Төрийн шагнал хүртсэн математикчдыг хүлээн авч баяр хүргэв.

Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич Т.Жанлав, академич О.Чулуунбаатар, шинжлэх ухааны доктор Р.Мижиддорж, профессор В.Өзийбаяр нарыг ЦЭК-ын нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Г.Манлайжав, ЦШНИ дэх Монгол Улсын Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч С.Даваа нар хүлээн авч баяр хүргэв.

Нэр бүхий математикчдын математик, физик инженерчлэлийн салбарын тулгамдсан асуудлуудыг тооцооллын өндөр нарийвчлалтай шийдвэрлэх арга замыг нээж, орчин үеийн тооцон бодох математикийн онол, арга зүй, хэрэглээний салбарт олон улсын түвшинд үнэлэгдсэн бүтээл туурвисан гавьяаг үнэлж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Орчин цагийн тооцон бодох математикийн шинэ онол, чиглэлүүд, хэрэглээ” сэдэвт бүтээлд Төрийн шагнал хүртээсэн билээ.

Эдгээр математикчид нь Дубна хот дахь Цөмийн шинжилгээний нэгдсэн институт (ЦШНИ)-тэй идэвхтэй хамтран ажилладаг бөгөөд Т.Жанлав, О.Чулуунбаатар нар тус институтэд математикийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан, академич О.Чулуунбаатар ЦШНИ-ийн Мэдээллийн технологийн лабораторийн эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирлаар ажиллаж байгаа юм.

Профессор Т.Жанлавын үүсгэн байгуулсан тооцон бодох математикийн шавь-сургуулийн хамтлаг нь эрдэм шинжилгээний бүтээлийнхээ үр дүнг агуулсан дөрвөн монограф бичиж, олон улсад өндөр үнэлэгддэг Springer Nature (Швейцар), Kurs (ОХУ), Central South University Press (БНХАУ), BP International Publishing (Энэтхэг) зэрэг шинжлэх ухааны хэвлэлийн газруудад хэвлэгдсэн нь тэдний судалгааны ажил хэр өндөр түвшинд хийгдсэнийг илтгэнэ.