МЭНДЧИЛГЭЭ

ДУБНА ХОТ ДАХЬ ЦӨМИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ИНСТИТУТЭД АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ БАЙСАН, АЖИЛЛАЖ БАЙГАА ҮЕ ҮЕИЙН ЭРДЭМТЭН МЭРГЭД, ИНЖЕНЕР, ТЕХНИКИЙН АЖИЛТНУУДАД ХҮРГЭХ МЭНДЧИЛГЭЭ

Монгол Улс 1956 онд тэр үеийн социалист 11 улс атом, цөмийн тулгуур судалгаа хийж микро ертөнцийн нууцыг танин мэдэх, атомын энергийг энхийн зорилгоор ашиглахад хүчээ нэгтгэхэд санаа нэгдэн Дубна хотод олон улсын Засгийн газар хоорондын байгууллага – Цөмийн шинжилгээний нэгдсэн институт (ЦШНИ) -ийг байгуулсан түүхэн үйл явдлын 70 жилийн ойг гишүүн улсууд энэ онд өргөн дэлгэр тэмдэглэж байна.

ЦШНИ-д ажиллаж бэлтгэгдсэн эрдэмтэд эх орондоо судалгааны ажлаа үргэлжлүүлж квант оронгийн онол, эгэл бөөмс, цөмийн бүтэц/урвал, шинэ материал судлал, цацрагийн биологи, тооцон бодох математикийн онол/туршилтын судалгаа хийх; цөмийн аналитик арга зүй боловсруулах; физикийн туршлагын автоматжуулалт, электроник, программчлал зэрэг хэрэглээний олон чиглэлээр шавь-сургууль үүсгэн хөгжүүлж амжилттай ажиллаж байгаа нь бахархалтай байна.

Өнөөдрийн байдлаар манай улсын их сургууль, эрдэм шинжилгээний 10-аад байгууллагын 60 орчим судлаач ЦШНИ-ийн онолын физик, их энергийн физик, нейтроны физик, цацрагийн биологи, материал судлал, цөмийн аналитик арга, тооцон бодох математик, компьютерийн ухаан зэрэг чиглэлээр 11 сэдэвт судалгааны ажилд оролцож байна.

Ийнхүү монголчууд бидэнд эрдмийн үр шимээ харамгүй өгсөөр байгаа цөмийн шинжлэх ухааны өлгий Цөмийн шинжилгээний нэгдсэн институт байгуулагдсаны 70 жилийн ойн баярын мэнд хүргэж, эрдмийн ажилдаа улам их амжилт гаргахыг хүсэн ерөөе.

ЦШНИ дэх Монгол Улсын Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч С.Даваа

Цөмийн энергийн комиссын нарийн бичгийн дарга Г.Манлайжав