Цөмийн шинжлэх ухааныг ашиглан соёлын үнэт өв болон гарал үүслийг тогтоох аргыг сайжруулах ОУАЭА-ийн шинэ судалгааны төсөл
ОУАЭА нь соёлын өвийн эд зүйлсийг хамгаалахад дэмжлэг үзүүлэх зорилгоор тэдгээрийн жинхэнэ эсэхийг баталгаажуулах, гарал үүслийг тогтоох шинжилгээний аргуудыг сайжруулахад цөмийн шинжлэх ухааныг ашиглах шинэ хамтарсан судалгааны төслийг эхлүүлээд байна.
Шинэ судалгааны төслийн зорилго нь цөмийн шинжлэх ухааны дэвшилтэд арга технологи болон салбар дундын мэргэжилтнүүдийн хамтын ажиллагаанд тулгуурлан соёлын өвийн дурсгалт эд зүйлсийн жинхэнэ эсэхийг баталгаажуулах, олдворын гарал үүслийг тогтоох, улмаар эдгээр эд зүйлсийн хууль бус наймаатай тэмцэх дэлхийн хэмжээнд хэрэгжүүлж буй үйл ажиллагааг сайжуулахад оршино.
ОУАЭА-ийн соёлын өвийн чиглэл дэх үйл ажиллагаа нь дараах дөрвөн үндсэн тулгуур чиглэлд төвлөрдөг. Үүнд:
- Үл эвдэх шинжилгээ
- Цацрагт суурилсан хамгаалалт
- Хууль бус наймаатай тэмцэх
- Салбар дундын хамтарсан судалгаа
Цөмийн шинжилгээний аргуудыг хуурамч эд өлгийн зүйлсийг илрүүлэх, тэдгээрийн гарал үүслийг тогтоох зорилгоор ашиглах нь энэхүү төрлийн гэмт хэрэгтэй үр дүнтэй тэмцэх зайлшгүй чухал хэрэгсэл болж байна. Соёлын болон байгалийн өвийг хамгаалахын тулд цөмийн шинжилгээний аргуудыг хэрэглэх мэргэжилтнүүдийг сургаж, бэлтгэж байгаа нь цөмийн шинжлэх ухааныг энхийн зорилгоор ашиглахыг дэмжих ОУАЭА-ийн эрхэм зорилготой нийцэж байна.
ОУАЭА нь “Соёлын өвийг жинхэнэ эсэхийг баталгаажуулах, гарал үүслийг тогтоох судалгаагаар хамгаалах, хадгалах” сэдэвт шинэ олон улсын хамтарсан судалгааны төслийг 2025-2030 хооронд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Ингэснээр өөрийн тэргүүлэх чиглэлүүдийг ЮНЕСКО, НҮБ болон соёлын өвийн шинжлэх ухааны олон нийтийн чиг хандлагатай уялдуулан сайжруулж байна.
Цөмийн аналитик аргуудыг ашиглан соёлын өвийн эд зүйлсийн сорьц дахь бүтэц, найрлага, насжилтыг тодорхойлдог. Эдгээр аргуудын шүүх шинжилгээний ажиллагаанд үзүүлэх ач холбогдол нь хуурамч бүтээгдэхүүнийг жинхэнэ мэтээр худалдаалах соёлын өвийн бүтээгдэхүүнийг илрүүлэх, хууль бусаар худалдаалагдсан соёлын өвийг таних, орц найрлага, гарал үүслийг тогтоох замаар хууль бус худалдааг илрүүлэхэд туслах юм. Ингэснээр цөмийн шинжлэх ухааны мэргэжилтнүүд, хууль сахиулах байгууллагууд, шүүх шинжилгээний хүрээлэнгүүд, соёлын өв хамгаалах байгууллагууд болон ОУ-ын байгууллагуудын хамтын ажиллагаа бэхжиж, соёлын өвийн хууль бус наймаатай тэмцэх чадавх сайжрах юм.
https://www.sciencedirect.com/science/article/pii/S0379073823002177?via%3Dihub
Хууль бус наймаатай тэмцэх нь
Соёлын үнэт өвийн хууль бус наймаанд музейгээс соёлын үнэт зүйлсийг хулгайлах, археологийн дурсгалт газруудад зөвшөөрөлгүй малтлага хийх, олдворуудыг дээрэмдэх, өмчлөх эрхийг хууль бусаар шилжүүлэх зэрэг үйлдлүүд багтдаг. Энэхүү хууль бус зах зээлийг шийдвэрлэх гол зарчмуудын нэг нь соёлын өвийн эд зүйлсийн жинхэнэ эсэх, гарал үүслийг тогтоох явдал юм.
Гарал үүсэл гэдэг нь тухайн эд зүйлийн түүхийг хэлдэг бөгөөд хэзээ хэрхэн бүтээгдсэн, түүхий эдийн гарал үүсэл, өмчлөл, хадгалалт, байршлын он тооллын дараалал багтана. Эд зүйлийн гарал үүслийг мөрдөн тогтоосноор түүний үүссэн үеийн нийгэм соёлын орчны талаар чухал мэдээллүүдийг олж авах боломжтой.
Шинэ төслийн ерөнхий зорилго нь соёлын өвийн эд зүйлсийн жинхэнэ эсэх, гарал үүслийг сайжруулах зорилготой нэгдмэл аргачлалыг боловсруулж, хөгжүүлэх юм. Энэ аргачлал нь тухайн дурсгалын түүхэн, урлагийн, нийгмийн, түүхий эдийн, материалын найрлага ба бүтэц, үйлдвэрлэлийн технологи, хууль эрх зүйн хүчин зүйлсийг цогцоор нь шийднэ.
“Хамтарсан судалгааны төсөл нь соёлын өвийг хамгаалах нийтлэг чиглэл дэх хамтын хүчин чармайлтыг бэхжүүлэх зорилгоор түнш байгууллагуудыг нэгтгэж байна. Энэ нь цөмийн шинжлэх ухааны аргуудыг соёлын өвийн мэргэжилтнүүд болон холбогдох эрх бүхий байгууллагуудын мэдлэг, туршлагатай хослуулан ашиглаж байна.” хэмээн ОУАЭА-ийн Физик химийн шинжлэх ухааны салбарын захирал Tzanka Kokalova Wheldon хэлсэн. Түүнчлэн хамтын ажиллагаагаар дамжуулан олдворыг жинхэнэ эсэхийг баталгаажуулах, хууль бус наймаатай тэмцэхэд туслах найдвартай аргуудыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн.
Уг төсөл нь цөмийн шинжлэх ухааны судлаачид, археологичид, музейн кураторууд, урлаг судлаачид, хүмүүнлэгийн ухааны судлаачид, соёлын өвийн мэргэжилтнүүд, зургийн худалдаачид, шүүх шинжилгээний мэргэжилтнүүд, хууль сахиулах байгууллагын шинжээчдийн салбар дундын хамтын ажиллагааг хөгжүүлж байна. Эдгээр оролцогч талууд хамтран ажилласнаар дэлхий даяар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, соёлын өвийг хамгаалах нэгдсэн системийг бүрдүүлж байна.
Төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг https://www.iaea.org/services/coordinated-research-activities/how-to-participate холбоосоор орж авна уу.
Мэдээний эх сурвалж:
