалтгаалан капсулыг бие дотор хэдхэн минут эсвэл хэдэн хоног байлгах боломжтой. Харин байнгын хэрэглээнд йод-125 зэрэг маш жижиг (будааны үрийн хэмжээтэй) үүсгүүрийг хавдрын эдэд суулгаж, тодорхой хугацаанд цацраг ялгаруулах байдлаар нөлөөлнө. Брахитерапийг түрүү булчирхай, хөх, арьс болон толгой, хүзүүний зарим төрлийн хавдрыг эмчлэхэд өргөн ашигладаг.

Туяа эмчилгээ хэр үр дүнтэй вэ? Туяа эмчилгээ нь тархи, хөх, толгой-хүзүү, умайн хүзүү, түрүү булчирхай, арьс болон бусад төрлийн хавдрын үед жил бүр хэдэн сая өвчтөнд хийдэг, үр дүн нь шинжлэх ухаанаар нотлогдсон, найдвартай арга юм. Тухайн эмчилгээний үр нөлөө нь шууд илрэхгүй байж болох бөгөөд туяа эмчилгээ дууссанаас хойш хэдэн хоног, долоо хоног эсвэл хэдэн сарын дараа хавдарт үзүүлэх нөлөө ажиглагддаг. Сүүлийн үеийн дэвшилтэт технологиудад 3 хэмжээст туяа эмчилгээ (3D-CRT), эрчмийг тохируулсан туяа эмчилгээ (IMRT), дүрслэлд суурилсан туяа эмчилгээ (IGRT) зэрэг төхөөрөмжүүд багтдаг. Эдгээр технологиуд нь хавдрын байрлалыг өндөр нарийвчлалтай тодорхойлж, шаардлагатай цацрагийн тунг оновчтой хүргэх замаар эрүүл эд, эрхтэнд үзүүлэх сөрөг нөлөөг багасгах боломжийг олгодог.

Гаж нөлөө байдаг уу? Гаж нөлөө нь хэрэглэсэн цацрагийн хэмжээ болон эмчилгээ хийгдсэн биеийн хэсгээс хамаарна. Зарим өвчтөнд богино болон урт хугацааны гаж нөлөө илрэх боломжтой, заримд нь огт илэрдэггүй.

Туяа эмчилгээ аюулгүй юу? Телетерапи нь тусгай зориулалтын тоног төхөөрөмж ашиглан, өндөр мэргэшсэн эмч, мэргэжилтнүүдийн багийн хяналтын дор хийгддэг учраас аюулгүй эмчилгээний нэг хэлбэр юм. Өвчтөнд зарим тохиолдолд гаж нөлөө илэрч болох ч эмчилгээний явцад хамт байгаа эмч, сувилагч, ар гэрийнхэн зэрэг бусад хүмүүс цацрагт өртөх эрсдэлгүй байдаг. Телетерапид хамрагдсан өвчтөн "цацраг идэвхтэй" болохгүй. Брахитерапийн үед ч мөн адил цацрагийн аюул маш бага байдаг. Түр хугацаанд үүсгүүрийг ашиглах үед өвчтөн тусгай хяналттай нөхцөлд эмнэлэгт хэвтэн эмчлүүлдэг бөгөөд үүсгүүрийг авсны дараа ямар нэгэн үлдэгдэл цацраг үлдэхгүй. Харин байнгын үүсгүүрийг хавдрын эдэд байрлуулж, тухайн хэсэгт цацрагийн үйлчлэл удаан хугацаанд үзүүлдэг бөгөөд энэ үед биеийн бусад хэсэгт цацраг нэвчихээс хамгаалах зохих арга хэмжээг авдаг. Эмнэлгээс гаргахын өмнө эмч нар үлдэгдэл цацрагийн түвшин аюулгүй хэмжээнд байгаа эсэхийг нарийн хэмжиж баталгаажуулдаг. Эмчилгээний дүрслэлд туяа эмчилгээ ямар үүрэгтэй вэ? Эмчилгээний дүрслэл нь хавдрын оношилгоо, туяа эмчилгээний төлөвлөлт, хүргэлт болон үнэлгээнд чухал үүрэгтэй. Дэвшилтэт дүрслэлийн технологиудыг туяа эмчилгээд нэвтрүүлснээр хавдрын эмчилгээний чанар, үр дүнг сайжруулсан. Үүнд: Хавдрын байршил, хэмжээ, тархалтыг үнэн зөв тодорхойлох. Биопси зэрэг дүрслэлд суурилсан, бага эрсдэлтэй оношилгооны аргуудыг ашиглах. КТ (CT), хэт авианы, MRI, PET зэрэг дүрслэлийн аргачлалаар хавдрын байрлал, хэмжээ, ойролцоох бүтцүүдтэй харьцаа, үсэрхийлэл зэргийг тодорхойлох. Туяа эмчилгээний төлөвлөлтөд дүрслэл ашиглан 3 хэмжээст дүрс үүсгэж, цацрагийг оновчтой чиглүүлэх боломжтой болсон. Дүрслэлд суурилсан туяа эмчилгээ (IGRT) нь цацрагийг бодит хугацаанд хянах боломж олгодог.

ОУАЭА-ийн үүрэг 2022 онд ОУАЭА "Итгэл найдварын туяа" санаачилгыг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд энэ нь туяа эмчилгээ болон анагаахын дүрслэлийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, хөгжиж буй орнуудад эдгээр үйлчилгээний суурь чадавхыг бүрдүүлэх зорилготой юм. Санаачилгын хүрээнд туяа эмчилгээний сургалт, зөвлөмж, технологийн дэмжлэг, чанарын хяналтын тогтолцоог бий болгоход анхаарч ажилладаг. Түүнчлэн бүс нутгийн хэмжээнд сургалт, судалгаа, чанарын баталгаажуулалт, дэд бүтцийн чадавхыг бэхжүүлэх зорилгоор "Тулгуур төвүүд"-ийг байгуулан хөгжүүлж байна. ОУАЭА нь Хорт хавдрын эмчилгээний үйл ажиллагааны хөтөлбөр (PACT)-ийн хүрээнд, ДЭМБ болон бусад олон улсын түнш байгууллагуудтай хамтран гишүүн орнуудын хавдрын тусламж үйлчилгээний чадавхыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлдэг. Энэ хүрээнд шинжлэх ухааны мэдлэг, мэдээллийг дамжуулах, боловсролын болон сургалтын үйл ажиллагаа зохион байгуулах, орчин үеийн дэвшилтэт тоног төхөөрөмж нийлүүлэх зэрэг олон талт туслалцаа үзүүлж байна. Ийнхүү үзүүлж буй дэмжлэгийн үр дүнд олон улс орон туяа эмчилгээ, дүрс оношилгоо болон цөмийн анагаах ухааны чадавхаа бүрдүүлж, бэхжүүлж чадсан. 2004 оноос хойш ОУАЭА нь "imPACT" үнэлгээний тогтолцоог хэрэгжүүлж, улс орнуудын хавдрын тусламж үйлчилгээний өнөөгийн байдал болон хэрэгцээг үнэлэн, тэргүүлэх чиглэлийн арга хэмжээг тодорхойлох стратегийн зөвлөмж гаргаж ирсэн. Мөн тус агентлаг нь цацрагийн анагаах ухааныг аюулгүй, үр дүнтэй ашиглах олон улсын хэмжээнд нийцсэн удирдамж, хэмжил зүйн заавар, стандартыг боловсруулан түгээдэг бөгөөд ажлын байрны цацрагийн аюулгүй ажиллагааг хангах журам, зохицуулалтыг боловсруулахад оролцож, мэдлэг солилцох, сургалт зохион байгуулах, орчин үеийн тоног төхөөрөмж нийлүүлэх чиглэлээр ажилладаг. ОУАЭА нь Хүний эрүүл мэндийн хөтөлбөрийг хэрэгжүүлж, гишүүн орнуудыг цөмийн технологийг ашиглан хорт хавдрын урьдчилан сэргийлэлт, оношилгоо болон эмчилгээний үйл ажиллагааг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлдэг. Энэхүү хөтөлбөр нь туяа эмчилгээний технологи, эмнэлгийн хэрэглээ, судалгааны хөгжлийг урамшуулж, мэргэжлийн чадавхыг нэмэгдүүлэхэд чиглэдэг. Мөн ОУАЭА нь дозиметрийн лабораторитой бөгөөд оношилгоо, эмчилгээнд цацрагийн технологийг аюулгүй, үр дүнтэй хэрэглэх олон улсын жишигт нийцсэн аргачлал, туршлагыг хөгжүүлэн нэвтрүүлдэг. Уг лаборатори нь эталон хэмжих хэрэгслийн баталгаажуулалт, хэмжилтийн нарийвчлал, чанарын хяналтын аудит зэрэг үйлчилгээг үзүүлж, анагаахын ухааны физик болон тунгийн хэмжилтийн найдвартай байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэдэг. ОУАЭА нь цацраг аюулгүй ажиллагааны талаарх мэдээллийг түгээх, мэргэжлийн болон олон нийтэд зориулсан сургалт, зөвлөмжийг хүргэх зорилгоор RPOP цахим платформыг хөтлөн ажиллуулдаг. Энэхүү платформ нь анагаах ухааны салбарт цацрагийн хэрэглээг илүү аюулгүй, үр ашигтай болгоход чиглэсэн мэдлэгийн төв юм. Мөн ОУАЭА нь туяа эмчилгээний дэлхийн хүрээний нөөц, боломжийн талаарх хамгийн иж бүрэн мэдээллийг агуулсан DIRAC өгөгдлийн санг хөтөлдөг. Тус өгөгдлийн санд туяа эмчилгээний төвүүд, телетерапийн төхөөрөмжүүд, брахитерапийн нэгжүүд, эмчилгээний төлөвлөлтийн системүүд, КТ ба симулятор төхөөрөмжүүдийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл багтдаг.