“ГАДААД ОРЧНЫ ЦАЦРАГИЙН ХЯНАЛТ” СЭДЭВТ ДАГАЛДАХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Цөмийн энергийн комиссын Ажлын алба, Японы Атомын энергийн агентлаг (ЯАЭА)-тай хамтран “Гадаад орчны цацрагийн хяналт” сэдэвт дагалдах сургалтыг 2026 оны 05 дугаар сарын 25-29-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгууллаа.
Тус дагалдах сургалтад Цөмийн энергийн комиссын Ажлын алба, Ашигт малтмал газрын тосны газар, Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн алба, Онцгой байдлын ерөнхий газрын Гамшиг судлалын үндэсний хүрээлэн, ОБЕГ-ын Үндэсний аврах бригад, Төрийн тусгай хамгаалалтын газар, Дотоодын цэргийн 05 дугаар анги, Цаг уур орчны шинжилгээний газар, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв, Монгол Улсын Их Сургуулийн Цөмийн шижлэх ухаан технологийн хүрээлэн, Улсын мал эмнэлэгийн ариун цэврийн төв лаборатори “Геологийн судалгаа-шинжилгээний төв” ТӨҮГ, Ховд аймгийн Засаг даргын тамгын газар, Дундговь аймгийн Цаг уур орчны шинжилгээний газар, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ зэрэг төрийн болон төрийн өмчит 15 байгууллагын 17 албан хаагч хамрагдлаа.

Сургалтын зорилго нь цацрагийн хяналт, хэмжилт шинжилгээ хийх чиг үүрэг бүхий төрийн захиргааны болон судалгаа шинжилгээний байгууллага, төсөл хэрэгжүүлэгч байгууллагын албан хаагч нарт гадаад орчны хяналт, гадаад орчны дээжид цацрагийн шинжилгээ хийх арга, аргачлал, гадаад орчны цацрагийн хяналтын тогтолцоо, шинжилгээний аргачлалыг сайжруулах, боловсронгуй болгох чиглэлээр мэдлэг олгох, ЯАЭА-ийн гадаад орчны цацрагийн хяналтын туршлагаас судлахад оршсон.
Сургалтаар Цацрагийн тухай үндсэн ойлголт, цацрагийн хамгаалалт, Цацрагийн биологийн харилцан үйлчлэл, Цацрагийн хэмжилт хийх үндсэн зарчим, Гадаад орчны цацрагийн мониторинг, Гадаад орчны цацрагийн мониторингийн Япон Улсын туршлага, Япон Улсын гадаад орчны дээж цуглуулах аргачлал, Цацрагийн хэмжилтийн багаж ашиглах, түүний шалгалт баталгаажуулалт, Үүсэж тогтсон шарлагын нөхцөл (радон), Дотоод шарлагыг үнэлэх аргачлал, Монгол Улс дахь Цөмийн технологийн хэрэглээ, Монгол Улсын цацрагийн ослоос хамгаалах үйл ажиллагааны улсын төлөвлөгөө зэрэг сэдвүүдээр хичээл орж, гадаад орчны цацрагийн хэмжилтийг хийх, цацрагийн тунг тооцоолох дасгал ажиллаж, хэмжилтийн багаж тоног төхөөрөмжтэй ажиллах практик сургуулилт хийж, Байгаль орчны хэмжил зүйн төвийн лаборатори, СХЗГ-ын ХАБҮЛЛ-ийн Цацрагийн хяналтын лабораторийн үйл ажиллагаатай танилцлаа.
Цөмийн энергийн комиссын Ажлын алба, Японы Атомын Энергийн Агентлагийн Цөмийн салбарын хүний нөөцийг хөгжүүлэх төвтэй хамтран 2014 оноос дагалдах сургалтууд зохион байгуулж байгаа бөгөөд 2026 оны байдлаар “Цөмийн болон цацрагийн ослын бэлэн байдал”, “Гадаад орчны цацрагийн хяналт”, “Реакторын инженер” зэрэг 3 сэдвийн хүрээнд давхардсан тоогоор нийт 32 байгууллагын 700 гаруй албан хаагчийг хамруулж, уг дагалдах сургалтуудыг жил бүр зохион байгуулан ажиллаж байна.

