ЦӨМИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ИНСТИТУТИЙН «70 ЖИЛИЙН ЯЛАЛТ, НЭЭЛТҮҮД» ОЙН БАЯР

Одоогоос 70 жилийн өмнө тэр үеийн социалист 11 улс Дубна хотноо хамтран байгуулсан олон улсын засгийн газар хоорондын шинжлэх ухааны шинэ байгууллага болох Цөмийн Шинжилгээний Нэгдсэн Институт (ЦШНИ) нь түүхийнхээ туршид зөвхөн шинжлэх ухааны төв төдийгүй олон улсын олон талт хамтын ажиллагаа, улс үндэстнүүдийн соёлын харилцаа, боловсролын өвөрмөц тавцан болж хөгжжээ.

ЦШНИ-ийн 70 жилийн ойг тэмдэглэх баяр ёслолын арга хэмжээ 2026 оны 3-р сарын 26-нд Дубна хотноо болж, баярын хурал дээр институтийн гишүүн улсууд болон түншүүдийн төлөөлөгчид мэндчилгээ дэвшүүлж, ажилтнуудад шагнал гардуулан, ЦШНИ-ийн түүх, амжилтын тухай бичлэгүүд, архиваас амилсан гэрэл зургууд, Институтийн төлөвшил, түүний үйл ажиллагааны үрээр бүрэлдсэн Дубна хотын хөгжлийн үе шатыг харуулсан лазерын гэрлийн анимэшнийн шоу-зураглал үзүүлэв.

Баярын хуралдааныг ЦШНИ-ийн захирал, ОХУ-ын ШУА-ийн жинхэнэ гишүүн академич Г.В.Трубников нээж үг хэлэв.

Академич Г.В.Трубников институт байгуулагдсан түүхэн агшинг өгүүлж, Институтийн анхны захирал Д.И.Блохинцевын Эрдмийн зөвлөлийн анхны чуулган дээр хэлсэн “… Бид энд өмнөө тулгамдаж буй хүнд хэцүү зорилтуудын тухай, ялангуяа том машиныг ашиглалтад оруулах тухай ярилаа, гэхдээ өөр нэг хүнд хэцүү зорилт бий – энэ бол Институтэд хүмүүс бүтээлчээр ажиллахыг хүсдэг, татагдах төв болохуйц уур амьсгалыг бүрдүүлэх явдал юм. Энэ бол хамгийн төвөгтэй, машиныг бүтээхээс дутахааргүй хэцүү зорилт юм …” гэж хэлснийг эш татав.

Тэрбээр цааш нь хэлэхдээ: Өнөөдөр ЦШНИ шинжлэх ухааны хамгийн том сорилтуудыг шийдвэрлэхэд бүрэн бэлэн байдлаар ойгоо угтаж байна. NICA коллайдерт хүнд ионы мөргөлдөх урсгалуудын тогтвортой багцыг гарган авсан, удахгүй хурдасгуур дээр хэт даралт, температур дахь цөмийн материйн төлвийг судлах хөтөлбөр эхлэх болно. Энэ 2026 оны 5-р сард Менделеевийн үелэх хүснэгтэд байхгүй 119-р элементийг нийлэгжүүлэх туршилт эхэлнэ. Байгаль нуур дээр дэлхийн бөмбөрцгийн Хойд хагас дахь хамгийн том гүний усны нейтрино телескоп мэдээллээ цуглуулж байна. Институтийн тэргүүлэх суурь байгууламжуудын тоонд “Говорун” суперкомпьютер, импульсийн өвөрмөц реактор ИБР-2 багтах бөгөөд бас ЦШНИ-д дэлхийд хамгийн том олон улсын Онолын физикийн лаборатори үйл ажиллагаагаа явуулж байна. “ЦШНИ өөрийн түүхийн шинэ үе шатандаа итгэлтэйгээр алхалж байна. Бидэнд бүх зүйл бий: том төлөвлөгөө, нарийн мэргэшсэн боловсон хүчин, бусад орны дэмжлэг, сэтгэл хөдөлгөм шинжлэх ухааны чиглэлээр хамтран ажиллаж буй найрсаг хүрээлэнгүүдийн бүлэглэл” гэж захирал Г.Трубников онцоллоо.

Түүхэн хугацаанд ЦШНИ нь зөвхөн шинжлэх ухааны төв төдийгүй, олон талт олон улсын хамтын ажиллагаа, соёлын харилцаа, гэгээрлийн өвөрмөц тавцан болжээ. “Аль ч улсын эрдэмтдэд итгэлтэй, нээлттэй хамтын ажиллагаа, хамтран ажиллах орон зайг бий болгох – “Байгалийн үндсэн хууль бол яс үндсээр ялгахгүй, харин нэгтгэх үнэт зүйлтэй” гэсэн үндэс суурь болсон эрхэм зорилго маань тэр үеийнх шиг өнөөдөр ч чухал хэвээр байна. Шинжлэх ухаанд унтрашгүй хүсэл тэмүүлэлтэй, зоримог санаатай авьяаслаг хүмүүс бол Институтийн жинхэнэ баялаг” гэж ЦШНИ-ийн захирал дүгнэн хэлэв.

Гишүүн улсууд, түнш орнууд, хамтран ажиллагч байгууллагуудын төлөөлөгчид баяр хүргэж, шагнал гардуулав.

Баярын үйл ажиллагаанд Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Энхтүвшин, Консулын хэлтсийн дарга Ц.Болор, хоёрдугаар нарийн бичгийн дарга Б.Бат-Орших, ЦШНИ дэх Монгол Улсын Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч С.Даваа, ЦШНИ дэх монгол ажилтнуудын бүлгийн дарга бөгөөд Онолын физикийн лабораторын эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан Г.Ганболд, ЦШНИ-ийн Эрдмийн зөвлөлийн гишүүн академич Ц.Баатар, ЦШНИ-ийн Мэдээлэл-технологийн лабораторийн орлогч захирал академич О.Чулуунбаатар, Нейтроны физикийн лабораторийн судлаач Д.Сумхүү нар оролцов. Элчин сайд Ө.Энхтүвшин захирал академич Г,Трубниковтой уулзан ярилцаж, Монгол-ЦШНИ хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх алхмууд чухал болохыг тэмдэглэсэн.

Баярын хурал дээр Элчин сайд Ө.Энхтүвшин баярын мэдчилгээ дэвшүүлж, үг хэлээд, монголын эрдэмтэдтэй олон жил хамтарсан судалгааны ажлыг үр бүтээлтэй хийж, манай улсын шинжлэх ухааны салбарын хүний нөөцийг бэлтгэхэд оруулсан бодитой хувь өндөр нэмрийг үнэлж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар шагнасан эрдэмтдэд одон, медалийг гардуулав.

Нейтроны физикийн лабораторийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан Ю.Гледенов-т “Алтан гадас” одон гардуулав.
Цацрагийн биологийн лабораторийн захирал А.Бугай, Сургалт – шинжлэх ухааны төвийн захирал Д.Каманин нарыг  “Найрамдал” медалиар шагнасан.
Элчин сайд Ө.Энхтүвшин, Бүрэн эрхт төлөөлөгч С.Даваа нарт
“ЦШНИ-ийн 70 жилийн хүндэт медаль” гардуулсан.

Баярын үйл ажиллагааны явцад профессор С.Даваа ЦШНИ-ийн захиралд Цөмийн Энергийн Комиссоос дурсгал болгосон “Шинжлэх ухаан үндэстнүүдийг ойртуулмой” хэмээн ЦШНИ-ийн уриаг монгол бичгийн каллиграф бичлэгээр бүтээсэн хувилмалыг хүндэтгэлтэйгээр гардуулав. Мөн ЦШНИ-ийн 70 жилийн ойд МУИС-ийн ректор Б.Очирхуягаас илгээсэн мэдчилгээг гардуулсан.

Элчин сайд Ө.Энхтүвшин, Консулын хэлтсийн дарга Ц.Болор, 2-р нарийн бичгийн дарга Б.Бат-Орших, Бүрэн эрхт төлөөлөгч С.Даваа нар ЦШНИ-д томилогдон ажиллаж, Дубна хотноо амьдарч буй монгол иргэдтэй уулзав.

ЦШНИ дэх монгол ажилтнуудын бүлгийн ахлагч Г.Ганболд ажилтнуудыг танилцуулж, ЦШНИ-ийн дотоод бүтэц, судалгааны ажлын тойм, монгол эрдэмтдийн ажлын хувь нэмрийг харуулсан танилцуулга хийж, элчин сайд Ө.Энхтүвшин Монгол улс ОХУ хоорондын харилцааны гол шийдвэрлэгдэх асуудлууд, түүний дотор бага чадлын атомын цахилгаан станцын асуудлаар сонирхолтой мэдээллийг өгөв. Мөн Дубна хотод ажиллаж амьдарч буй монгол эрдэмтэд, гэр бүлийн хүмүүсийн нийгэм хангамжийн асуудлыг сонирхон, нийгмийн даатгалтай холбоотой асуудлаа шийдвэрлэх арга боломжийг судлахыг зөвлөж, санал солилцсон.

ЭСЯ-ны төлөөлөгчид ЦШНИ-д ажиллаж буй судлаачидын эрдмийн амжилт, нийгмийн орчин, аж байдлын байдлын талаар эерэг сэтгэгдэлтэй байдаг, цаашид урьдын адил холбоо харилцаатай байж, дэмжиж байхаа илэрхийлэв.