РОСАТОМ КОРПОРАЦИЙН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ ТЕХНИКИЙН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Оросын Холбооны Улсын атомын энергийн Росатом улсын корпорацитай цөмийн энергийн салбарын хамтын ажиллагааны асуудлаар техникийн зөвлөлдөх уулзалтыг 2026 оны 04 дүгээр сарын 07-08-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулав.

Уулзалтад Монголын талаас Цөмийн энергийн комиссын Ажлын алба, Гадаад харилцааны яам, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Эрчим хүчний яам, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын алба, Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн, Шинжлэх ухааны академийн Физик, технологийн хүрээлэн, Монгол Улсын Их сургуулийн Цөмийн шинжлэх ухаан, технологийн үндэсний хүрээлэн, Мон-Атом ТӨХХК зэрэг байгууллагуудын төлөөлөл, Оросын талаас Росатом корпораци, Русатом Энерджи Проджектс ХК, Атомэнергопроект ХК, РАМ Спарк Энтерпрайз ХХК болон Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны төлөөлөл оролцов.

Тус уулзалтаар Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 27 дугаар хуралдааны протоколын 4.2-т “Монгол Улсад цөмийн бага чадлын эрчим хүчний станц барих чиглэлээр хамтран ажиллах үндсэн зарчмын тухай Монгол Улсын Засгийн газар болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөл боловсруулах асуудлыг үргэлжлүүлнэ” хэмээн туссаны дагуу Оросын талаас Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийн талаар дэлгэрэнгүй танилцуулж, Росатомын бага чадлын реакторын технологийн хөгжүүлэлтийн талаар мэдээлэл өгөв.

Цөмийн энергийн комиссын Ажлын албанаас Монгол Улсын цөмийн эрчим хүчний чиглэлээр авч хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний талаар танилцуулж харилцан мэдээлэл солилцсон нь Монгол Улсад цөмийн эрчим хүчний төслийг хэрэгжүүлэхтэй холбоотой талуудын ойлголцлыг бэхжүүлэх, цаашдын арга хэмжээг тодорхойлоход чухал ач холбогдолтой байв.

Мөн Цөмийн энергийн комисс болон Росатом корпораци хооронд 2018 онд байгуулсан “Монгол Улсад Цөмийн шинжлэх ухаан, технологийн төв байгуулахад хамтран ажиллах тухай” харилцан ойлголцлын санамж бичгийг хэрэгжүүлэх ажлын явцыг Монгол Улсын Их сургуулиас танилцуулав.