Дубна хот дахь Цөмийн шинжилгээний нэгдсэн институт:Монгол Улсын хамтын ажиллагаа
- Цөмийн шинжилгээний нэгдсэн институтийн тухай
Баруун Европын орнууд микро ертөнцийн нууцыг танин мэдэх зорилгоор цөмийн салбарт хүчээ нэгтгэхээр 1954 онд Швейцарт ЦЕРН хэмээн алдаршсан Европын цөмийн судалгааны төвийг байгуулсны дараахан 1956 онд тэр үеийн социалист 11 улс атом, цөмийн тулгуур судалгаа хийх, атомын энергийг энх тайвны зорилгоор ашиглах санаа нэгдэн Дубна хотод олон улсын Засгийн газар хоорондын байгууллага – Цөмийн шинжилгээний нэгдсэн институт (ЦШНИ) -ийг байгуулсан түүхтэй.

Өнөөдөр ЦШНИ нь 15 гишүүн улс, Засгийн газрын түвшний хамтын ажиллагааны гэрээтэй 5 улсаас гадна сонирхсон бүх улс орнуудад нээлттэй, харилцан ашигтай хамтран ажиллах зарчим баримтлан үйл ажиллагаагаа явуулдаг. Институтийн олон улсын хамтын ажиллагаа маш өргөн хүрээтэй бөгөөд дэлхийн 74 улсын 1000 гаруй эрдэм шинжилгээний төв, их сургуулиудтай хамтран ажиллаж байна. ЦШНИ-ийн 4500 ажилтны 1200 гаруй нь эрдэм шинжилгээний ажилтан бөгөөд тэдний 260 гаруй нь шинжлэх ухааны доктор (Sc.D), 570 орчим нь доктор (Ph.D) зэрэгтэй эрдэмтэд, судалгаа-хөгжүүлэлтийн ажилд хамааралтай 2000 орчим инженер-техникийн ажилтнуудтай.
ЦШНИ-д явагддаг эрдэм шинжилгээний чиглэл өргөн бөгөөд цөмийн физик, эгэл бөөмийн физик (их энергийн физик ч гэдэг) -ээр хязгаарлагдахгүй тооцоолон бодох математик, программчлал, электроник, автоматчилал, материал судлал, нано технологи, радиобиологи зэрэг олон чиглэлээр онол, туршлагын судалгаа явуулдаг ба үйл ажиллагаа нь 7 том лабораториор зохион байгуулагддаг. Цөмийн физикийн туршилтад аварга том хурдасгагч, нарийн хэмжин тооцоолох суурь төхөөрөмжүүд шаардагдах тул ЦШНИ-ийн эрдэмтэд, инженер техникийн ажилтнууд дэлхийд хосгүй хүчин чадалтай төхөөрөмжүүд зохион бүтээж ирсэн.
ЦШНИ-ийн эрдэмтэд микро-ертөнцийн олон тооны шинэ үзэгдэл, хууль, зүй тогтолыг нээн илрүүлж, дэлхийн шинжлэх ухаанд оруулсан бодит нээлт, бүтээл арвин байдгаас нэн ойлгомжтой ганц жишээг энд дурдъя. Байгаль дээр устөрөгчөөс уран хүртэл Менделеевийн үелэх системийн 92 химийн элемент байдаг. Түүнээс цааш 118 дугаар хүртэлх 26 элементийг цөмийн урвалын аргаар зохиомлоор гаргаж авсан ба тэдгээр элемент ихэнхдээ маш богино настай байдаг. Дубнагийн эрдэмтэд дэлхийд анх удаа Менделеевийн үелэх системийн 105, 113, 114, 115, 116, 117, 118 дугаар хэт хүнд химийн элементүүдийг синтезлэн гаргаж авч, АНУ, Японы ижил төстэй хүрээлэнгүүдтэй хамтран бататгаж, нээлтийг нь “Олон улсын онолын болон хэрэглээний химийн нийгэмлэг” баталж, гүйцэтгэсэн үүргийг нь харгалзан шинэ элементүүдэд нэр өгсөн байдаг. Тухайлбал 105(Db), 115(Mc) дугаар элементүүдийг Дубна, Москва (Дубна нь Москвагийн дүүрэг оршдог тул) хотын нэрээр, 114(Fl), 118(Og) дугаар элементүүдийг ЦШНИ-д олон жил уг судалгааны багийг толгойлсон эрдэмтэн Г.Н.Флеров, Ю.Ц.Оганесян (одоо ажиллаж байгаа) нарын нэрээр нэрлэсэн юм.
- ЦШНИ ба Монгол улсын хамтын ажиллагаа
Монгол Улсад орчин үеийн физик, хими, биологи зэрэг байгалийн ухаан, математикийн салбарт үндэсний дээд мэргэжилтэй боловсон хүчнийг МУИС-д 1942 оноос бэлтгэж эхэлсэн билээ.
Монгол Улс ЦШНИ-ийг байгуулалцсан анхны гишүүн улс төдийгүй ЦШНИ-ийн удирдлагад сонгогдон, институтийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж ирсэн. Академич Н.Содном ЦШНИ-ийн дэд захирлаар, профессор Д.Чүлтэм, академич Д.Сангаа, академич О. Чулуунбаатар нар Лабораторийн орлогч захирлаар ажиллахдаа тухайн салбартаа олон улсын хамтын ажиллагааг өргөтгөх, судалгааны тоног төхөөрөмж, хэмжилтийн аргазүйг боловсронгуй болгох талаар идэвх санаачилгатай ажиллаж байв. Одоо тус Институтийн Эрдмийн зөвлөлийн гишүүнээр академич Ц.Баатар, доктор Ж.Хуягбаатар нар, зөвлөх чиг үүрэг бүхий салбар 3 хорооны нэг болох Тунамал орчны физикийн Зөвлөлдөх хорооны гишүүнээр академич Д.Сангаа нар сонгогдон, тус институтийн эрдэм шинжилгээний бодлого чиглэлийг мэргэжлийн өндөр түвшинд шүүн хэлэлцэхэд оролцон ажиллаж байна (Эдгээр хороо, зөвлөлд гишүүн орноор хязгаарлагдахгүй дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн эрдэмтэд ордог.).
ЦШНИ-д ажилласан монголчуудаас Институтийн суурь болон хэрэглээний судалгаа-хөгжүүлэлтийн шилдэг бүтээлд олгодог жил бүрийн шагналаас давхардсан тоогоор 23 судлаач 17 удаагийн шагнал хүртсэн байна.
Монгол Улс ЦШНИ-ийн үйл ажиллагаанд нь тогтмол идэвхтэй оролцож ирснээр манай улсын физик-математикийн шинжлэх ухааны хөгжилд үзүүлсэн нөлөө, ач холбогдлыг дурдъя:
А. Бэлтгэгдсэн боловсон хүчний талаар:
- Монголын залуус олон улсын түвшний судалгааны лабораторид ажиллаж нарийн мэргэшсэн эрдэм шинжилгээний хүний нөөц бэлтгэгдсэн. Өнгөрсөн хугацаанд манай улсаас 100 гаруй нарийн мэргэшсэн эрдэм шинжилгээний ажилтан ЦШНИ-д урт хугацаагаар томилогдон ажиллаж, 47 хүн дэд эрдэмтний (PhD), 9 хүн шинжлэх ухааны докторын (Sc.D) зэрэг хамгаалжээ. Мөн ЦШНИ-ийн хамтын ажиллагааны хүрээнд судалгааны ажлаа хийж, PhD диссертациа Монгол Улсад хамгаалсан дэд эрдэмтэн 14, шинжлэх ухааны доктор 3 байна.
- ЦШНИ-д ажиллаж байсан академич Х.Намсрай “Чингис хааны одон” гардаж, дөрвөн академич Х.Намсрай, Б.Чадраа, Т.Жанлав, О.Чулуунбаатар нар төрийн соёрхол хүртсэн.
- ЦШНИ-д ажиллаж бэлтгэгдсэн эрдэмтдээс ШУА-ийн гишүүн академич 12, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн 11, ардын багш 3, улсын гавьяат багш 7 төрөн гарснаас гадна их сургуулийн профессор цол хүртсэн эрдэмтэн хэдэн арав бий.
- Монгол Улсын ШУА-ийн Ерөнхийлөгч 3 (Ч.Цэрэн, Н.Содном, Б.Чадраа), МУИС-ийн 3 захирал (Н.Содном, Ц.Ганцог, С.Даваа), Улсын багшийн их сургуулийн захирал (О.Отгонсүрэн) зэрэг хүмүүс ЦШНИ-д ажиллаж бэлтгэгдсэн мэргэжилтнүүд юм.
- Мөн Дээд боловсролын хорооны дарга, Ардын боловсролын яамны орлогч сайд, МУИС-ийн проректор, декан, тэнхмийн эрхлэгч, ШУА-ийн дэд ерөнхийлөгч, эрдэмтэн нарийн бичгийн дарга, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал гэх мэт олон хүн ЦШНИ-д ажиллаж байсан хүмүүс билээ.
Б. Манай улсад үүсч хөгжсөн шинжлэх ухааны чиглэлүүд:
ЦШНИ-д ажиллаж бэлтгэгдсэн эрдэмтэд эх орондоо судалгааны ажлаа үргэлжлүүлж өөрийн шавь-сургуулиа хөгжүүлсэн байдаг:
- Квант оронгийн онол, эгэл бөөмсийн онолын судалгаа (акад. Х.Намсрай)
- Их энергитэй бөөм, цөмийн харилцан үйлчлэлийн судалгаа (акад. Ц.Баатар, акад. Р.Тогоо).
- Цөмийн аналитик аргазүй боловсруулалт (акад. Н.Содном, проф. Д.Чүлтэм, проф. Ш.Гэрбиш)
- Цөмийн урвалын онол (акад. Ч.Цэрэн, доктор З.Омбоо)
- Цөмийн бүтцийн судалгаа (проф. Д.Чүлтэм, проф. Б.Далхсүрэн)
- Нейтроноор явагдах цөмийн урвалын судалгаа (проф. Г.Хүүхэнхүү).
- Хатуу бие, материал судлалын судалгаа (акад. Д.Сангаа)
- Тооцон бодох математик (акад. Т.Жанлав, акад. О.Чулуунбаатар)
- Физикийн туршлагын автоматжуулалт ба программчлал (акад. Л.Дорж, доктор Б.Нэргүй)
- Цацрагийн биологийн загварчлал (проф. О.Лхагва)
В. Манай улсад үзүүлсэн материаллаг тусламж:
ЦШНИ-ээс Монгол Улсад судалгааны лаборатори, суурь төхөөрөмж байгуулахад ихээхэн тусламж үзүүлсэн. Жишээлбэл:
- 1961 онд ШУА-д их энергийн физикийн лаборатори,
- 1965 онд МУИС-д нейтроны генератор,
- 1977 онд МУИС-д Минск-22 электрон машин бүхий тооцон бодох лаборатори,
- 1978 онд Унгарт үйлдвэрлэсэн нейтроны генератор,
- 1992 онд МУИС-д ЦШНИ-д бүтээсэн электроны цикл хурдасгагч – Микротроны лаборатори,
- 2019 онд ШУА-д тооцоолон бодох сервэр зэрэг болно.
Г. Бусад салбарын хөгжилд үзүүлсэн нөлөө:
Монгол Улсад цөмийн физикээс гадна материал судлал, цөмийн электроник, компьютер, програмчлал, хэрэглээний математикийн чиглэлийн судалгаа хөгжүүлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн байдаг. Тухайлбал:
- Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэрийн бүтээгдэхүүн дэх мөнгөний агуулгыг тодорхойлсны дүнд экспортын орлогыг үлэмж нэмэгдүүлж байв.
- Цөмийн электроник, дижитал техникээр мэргэшсэн манай физикч, инженерүүд уул уурхай, хөдөө аж ахуйн зарим бүтээгдэхүүний чанарыг цөмийн физикийн аргаар шуурхай тодорхойлох микропроцессорын удирдлагатай төхөөрөмж зохион бүтээж, үйлдвэрлэлд нэвтрүүлсэн байдаг.
- 1960-аад онд ЦШНИ-д комьютерийн программчлалын чиглэлээр бэлтгэгдсэн Б.Жаргал, Д.Цэдэндамба нар МУИС-ийн математикийн ангийн оюутнаас программ зохиогчдыг анх сургаж эхэлсэн байдаг. Үүний бодит үр дүн гэвэл 1973 онд эдгээр багшийн шавь физик, математикийн 4-р ангийн хэсэг оюутныг төгсөх жил нь ЗХУ-д явуулж мэргэшүүлэн, 1974 онд байгуулагдсан Үндэсний статистикийн хорооны Тооцоолон бодох төвийн (манай улсын анхны компьютерийн төв) Минск-32 машиныг ажиллуулах голлох мэргэжилтнүүдийг бэлтгэсэн түүхтэй.
Д. Хамтын ажиллагаа өнөөдөр:
Өнөөдрийн байдлаар манай улсын их сургууль, эрдэм шинжилгээний 10-аад байгууллагын 60 орчим судлаач ЦШНИ-ийн онолын физик, их энергийн физик, нейтроны физик, цацрагийн биологи, материал судлал, цөмийн аналитик арга, тооцон бодох математик, компьютерийн ухаан, цөмийн реакторын аюулгйү ажиллагаа зэрэг чиглэлээр 11 сэдэвт судалгааны ажилд оролцож байна.
Одоо 7 ажилтан урт хугацааны томилолтоор, мөн гэр бүлийн 2 гишүүн, чөлөөт орон тоон дээр 2, бүгд 11 эрдэм шинжилгээний ажилтан ажиллаж байгаагийн дээр жил бүр 10 орчим хүн 3 сарын томилолтоор, арав гаруй хүн богино хугацааны томилолтоор ЦШНИ-д ажиллаж байна.
Ийнхүү Монгол Улсын хамтран байгуулсан оюун ухааны их уурхай Дубна хот дахь Цөмийн Шинжилгээний Нэгдсэн Институт манай улсын байгаль, техник технологийн шинжлэх ухаан, боловсролын салбар, түүний хүний нөөцийн хөгжилд эрдэм номын арвин үр шимээ харамгүй өгсөөр байгааг товчхон танилцуулав.
oOo
С.Даваа,
ЦШНИ дэх Монгол Улсын Засгийн газрын
Бүрэн эрхт төлөөлөгч
2026.04.13
