ХОЁР ДАХЬ SPECT/CT-ИЙГ АШИГЛАЛТАД ОРУУЛЛАА.
Цөмийн энергийн комиссын дэмжлэгтэйгээр Улсын нэгдүгээр төв эмнэлэгт Олон Улсын Атомын Энергийн Агентлагийн Техникийн хамтын ажиллагааны төслийн хүрээнд нийлүүлсэн цөмийн оношилгоо, эмчилгээний шинэ SPECT/CT аппаратыг тасгийн хамт олон ашиглалтад оруулж, өнгөрсөн оны 11 сараас иргэдэд үйлчилж эхэлсэн юм.
Улмаар тус тасагт элэг цөсний замын үйл ажиллагааны оношилгоо болон тархины цусан хангамжийн оношилгоог шинээр нэвтрүүлэхээр арга зүйг туршиж эхэлсэн ба “Тархины бодисын солилцооны эмгэг оношлох” ажил амжилттай болж, иргэд үйлчилгээ авах боломжтой боллоо.
Тархины бодисын солилцооны эмгэгийн оношилгоо нь тархины эдийн бүтэц болон үйл ажиллагааг хамтад нь 3D дүрслэл болон тоон үзүүлэлтээр нэгэн зэрэг үнэлдэг орчин үеийн оношилгоо тул тархины гэмтэл, үйл ажиллагааны өөрчлөлт, тархи судасны эмгэгээс эхлээд альцгеймерийн өвчин болон ой санамж алдалтын эмгэгүүд, паркинсоны өвчин, эпилепси (уналт таталтын эмгэг), тархины үхжил зэрэг мэдрэлийн хүнд өвчнүүдийг эрт илрүүлэх, оношийг илүү нарийвчлалтай тогтоох боломжийг олгож эмчилгээний чанарыг нэмэгдүүлж, үр дүнтэй эмчилгээний үндэс болдог.

Түүнчлэн уг төслийн хүрээнд гурав дахь SPECT/CT аппаратыг Улсын хоёрдугаар төв эмнэлэгт нийлүүлсэн ба тус эмнэлгийн PET/CT аппараттай хослон ажиллах боломжтой болж байна.
Засгийн газраас барьж буй гадаад улсад явж эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авдаг иргэдийн урсгалыг бууруулж, эх орондоо эмчлүүлэх боломжоор хангах зорилтуудад хүрэхэд цөмийн технологид суурилсан тоног, төхөөрөмж, түүн дээр ажиллах хүний нөөцийг сургах, цацрагийн аюулгүй ажиллагааг хангах замаар салбар хоорондын уялдааг ханган хүн амын өвчлөлтэй тэмцэхэд хийж буй цөмийн энергийн салбарын хөрөнгө оруулалтуудын нэгээхэн үр дүн нь энэ юм.

