Мэргэжлийн шарлагын хувийн тунгийн хяналтын оптик цацаргалтын люминесценцийн дозиметрийн системийг ЦЭКАА нь монгол улсад нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Цөмийн энергийн тухай хуулийн 3.1.20-т “мэргэжлийн шарлага” гэж ажлын нөхцөлийн улмаас цацрагтай ажиллагчийн өртөж байгаа аливаа цацрагийн нөлөөллийг; хэлнэ гэж заасан байдаг. Түүнчлэн тус хуулийн 43 дугаар зүйлд “Мэргэжлийн шарлагад тавих үндсэн шаардлага” хэсэг тусгагдсан байдаг ба 43.1-т Цацрагтай ажиллагч нь мэргэжлийн шарлагын хувийн тунгийн хяналтад хамрагдана гэж заасан байдаг.

Мөн ЦЭК-ын 2016 оны 1 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Цацрагийн хамгаалалт, аюулгүй ажиллагааны үндсэн дүрэм (https://legalinfo.mn/mn/detail?lawId=11322)”-ийн 3.13 дугаар зүйлд мэргэжлийн шарлагатай холбоотой нарийвчилсан шаардлагуудыг тусгасан байдаг бол ЦЭК-ын 2015 оны 2015 оны 06 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Цацрагийн аюулгүйн норм ( https://drive.google.com/…/1FUAn7wLFusqgtKuWX6l_y4…/view)”-ын 5 дугаар зүйлд цацрагийн тунгийн хязгаартай холбоотой заалтууд тусгагдсан. Хувийн тун нь тухайн ажилтны биед тодорхой хугацаанд шингэсэн цацрагийн хэмжээг илэрхийлдэг үзүүлэлт юм. Энэхүү ажилтны авсан цацрагийн тунг хувийг дозиметр зүүлгэн хянадаг. Монгол улсын хэмжээнд Стандарт, хэмжил зүйн газрын харьяа Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн Цацрагийн хяналтын лаборатори нь Монгол Улсад мэргэжлийн шарлагын хувийн тунгийн хяналтын үйлчилгээг TLD100 загварын бүтэн биеийн дозиметр ашиглан гүйцэтгэж байна. ЦЭКАА нь ОУАЭА-ийн MON2010 төслийн хүрээнд оптик цацаргалтын люминесценцийн дозиметрийн системийг 2025 онд суурилуулан, арга зүйг боловсруулан үйл ажиллагаанд нэвтрүүлэхээр ажиллаж байна. Энэхүү систем үйл ажиллагаанд орсноор Монгол улсын мэргэжлийн шарлагын тунг бүтэн биеэс гадна нүд, захын эрхний хувьд хийх боломж бүрдэж байна.