ЦӨМИЙН ЭНЕРГИЙН КОМИССЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА БӨГӨӨД АЖЛЫН АЛБАНЫ ДАРГА ГУН-ААЖАВЫН МАНЛАЙЖАВ ТАНД “ШИНЖЛЭХ УХААНЫ ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН” ЦОЛ ХҮРТСЭНД БАЯР ХҮРГЭЕ

Монгол Улсын цөмийн энергийн салбарыг хөгжүүлэх, цацрагийн хамгаалалт, аюулгүй байдал, цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх эрх зүйн орчныг боловсронгуй болгох, болон шинжлэх ухааны салбарт олон жил үр бүтээлтэй, тууштай зүтгэсэн хөдөлмөрийг тань төр засаг өндрөөр үнэллээ.

Цөмийн энергийн комиссын нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга   Гун-Аажавын Манлайжав Танд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн” хэмээх эрхэм хүндтэй цол хүртээсэнд Цөмийн энергийн комиссын Ажлын албаны нийт хамт олон, салбарын нөхдөөс нь гүн хүндэтгэл илэрхийлж, халуун баяр хүргэж байна.

Та 1991 онд МУИС-ийг физикч мэргэжлээр төгссөнөөс хойш Цөмийн энергийн салбарт тасралтгүй 35 дахь жилдээ үр бүтээлтэй ажиллаж байгаа бөгөөд эрүүл ахуй, халдвар, нян судлалын улсын институтийн Цацрагийн хяналтын төв лабораторид физикч, инженер, лабораторийн эрхлэгч, Мэргэжлийн хяналтын байгууллагын Цацрагийн хяналтын алба, Шинжлэх ухаан, цацрагийн хяналтын улсын алба, Байгаль орчин, геологи, уул уурхай, цацрагийн хяналтын улсын албаны дарга, орлогч дарга, ерөнхий болон ахлах байцаагч, Засгийн газрын тохируулагч агентлаг Цөмийн энергийн газрын дарга, ШУА-ийн Физик-технологийн хүрээлэнгийн орлогч захирал зэрэг хариуцлагатай албуудыг хашиж ирсэн бөгөөд 2015 оноос хойш Цөмийн энергийн комиссын нарийн бичгийн дарга, Ажлын албаны даргаар томилогдон амжилттай ажиллаж байна.

Улсын онцгой комиссын гишүүний хувиар улсын хэмжээнд онцгой байдлын нөхцөл үүссэн үед цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангуулах, багаж төхөөрөмжийг бэлэн байлгах, цацрагтай ажиллагчдыг сургаж дадлагажуулах ажлыг өндөр түвшинд удирдан зохион байгуулж ирсэн. Мөн Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА) дахь Үндэсний ерөнхий зохицуулагчаар ажиллах хугацаандаа АНУ, ОХУ, БНСУ, БНХАУ, БНЭУ, БНФУ зэрэг улс орнууд болон Цөмийн шинжилгээний нэгдсэн институт, Ази-Номхон Далайн Бүсийн хамтын ажиллагааны хэлэлцээр, Азийн цөмийн хамтын ажиллагааны форум зэрэг олон улсын томоохон байгууллагуудтай Монгол Улсын хамтын ажиллагааг өргөжүүлж, цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглах, хүний нөөцийг бэлтгэхэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан билээ.

Цацрагийн хяналтын шинжилгээний арга, аргачлалыг боловсронгуй болгож, чанарын удирдлагын тогтолцоог сайжруулан цацрагийн хяналтын лабораторийг хөгжүүлэхэд онцгой гавьяа байгуулсан бөгөөд хууль тогтоомж, дүрэм журам, стандартыг шинэчлэн батлуулах ажлыг идэвхтэй санаачлан ажилладаг.

Энэхүү хөдөлмөр бүтээлийг төр засгаас  үнэлж “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнаж байсан бол өнөөдөр “Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн” хүндэт цол хүртээлээ.

Салбарынхаа хөгжлийн төлөө цуцалтгүй хөдөлмөрлөж, хамт олноо үлгэрлэн дагуулдаг Танд болон таны буянтай сайхан эцэг эх, эхнэр хүүхдүүд, ахан дүүстбаяр хүргэж, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Монгол Улсын цөмийн энергийн салбарыг хөгжүүлэх таны ирээдүйн зорилго сэтгэлчэн бүтэж, сэтгэлийн амар амгаланг эдлэх болтугай!

ХҮНДЭТГЭСЭН

ЦӨМИЙН ЭНЕРГИЙН КОМИССЫН АЖЛЫН АЛБАНЫ ХАМТ ОЛОН