ЦЭК-ын дэргэдэх ЦАЗ нь цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангах талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэх, цөмийн болон цацрагийн хамгаалалт, аюулгүй байдалтай холбогдолтой хууль тогтоомжийн биелэлтийг хангуулах, үндэсний норм, дүрмийн төслийг хянан хэлэлцэх, шинэчлэн өөрчлөх, нийтийг хамарсан цөмийн болон цацрагийн ослын үед авах арга хэмжээг үндэсний хэмжээнд зохицуулах, хохирлыг бууруулах, тархалтыг хязгаарлах, үр дагаврыг арилгах арга хэмжээ авах зэрэг асуудлаар ЦЭК-т зөвлөх үндсэн чиг үүрэгтэй.

Зөвлөл нь цацрагийн хяналт, аюулгүй байдал, хамгаалалтын чиглэлээр бэлтгэгдсэн эрдэмтэн, мэргэжилтэн, цөмийн болон цацрагийн ослын үед ажиллах дадлага, туршлага бүхий мэргэжлийн ажилтан, зөвлөх экспертүүд, цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөлтэйгөөр зөвлөлийн дарга, 2 зөвлөх гишүүн, 6 гишүүн, нарийн бичгийн дарга гэсэн нийт 10 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажилладаг.

Цацрагийн аюулгүйн зөвлөл нь 2020-2024 онд цацрагийн хамгаалалт, аюулгүй ажиллагаа, цөмийн материалын бүртгэл хяналт, цөмийн аюулгүй байдлыг хангах замын зураглал, ослын хариу арга хэмжээ авах улсын төлөвлөгөө, нэгдэн орохоор төлөвлөж буй олон улсын гэрээ, конвенц зэрэг цөмийн болон цацрагийн аюулгүй ажиллагаа, аюулгүй байдалтай холбоотой 18 дүрэм, журам, төлөвлөгөө, яаралтай асуудлууд болон зөвлөмжийн төслийг хэлэлцэж, 12 зөвлөмж гаргасан байна.

Мөн ЦЭК-ын үйл ажиллагааны хүрээнд тухайн жилд хэлэлцүүлэхээр төлөвлөсөн болон тулгамдсан асуудлыг хэлэлцэхэд санал, зөвлөмж бэлтгэх, комиссын дарга, Ажлын албанаас цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлын холбогдолтой шийдвэр гаргах, дүрэм журам батлах, хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх, онцгой нөхцөл байдалд төрийн болон холбогдох байгууллагуудын хамтын ажиллагаа, уялдаа холбоог хангахад шаардлагатай мэргэжлийн дүгнэлт зөвлөмж гарган ажиллаж байна.