Цөмийн эрчим хүчний салбарт 2025 онд болох гол үйл явдлууд

2025 онд цөмийн эрчим хүчний салбарын гол зорилтууд, чухал үйл явдлууд, хүлээгдэж буй томоохон хөгжил дэвшил юу байх вэ? Энэхүү асуултад хариулт авахаар Дэлхийн Цөмийн Холбооны Ерөнхий захирал Сам Билбао и Леонтой хийсэн подкаст ярилцлагын хураангуйг хүргэж байна.
Энэ жилийн гол зорилтууд юу байх вэ?
Сүүлийн үед намайг шөнө унтуулахгүй байгаа нэг зүйл бол бид цөмийн аж үйлдвэрийн хувьд одоо бүрдээд байгаа төгс боломжийг хэрхэн бүрэн ашиглах вэ гэх бодол юм. Ийм боломж бидэнд урьд өмнө, магадгүй олон арван жилийн турш тохиогоогүй байж магадгүй. Энэ бол үнэхээр чухал цаг үе. Хэрэв бид салбарын хувьд өөртөө, тухайлбал, нийлүүлэлтийн сүлжээ, ажиллах хүч болон бусад зүйлсэд хөрөнгө оруулалт одоо л хийхгүй бол хэзээ хийх вэ?
Цөмийн салбар маань уламжлалт, аюулгүйн арга барилаа баримтлах талдаа байдаг. Гэвч бид шинэчлэл хийхэд бэлэн байх ёстой. Миний бодлоор бидний хийх ёстой зүйл бол энэхүү мөчийг ашиглаж, цаашдын их амжилтын үндсийг тавих явдал юм.
Төлөвлөсөн үйл явдлуудаас аль нь гол анхаарал татах вэ?
2025 он маш завгүй жил байх болно. Бүх тивд хүмүүс цөмийн талаар ярьж байгаа нь сайшаалтай. Мэдээжийн хэрэг, 2025 оны 11-р сард Бразилд болох COP30 маш чухал үйл явдал байх болно. Тус чуулганд улс орнууд өөрсдийн тодорхойлсон үндэсний зорилтуудыг шинэчилсэн байдлаар танилцуулах ёстой. Энэ нь улс орнуудын ирээдүйн эрчим хүчний төлөвлөгөө бодитой эсэхийг үнэлэх боломж олгоно.
Мөн 2025 оны 2-р сард болох Энэтхэгийн “Эрчим хүчний долоо хоног”-т би ихээхэн анхаарал хандуулж байна. Энэтхэг бол цөмийн эрчим хүчээр дотоод эрэлтээ хангах төдийгүй гадаадад экспортлох томоохон төлөвлөгөөтэй улс. Мөн энэ жил Лондонд “Дэлхийн цөмийн симпозиум”-ын 50 жилийн ойн арга хэмжээ, 5-р сард Польшийн Варшав хотод болох “Дэлхийн цөмийн нийлүүлэлтийн сүлжээ”-ний анхны хурал зэрэг чухал үйл явдлууд болно.
Хүчин чадал нэмэгдүүлэх шинэ эх үүсвэрийн хувьд ямар хүлээлттэй байж болох вэ?
2025 онд Хятадад хэд хэдэн шинэ реактор ашиглалтад орох төлөвтэй байна. Турк улс анхны реактораа ашиглалтад оруулах бол Бангладеш цөмийн эрчим хүч үйлдвэрлэж эхлэх магадлалтай. Эдгээр нь цөмийн эрчим хүчний салбарт шинээр нэмэгдэж буй орнуудын хувьд чухал үйл явдал байх болно.
Европын хувьд Польш, Чех, Румын, Унгар зэрэг улсуудад төсөл бодитоор урагшилж байгаа нь сайшаалтай. Мөн Их Британид шинэ, их чадлын реакторууд болон бага чадлын модуляр реакторуудын төслүүдэд ахиц гарч эхлэхийг хүлээж байна.
Эх сурвалж: https://www.world-nuclear-news.org/articles/in-Quotes-what-to-watch-out-for-in-2025