Уур амьсгалын өөрчлөлт ба цөмийн эрчим хүчний талаарх ОУАЭА-ийн шинэ тайлан нь санхүүжилтэд анхаарлаа хандуулж байна
ОУАЭА-ийн Уур амьсгалын өөрчлөлт ба цөмийн эрчим хүчний 2024 оны тайланд цөмийн эрчим хүчний үйлдвэрлэлийг өргөжүүлэх, хөрөнгө оруулалтыг мэдэгдэхүйц хэмжээгээр нэмэгдүүлэх шаардлагатайг онцлон тэмдэглэжээ. 2024 оны 10 дугаар сард Бразил Улсад зохион байгуулсан Цэвэр Эрчим Хүчний Сайд нарын дээд түвшний уулзалтын (CEM) үеэр энэхүү тайланг танилцуулсан байна.
Улс орнууд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулан эрчим хүчний аюулгүй байдлыг бэхжүүлж, эдийн засагт эерэг өөрчлөлт авчрахаар эрмэлзэж байгаа энэ үед дэлхий даяараа цэвэр эрчим хүч болох цөмийн эрчим хүчийг үйлдвэрлэх сонирхол улам нэмэгдсээр байна. Цэвэр эрчим хүчний технологийг хурдацтайгаар өргөжүүлэх, нүүрсхүчлийг тэглэх зорилгын хүрээнд 2050 он гэхэд эрчим хүчний үйлдвэрлэлд цөмийн эрчим хүч голлох үүрэг гүйцэтгэнэ гэж таамаглаж байна. ОУАЭА-ийн төлөвлөснөөр тухайн үед эрчим хүч үйлдвэрлэлийн хүчин чадлыг одоогийн түвшнээс 2.5 дахин нэмэгдүүлэх ажээ.
Уг тайланд дурдсанаас үзвэл ОУАЭА нь 2050 он гэхэд цөмийн эрчим хүчний бүтээмжийг өндөр түвшинд хүргэх зорилгоо биелүүлэхийн тулд 2017-2023 онд хийгдсэн жил бүрийн хөрөнгө оруулалтын хэмжээ 50 орчим тэрбум ам.доллар байсныг 125 тэрбум ам.долларт хүргэх шаардлага тулгараад байна. Өнгөрсөн жил COP28 дээр цөмийн эрчим хүчний бүтээмжийг гурав дахин нэмэгдүүлэх зорилгод хүрнэ гэдгээ 20 гаруй улс амласан. Үүнд жилд 150 тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалт шаардагдах болно.
“Цөмийн цахилгаан станцуудын хямд эрчим хүч үйлдвэрлэх боломжит ашиглалтын хугацаа нь дунджаар 100 жил байдаг. Санхүүжүүлтийн хамгийн том зардал бол цөмийн цахилгаан станцыг барих анхдагч зардал байдаг. Ялангуяа хөгжиж буй орнууд болон зах зээлд тулгуурласан эдийн засагтай орнуудын хувьд хүндрэлтэй асуудал байж болно.” гэдгийг ОУАЭА-ийн Ерөнхий захирал Рафаэль Мариано Гросси онцлон дурдав. “Хувийн хэвшлийн салбарын хувьд санхүүжилтийг өсгөх замаар эдийн засагт өөрийн гэсэн хувь нэмрийг оруулах хэрэгтэй бөгөөд бусад салбаруудад ч мөн адил энэ асуудал тулгардаг. ОУАЭА нь олон талт хөгжлийн банкуудын гүйцэтгэх үүргийг онцлохын зэрэгцээ хөгжиж буй орнуудын цөмийн эрчим хүчний салбарт хөрөнгө оруулах санхүүжилтийн хувилбарууд байгаа тул тэднийг татан оролцуулах хэрэгтэй.” хэмээн мэдэгджээ.
Энэхүү тайланд дэлхий дахины анхаарлын төвд байгаа сэдэв болох хувийн хэвшлийн санхүүжилтийг нээх арга замуудыг судалсан талаар авч үзсэн. Өнгөрсөн сард 14 томоохон санхүүгийн байгууллага, тэр дундаа дэлхийн томоохон банкууд “Нью-Йоркийн Уур амьсгалын долоо хоног” арга хэмжээний үеэр цөмийн цахилгаан станцын шинэ бүтээн байгуулалтын төслүүдийг санхүүжүүлэх болон туслах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.
Олон Улсын Атомын Энергийн Агентлаг (ОУАЭА) болон CEM-ийн Цөмийн инноваци: Цэвэр эрчим хүчний ирээдүй (NICE) санаачлага хамтран Бразилд зохион байгуулагдсан CEM-ийн 15 дахь удаагийн дагалдах арга хэмжээний үеэр уг тайланг танилцуулсан. CEM нь цэвэр эрчим хүчний технологийг хөгжүүлэх бодлого, хөтөлбөрүүдийг сурталчлах, сайн туршлага болон олж авсан сургамжуудаа хуваалцах өндөр түвшний дэлхийн форум юм.
CEM-ийн Нарийн бичгийн дарга Жан-Франсуа Гарниер үг хэлэхдээ “Цөмийн эрчим хүчийг хүн бүрт хүртээмжтэй болгох, хямд, сонирхол татахуйц байлгах, цэвэр эрчим хүчний шилжилтийг хурдасгах тодорхой алхмуудыг хэлэлцэхээр CEM гол үүрэг гүйцэтгэх оролцогч талуудын уулзалтыг зохион байгуулж байна. Цэвэр эрчим хүчний бусад эх үүсвэрүүдийг нэгтгэхэд туслах, цөмийн эрчим хүчний шаардлагатай өргөтгөлийг санхүүжүүлэхэд уг уулзалтын гол учир утга оршиж байна. ОУАЭА болон CEM/NICE Future-тай хамтран ажиллаж, төрийн болон хувийн хэвшлийн салбарт хоёр талаас хөрөнгө оруулалт татах зарим шинэлэг хандлагыг онцолсон энэхүү тайланг танилцуулж байгаадаа би маш их баяртай байна.” гэжээ.
Энэхүү дагалдах арга хэмжээнд ОУАЭА, Олон Улсын Эрчим Xүчний Агентлаг (ОУЭXА), Америкийн Нэгдсэн Улс болон Бразил Улсын илтгэгчид цөмийн эрчим хүчний төслүүдийн санхүүжилтийг баталгаажуулах талаар болон Азербайжаны нийслэл Баку хотноо зохион байгуулагдах COP29 үйл ажиллагааны үеэр хэлэлцэгдэх цэвэр эрчим хүчний шилжилтэд шаардагдах санхүүжилтийн талаар санал бодлоо хуваалцав.
Бразилын Эрчим хүчний судалгааны хүрээлэн (EPE) Ерөнхийлөгчийн зөвлөх Жоовани Мачадо “Цөмийн цахилгаан станцтай холбоотой шийдвэр гаргах бүхий л үйл явцад ОУАЭА-гийн эрчим хүчний системийн загварчлал, төлөвлөлтийн хэрэгслүүд болон холбогдох хэвлэлүүд үндсэн суурь нь болж өгдөг. Цөмийн цахилгаан станцын санхүүжилт болон эрчим хүч үйлдвэрлэхэд шаардагдах нийт зардалд дүн шинжилгээ хийсэн ОУАЭА-ийн хэвлэлүүд нь Бразил Улсын Үндэсний Эрчим хүчний бодлогын зөвлөлөөс хэрэгжүүлж буй Ангра-3 цөмийн цахилгаан станцын үндсэн судалгаа(EPE)-нд маш их тус дэм болсон."
Цөмийн эрчим хүчний тогтвортой санхүүжилтийн тогтолцоонд, түүний дотор Европын Холбооны (EU) тогтвортой үйл ажиллагааны ангилал зүйд оруулах нь мэдэгдэхүйц нөлөө үзүүлж байна. Европын холбоо (EU)-ны хувьд цөмийн эрчим хүчний анхны ногоон бондыг 2023 онд Финланд, Франц Улсад гаргасан. Францын Electricité de France (EDF) нь 2022-2024 онд 4 тэрбум еврогийн ногоон бонд, 7 тэрбум еврогийн ногоон зээлээр тус тус шагнуулсан анхны хүлээн авагчдын нэг байв.
ОУЭXА-ийн Эрчим хүчний бодлогын ахлах шинжээч Сильвиа Бейер хэлсэн үгэндээ “Уур амьсгалын өөрчлөлтийн зорилтод хүрэхийн тулд дэлхийн цөмийн эрчим хүчний багтаамжийг 2035 он гэхэд 1.8 дахин нэмэгдүүлэх шаардлагатай” хэмээсэн бөгөөд "Санхүүжилтийн механизмыг бий болгоход түүнийг дэмжих цар хүрээ, ажиллах хүч, эрчим хүчний нийлүүлэлтийн сүлжээг хөгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаанууд шаардагдах болно" гэж тэрээр нэмж дурдав.
Уг тайланд санхүүгийн алдагдлыг арилгах, шинээр хөгжиж буй зах зээл болон хөгжиж буй эдийн засагт цөмийн эрчим хүчний өргөтгөлийг хийж хурдасгах, тэр дундаа бага чадлын цөмийн цахилгаан станцуудыг нэвтрүүлэхэд туслах бодлогын шинэчлэл, олон улсын түншлэлийн асуудлуудыг тусгасан байна. Найдвартай эрх зүйн тогтолцоо, нийлүүлэлтийн шинэ загваруудыг бий болгох, чадварлаг хүний нөөцийг бэлтгэх, оролцогч талуудын оролцоог хангаснаар тогтвортой эрчим хүчний хөрөнгө оруулалтын шинэ гарцуудыг нээж өгөх юм.
Бразил Улсын Цөмийн үйл ажиллагааг хөгжүүлэх нийгэмлэгийн ерөнхийлөгч Селсо Кунха "Шилжилтийн үйл явцыг түргэсгэх нь эрчим хүчний шилжилтийн төлөвлөгөөг өргөжүүлэх шаардлагатай олон талт сорилт юм." гэж онцлон хэлэв.
Мэдээллийн эх сурвалжтай доорх линкээр холбогдоно уу.