ЦАЦРАГ ИДЭВХТ МАТЕРИАЛЫГ ТЭЭВЭРЛЭЛТИЙН ҮЕИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ БЭХЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ОУАЭА-ИЙН ЭКСПЕРТҮҮД МОНГОЛ УЛСАД АЖИЛЛАЖ БАЙНА

Монгол Улсын цацраг идэвхт материалыг тээвэрлэх үеийн аюулгүй байдлын тогтолцоог бэхжүүлэх, үндэсний чадавхыг нэмэгдүүлэх зорилгоор Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-ийн экспертүүд 2026 оны 8 дугаар сарын 31-нээс 9 дүгээр сарын 3-ны өдрүүдэд Монгол Улсад ажиллаж байна.

Цөмийн болон бусад цацраг идэвхт материалыг тээвэрлэх явцад материалын аюулгүй ажиллагаа (safety) болон аюулгүй байдал, хамгаалалт (security)-ыг цогцоор нь хангах нь чухал ач холбогдолтой. ОУАЭА нь гишүүн улс орнуудад цөмийн болон бусад цацраг идэвхт материалыг тээвэрлэх үеийн үндэсний цөмийн аюулгүй байдлын дэглэмийг бий болгох, хэрэгжүүлэх, боловсронгуй болгоход техникийн дэмжлэг үзүүлдэг.

Энэ хүрээнд зохион байгуулж буй экспертүүдийн үнэлгээ нь Монгол Улсын цацраг идэвхт материалыг тээвэрлэх үеийн аюулгүй байдлын өнөөгийн нөхцөл байдалд үнэлгээ хийх, цаашид сайжруулах шаардлагатай чиглэлүүдийг тодорхойлох зорилготой юм. Үнэлгээний үеэр цацраг идэвхт материалыг тээвэрлэх үеийн аюулгүй байдлыг хангахтай холбоотой хууль эрх зүйн орчин, тусгай зөвшөөрөл олголт, аюулгүй байдлын үнэлгээ, хяналт шалгалт, хариуцлагын тогтолцоо, мөн холбогдох төрийн байгууллага болон тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцогч байгууллагуудын чиг үүрэг, уялдаа холбоог авч үзнэ.

Түүнчлэн цацраг идэвхт материалыг тээвэрлэх явцад учирч болзошгүй эрсдэлийг үнэлэх, эрсдэлийг бууруулах хамгаалалтын арга хэмжээ, мэдээлэл солилцоо, байгууллага хоорондын уялдаа холбоо, хамтын ажиллагаа болон хариу арга хэмжээний тогтолцоо зэрэг асуудлаар холбогдох байгууллагуудтай уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулж, олон улсын сайн туршлагыг танилцуулан санал солилцож байна.

Үнэлгээний ажилд Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Зам, тээврийн яам, Терроризмтой тэмцэх зөвлөлийн Ажлын алба, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Дотоод цэргийн штаб, Зэвсэгт хүчний жанжин штаб, Онцгой байдлын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, “Чингис хаан” олон улсын нисэх буудлын гаалийн газар, Иргэний нисэхийн ерөнхий газар, Ашигт малтмал, газрын тосны газар, Автотээврийн үндэсний төв ТӨҮГ, Монголын төмөр зам ТӨХК, Улаанбаатар төмөр зам ХНН, МИАТ ТӨХК, Цөмийн шинжлэх ухаан, технологийн үндэсний хүрээлэн зэрэг байгууллагуудаас 20 гаруй төлөөлөл оролцож байна.

Экспертүүдийн хийсэн үнэлгээний үр дүнд Монгол Улсын цацраг идэвхт материалыг тээвэрлэх үеийн аюулгүй байдлын тогтолцоог цаашид боловсронгуй болгох чиглэлээр зөвлөмж гаргах бөгөөд эдгээр зөвлөмж нь холбогдох байгууллагуудын үндэсний чадавхыг бэхжүүлэх, эрсдэлийн удирдлагыг сайжруулах, байгууллага хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, олон улсын сайн туршлагыг Монгол Улсын нөхцөлд нэвтрүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Монгол Улс цацраг идэвхт материалыг ашиглах, хадгалах, тээвэрлэх бүхий л үе шатанд аюулгүй ажиллагаа болон аюулгүй байдлыг хангах тогтолцоог үе шаттайгаар бэхжүүлж, олон улсын стандарт, зөвлөмжид нийцүүлэх чиглэлд ОУАЭА-тай хамтран ажиллаж байна.