Цөмийн энергийн комиссын ээлжит хуралдаан боллоо.

Цөмийн энергийн комиссын ээлжит хуралдаан өнөөдөр (2026.03.17)боллоо. Хуралдааныг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд, Цөмийн энергийн комиссын дарга Г.Дамдинням даргалан явуулав.

Хуралдаанаар Цөмийн энергийн комиссын 2025 оны үйл ажиллагааны тайлан, Цөмийн энергийн комиссын дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудал, Цөмийн энергийн тухай хуулийн 15.2.3-т заасан “цацраг идэвхт ашигт малтмал импортлох, экспортлох, тээвэрлэх, хаягдлыг булшлах болон цацраг идэвхт ашигт малтмал ашигласны дараа газар нөхөн сэргээх” тусгай зөвшөөрлийг олгохтой холбоотой зохицуулалтын тухай танилцуулга, Цөмийн энергийн комиссын 2025 оны 8 дугаар тогтоолын хэрэгжилтийн хүрээнд Цөмийн энергийн комиссын Ажлын алба, Үндэсний геологийн алба, Ашигт малтмал, газрын тосны газар, “Мон-Атом” ХХК-нд үүрэг болгосон “цөмийн энергийн талбай”-н талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээний мэдээлэл зэргийг тус тус хэлэлцлээ.

Хуралдаанаас Цөмийн энергийн комиссын дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг дэмжин Засгийн газрын хуралдаанд танилцуулж шийдвэрлүүлэх, мөн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын бүртгэлд байгаа “цөмийн энергийн талбай”-н талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар Цөмийн энергийн комиссын тогтоол гаргахаар тус тус шийдвэрлэлээ.