УЛСЫН НЭГДҮГЭЭР ТӨВ ЭМНЭЛЭГТ ХОЁР ДАХЬ SPECT/CT АППАРАТЫГ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ.

Цөмийн энергийн комиссын Ажлын албанаас “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хэрэгжилтийг хангах хүрээнд Эрүүл мэндийн технологид хөрөнгө оруулалт хийх, дэвшилтэт технологи нэвтрүүлэх үйл ажиллагааг төрөөс дэмжих, иргэдийн гадаад улсыг зорьж авдаг эмнэлгийн тусламж үйлчилгээг эх орондоо авах боломжийг бүрдүүлэхэд зориулж Олон Улсын Атомын Энергийн Агентлаг (ОУАЭА)-ийн Техникийн Хамтын Ажиллагааны төслүүдийг хэрэгжүүлж, олон улсын бусад төсөл, хөтөлбөрүүдэд эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүдийг оролцуулах, мэргэшүүлэх ажлыг тасралтгүй зохион байгуулж ирсэн.
Үүний үр дүнд өнгөрсөн хугацаанд нийт 8 сая ам.долларын санхүүжилтийг улсын нэгдсэн төв эмнэлгүүдэд хийснээс дурьдвал, Хавдар судлалын үндэсний төвд Шугаман хурдасгуурт суурилсан эрчмийн тохируулгатай, онилсон, стереотактик туяа эмчилгээний хамгийн сүүлийн үеийн бүрэн тоноглогдсон тасаг, Улсын нэгдүгээр төв эмнэлэгт эрхтэн тогтолцооны эмгэгийн байршил болон үйл ажиллагааны оношилгоог нэгэн зэрэг хийх болон Иод-131 цацраг идэвх эмийн эмчилгээ хийх SPECT/CT оношилгоо, эмчилгээний нэгдсэн төвийг ашиглалтад оруулж байв. Мөн Засгийн газрын санхүүжилтээр Улсын хоёрдугаар төв эмнэлэгт шинээр ашиглалтад оруулсан хавдар, мэдрэлийн болон үрэвсэлт эмгэгийн үе шат, анхдагч голомт, үсэрхийллийг 3D зураглалаар дүрслэх оношилгоо, эмчилгээг нэгэн зэрэг хийх тераностик тусламж үйлчилгээг үзүүлэх PET/CT аппарат, түүнд ашиглах цацраг идэвхт эмийг үйлдвэрлэх циклотронд ажиллах хүний нөөц, цацрагийн хамгаалалтын иж бүрдэл, цацраг идэвхт эмийн үйлдвэрлэлийг төрөлжүүлэхэд шаардлагатай эм нийлэгжүүлэх аппарат зэргийг ОУАЭА-ийн ТХА-ны төслөөр хангаж, Монгол улсад цөмийн анагаах ухаан, туяа эмчилгээний тусламж үйлчилгээ тасралтгүй явагдах нөхцөлийг бүрдүүлж ирсэн.
Эдгээр амжилттай төслүүдийн үргэлжлэл болгож ОУАЭА-ийн Ерөнхийлөгч Рафель Мариано Гроссигийн эрүүл мэндийн салбарт цөмийн технологид суурилсан дэвшилтэт оношилгоо, эмчилгээний техник технологийг нэвтрүүлэх, өргөжүүлэх, сайжруулах замаар дэлхий дахинаа хорт хавдрын тохиолдлын тоог бууруулах, хавдрын өвчлөлтэй тэмцэх зорилготой “Итгэл найдварын туяа” санаачлагыг 2024 оноос Монгол Улсад хэрэгжүүлж эхэлсэн. Тус төслийн хүрээнд УНТЭ-ийн SPECT/CT аппаратад орох иргэдийн хүлээгдэл 3 сард хүрээд байсныг шийдвэрлэх зорилгоор 1 сая ам.долларын үнэ бүхий SPECT/CT аппаратыг нэмж хоёрыг авахаар төлөвлөсөн ба эхний төлөвлөгөөт аппаратыг УНТЭ-ийн хамт олонд хүлээлгэн өгч энэ сарын 23-ны өдөр ашиглалтад орууллаа.


Энэхүү аппаратыг ашигласнаар тусламж, үйлилгээний хүлээгдлийг 3 сараас 1 сар хүртэл бууруулахаар төлөвлөсөн ба хоёр дахь төлөвлөгөөт аппаратыг хүлээн авахад техникийн болон орчны нөхцөлийг стандартын дагуу бэлтгэх ажлыг хангаж ажиллаж байна. Энэхүү хоёр дахь төлөвлөгөөт аппаратыг ашиглахдаа PET/CT аппараттай хослуулан ашиглах бөгөөд энэ төрлийн оношилгоо, эмчилгээнд иргэд хүлээгдэлгүй шууд орох боломж бүрдэх юм.
УНТЭ-ийн Цөмийн онош зүйн тасгийн хамт олон нь өнгөрсөн хугацаанд Монгол Улсад цөмийн технологид суурилсан эмнэлгийн тусламж үйлчилгээг анхлан нэвтрүүлсэн, нэвтрүүлсэн цагаасаа хойш амжилттай ажиллаж ирсэн мэргэжлийн хамт олон юм. Тэд энэхүү чухал хөрөнгө оруулалт “Цөмийн анагаах ухаан үүсч, хөгжсөний 50 жилийн ой” дээр ирж байгаад баяртай байгаагаа цохон тэмдэглэв.
Цаашид ЦЭК-ын Ажлын албанаас Хүн амын дунд зонхилон тохиолдож буй халдварт бус өвчний үеийн тусламж, үйлчилгээг сайжруулах зорилгоор олон улсын жишигт нийцсэн төвийг төрөлжүүлэн байгуулах урт хугацааны хөгжлийн бодлогын зорилтыг хэрэгжүүлэхэд Эрүүл мэндийн яамтай хамтран ажиллаж, “Хавдар судлалын үндэсний хоёрдугаар төв” эмнэлгийг барьж байгуулах ажлыг төлөвлөн, олон улсын банк санхүүгийн байгууллага, донор улсуудаас хөрөнгө оруулалт татахаар “Bankable documents” баримт бичгийг боловсруулж байна.