МЭРГЭЖЛИЙН ШАРЛАГЫН ХУВИЙН ТУНГИЙН ХЯНАЛТЫН НӨХЦӨЛ БАЙДАЛД ҮНЭЛГЭЭ ХИЙХ ОУАЭА-ИЙН ЭКСПЕРТИЙН ТОМИЛОЛТЫГ ХҮЛЭЭН АВЛАА

Цөмийн энергийн комисс (ЦЭК)-ын Ажлын алба нь Олон Улсын Атомын Энергийн Агентлаг (ОУАЭА)-ийн мэргэжлийн шарлагын хувийн тунгийн хяналтын асуудал хариуцсан экспертийн томилолтыг 2025 оны 05 дугаар сарын 05-07-ны өдрүүдэд хүлээн авч ажиллаа.

Томилолтын зорилго нь Монгол Улсын мэргэжлийн шарлагын хувийн тунгийн хяналтын үйлчилгээний нөхцөл байдалд үнэлгээ хийж, дүгнэлт өгөх, мэргэжлийн шарлагын хувийн тунгийн хяналтын үйлчилгээ үзүүлэгчид, цөмийн болон цацрагийн хяналтын улсын байцаагч нарт ОУАЭА-ийн мэргэжлийн шарлагын хамгаалалт, түүний аюулгүй ажиллагааны стандартууд, цацрагийн хамгаалалтын хөтөлбөр болон дээрх сэдвүүдийн хүрээнд ашиглагддаг ОУАЭА-ийн үйлчилгээ, хэрэгслүүдийн талаар мэдээлэл өгөх “Мэргэжлийн шарлагын хамгаалалт, тунгийн хэмжилт” сэдвээр семинар зохион байгуулахад оршсон.
Экспертийн томилолтын хүрээнд ОУАЭА-ийн эксперт цөмийн болон цацрагийн хяналт байцаагчид болон техникийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагын төлөөллүүдээс Монгол Улсын мэргэжлийн шарлагын хамгаалалтын нөхцөл байдлын талаар мэдээлэл авч, санал солилцож, олон улсын сайн туршлага болон ОУАЭА-ийн стандартуудын талаар мэдээлэл өгсөн.
Цөмийн энергийн тухай хуулийн 3.1.20-т "мэргэжлийн шарлага" гэж ажлын нөхцөлийн улмаас цацрагтай ажиллагчийн өртөж байгаа аливаа цацрагийн нөлөөллийг; хэлнэ гэж заасан байдаг. Түүнчлэн тус хуулийн 43 дугаар зүйлд “Мэргэжлийн шарлагад тавих үндсэн шаардлага” хэсэг тусгагдсан байдаг ба 43.1-т Цацрагтай ажиллагч нь мэргэжлийн шарлагын хувийн тунгийн хяналтад хамрагдана гэсэн байдаг.
Мөн ЦЭК-ын 2016 оны 1 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Цацрагийн хамгаалалт, аюулгүй ажиллагааны үндсэн дүрэм”-ийн 3.13 дугаар зүйлд мэргэжлийн шарлагатай холбоотой нарийвчилсан шаардлагуудыг тусгасан байдаг бол ЦЭК-ын 2015 оны 2015 оны 06 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Цацрагийн аюулгүйн норм”-ын 5 дугаар зүйлд цацрагийн тунгийн хязгаартай холбоотой стандартуудыг тусгасан байдаг.
Томилолтын эхний өдөр Стандарт, хэмжил зүйн газрын харьяа Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори (ХАБҮЛЛ)-ийн Цацрагийн хяналтын лабораторийн үйл ажиллагаатай танилцсан ба тус лаборатори Монгол Улсад мэргэжлийн шарлагын хувийн тунгийн хяналтын үйлчилгээг TLD100 загварын бүтэн биеийн дозиметр ашиглан 573 аж ахуйн нэгж, байгууллагын 1811 цацрагтай ажиллагчид үзүүлж, хувийн тунгийн хэмжилтийг “Harshaw 6600 Plus” загварын систем ашиглан сар бүр гүйцэтгэж байна.
Түүнчлэн томилолтын хүрээнд мэргэжлийн шарлагын хувийн тунгийн хяналтад хамрагддаг, төрөл бүрийн салбарт цацрагийн үүсгүүр ашиглаж буй аж ахуйн нэгж, байгууллагуудын цацрагийн хяналтын ажилтнууд, мэргэжлийн шарлагын хувийн тунгийн хяналтын үйлчилгээ үзүүлэгч, цөмийн болон цацрагийн хяналтын байцаагч нарыг оролцуулан “Цацрагийн хамгаалалтын хөтөлбөр” сэдэвтэй семинарыг 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдөр зохион байгуулж, ОУАЭА-ийн мэргэжлийн шарлагын хамгаалалт, түүний аюулгүй ажиллагааны стандартуудад тусгагдсан цацрагийн хамгаалалтын хөтөлбөрийн хэрэглээ, урьдчилсан үнэлгээ, үүсгүүрийн тооллого, бүртгэл, хяналтын болон ажиглалтын бүс, тунгийн үнэлгээ, хяналтын хөтөлбөрүүд, ажлын байрны болон хувийн тунгийн хяналт, бүртгэл, дотоод хяналт, байгалийн гаралтай цацраг идэвхт материалаас ажилчдад өгөх шарлага зэрэг сэдвийн хүрээнд мэдээлэл өглөө.
Тус семинарт Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Салбарын хяналтын газар, Ашигт малтмал газрын тосны газар, Цөмийн энергийн комиссын Ажлын алба, ХАБҮЛЛ-ийн Цацрагийн хяналтын лаборатори, Улсын 1, 2, 3 дугаар төв эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төв, Цөмийн физикийн судалгааны төв, “Оюу толгой” ХХК, “Энержи ресурс” ХХК, “Бадрах Энержи” ХХК, “Петрочайна дачин тамсан монгол” ХХК, “Жи энд Ди Эс” ХХК, “Жи И Энд Эс” ХХК, Зэвсэгт хүчний 015-р анги зэрэг 17 байгууллагын 25 төлөөлөл оролцсон.
