ОЛОН УЛСЫН АТОМЫН ЭНЕРГИЙН АГЕНТЛАГИЙН ТӨСЛҮҮДИЙН ХЭРЭГЖИЛТТЭЙ ТАНИЛЦАХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Монгол Улс 1973 онд Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-ийн гишүүнээр элсэж, 1975 оноос тус Агентлагийн Техникийн хамтын ажиллагааны хөтөлбөрт хамрагдаж эхэлсэн. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд цөмийн физик, цөмийн технологийн судалгаа-хөгжүүлэлт, инновацын үйл ажиллагаа явуулах, салбарын судлаач, мэргэжилтнүүдийг бэлтгэх, мэргэшүүлэх, цөмийн техник, технологийг нийгэм, эдийн засгийн төрөл бүрийн салбарт нэвтрүүлэх чиглэлээр үр дүнтэй хамтран ажиллаж байна.

Монгол Улсын Засгийн газар болон ОУАЭА хооронд 2022 онд байгуулсан “Техникийн хамтын ажиллагааны хүрээ 2022-2027” баримт бичгийн хүрээнд Монгол Улс эрүүл мэнд, мал аж ахуй, усны нөөц, цөмийн шинжлэх ухаан, технологи, цөмийн болон цацрагийн аюулгүй байдал, эрчим хүч, газрын тосны чиглэлээр 2024-2027 онд  үндэсний төслүүдийг Хавдар судлалын үндэсний төв, Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Улсын хоёрдугаар төв эмнэлэг, Мал эмнэлгийн эрдэм шинжилгээний хүрээлэн, Биокомбинат ТӨХХК, Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэн, МУИС-ийн Цөмийн шинжлэх ухаан, технологийн үндэсний хүрээлэн, Монгол газрын тос боловсруулах үйлдвэр ТӨХХК, ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэн, Археологийн хүрээлэн зэрэг байгууллагуудад хэрэгжүүлж байна.

ЦЭК-ын Ажлын албанаас эдгээр үндэсний төслүүдийн явц, тулгамдаж буй асуудал, гарсан үр дүнг хэлэлцэх уулзалтыг 2026 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр зохион байгууллаа.

Эдгээр төслүүдийн хүрээнд эрүүл мэндийн салбарт хорт хавдар болон  халдварт бус эмгэгийн оношилгоо эмчилгээний төрөл, тоо чанарыг нэмэгдүүлж, өвчтөний хүлээгдлийг бууруулж, хүртээмжийг нэмэгдүүлнэ. Улсын I болон II төв эмнэлгүүдэд 2 шинэ SPECT/CT аппаратыг суурилуулж, ажиллуулж эхэлсэн. Ингэснээр Монгол Улсад хийгддэг байсан 5 төрлийн оношилгооноос гадна нэмж элэг, цөсний үйл ажиллагаа, тархины цусан хангамжийн эмгэг, түрүү булчирхайн хорт хавдрын оношилгоог шинээр нэвтрүүлээд байна. Цаашид эмч, эмнэлгийн физикч, техникчдийг мэргэшүүлэх сургалт, дадлага зохион байгуулах, экспертүүдийн зөвлөх үйлчилгээг авах зэрэг ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Мөн усны хангамж, менежментийн чиглэлийн төслөөр говийн бүсийн усны нөөцийн судалгаа, усан хангамжийн менежментийг сайжруулах, уул уурхайн салбарын байгаль орчинд ээлтэй ус ашиглалтыг дэмжихэд изотопын технологийг ашиглах чадавхыг бүрдүүлэхээр зорьж байна. Энэ төслөөр усан дахь макро болон микро элементүүд, радон хэмжих багаж, тоног төхөөрөмжөөр ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнг хангаад байна.

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэмжих хүрээнд хэрэгжүүлж буй ОУАЭА-ийн үндэсний төслөөр “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр”-т нэн шаардлагатай байгаа үл эвдэх сорил явуулах техникийн болон хүний нөөцийн чадавхыг бүрдүүлэх, үйлдвэрлэлийн процессыг хянах тэмдэгт атомын технологийн багаж, тоног төхөөрөмжөөр хангаж ажиллаж байна. Тус үйлдвэр орчин үеийн дижитал радиографийн тоног төхөөрөмж болон бусад шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангагдаж, хүний нөөц бүрдснээр инженерийн байгууламжийн бүтэц, угсралт, шугам хоолойн эвдрэл, гэмтэл, гагнуурын оёдлыг шалгах, аюулгүй ажиллагааг баталгаажуулах чадавхтай болох юм. 

Түүнчлэн манай улсын мал аж ахуйн салбарын дэд бүтцийг хөгжүүлэх, тухайлбал, шүлхий өвчин болон бог малын мялзан өвчинтэй тэмцэх зорилгоор дотооддоо вакцин үйлдвэрлэх чадавхыг бий болгохоор Мал эмнэлгийн эрдэм шинжилгээний хүрээлэн, Улсын мал эмнэлгийн ариун цэврийн төв лаборатори,  Биокомбинат ТӨХХК-тай хамтран төсөл хэрэгжүүлж байна. Төсөл амжилттай хэрэгжснээр Монгол Улс малын эдгээр өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэж, импортын вакциныг халах, цаашлаад малын шүлхий, мялзан өвчнөөс ангижрах боломжтой болно.  

Түүх, археологийн салбарт хэрэгжиж буй төслийн хувьд археологийн олдворыг дотооддоо бүрэн судлах, соёлын өвийг хадгалах, хамгаалах, сэргээн засварлах дэд бүтэц бэхжихээс гадна дотоодын энэ чиглэлийн байгууллагуудын хооронд хамтын ажиллагаа бий болно.

Цөмийн технологийн хэрэглээ нь нийгэм-эдийн засгийн бүх салбарт өргөн хэрэглэгддэг ба ЦЭК-оос энэ хэрэглээг өргөжүүлэх, орчин үеийн шинэ технологи Монгол Улсад нэвтрүүлэхэд ОУАЭА-тай нягт хамтран ажилладаг.

Цөмийн шинжлэх ухаан, технологийн ололтыг нийгэм, эдийн засгийн тэргүүлэх салбаруудад нэвтрүүлж, үндэсний чадавхыг бэхжүүлэх нь Монгол Улсын тогтвортой хөгжлийг дэмжих чухал ач холбогдолтой билээ.