Узбекистан Улс анхны цөмийн бага чадлын реакторын барилгын ажлыг албан ёсоор эхлүүллээ.

Узбекистан Улсын анхны анхны цөмийн бага чадлын реактор (SMR)-ын барилгын ажил албан ёсоор эхлүүлж, анхны бетоны суурийг цутгах ёслол 2026 оны 06 дугаар сарын 05-ны өдөр боллоо.

Энэ арга хэмжээнд Санкт-Петербург хотод уулзаж байсан Орос болон Узбекистан улсын ерөнхийлөгчид цахимаар оролцсон бол ОУАЭА-ийн Ерөнхий захирал Рафаэль Гросси биечлэн хүрэлцэн иржээ.

Энэ арга хэмжээний үеэр Узбекистан Улсын Атомын энергийн агентлагийн дарга Aзим Ахмедхавжаев “Өнөөдөр бид зөвхөн цөмийн цахилгаан станцын суурийн анхны бетоныг цутгаж байгаа биш, харин Узбекистан Улсын гэрэлтэй, тогтвортой ирээдүйн суурийг тавьж байна. Энэхүү цөмийн эрчим хүчний станц нь эрчим хүчний хараат бус байдал, аж үйлдвэрийн өсөлт, байгаль орчны аюулгүй байдлыг илэрхийлэх технологийн шинэ шатны бэлгэдэл болно” мөн “Узбекистан дэлхийн эрчим хүчний салбарын тэргүүн эгнээнд итгэлтэйгээр гарч ирж, тусгаар тогтнолоо бэхжүүлэн инновацын хөгжлийн шинэ боломжуудыг нээж байна. Бид зөвхөн цахилгаан станц барихгүй, харин хөгжил цэцэглэлт, технологийн манлайлал, ирээдүй үеийн сайн сайхан амьдралын шинэ эрин үеийн суурийг тавьж байна” гэж онцлон хэллээ.

            2024 оны 05 дугаар сард ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины Узбекистан дахь айлчлалын үеэр байгуулсан анхны гэрээгээр 330 МВт хүчин чадалтай цөмийн эрчим хүчний станц (6 ширхэг RITM-200N бага чадлын реактор) барихаар төлөвлөж байв. RITM-200N реактор нь цөмийн хөдөлгүүртэй мөс зүсэгч хөлөг онгоцны технологид суурилсан бөгөөд дулааны хүчин чадал 190 МВт, цахилгаан хүчин чадал 55 МВт, ашиглалтын хугацаа 60 жил байхаар тооцоологджээ. Улмаар эхний реакторыг 2029 оны сүүлээр ажиллуулж эхлэхээр, бусад реакторыг үе шаттайгаар ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Узбекистаны Сайд нарын танхимын дэргэдэх цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын хорооноос цөмийн эрчим хүчний станцын эхний эрчим хүчний блок болох RITM-200N реакторын барилгын ерөнхий гүйцэтгэгчид барилгын тусгай зөвшөөрөл энэ 06 дугаар сарын 4-нд олгосон байна.

2025 онд байгуулсан нэмэлт хэлэлцээрийн дагуу Жиззах бүс нутгийн төслийг өргөтгөж, VVER-1000МВт чадлын 2 реактор, бага чадлын RITM-200N  2 реактор барихаар өөрчилсөн байна. Барилгын талбайд нийтдээ 15,000 орчим хүн ажиллах урьдчилсан тооцоо гарсан байна.

Ерөнхийлөгч В.Путин хэлэхдээ “Орос, Узбекистан хоёр ийм хэмжээний өндөр технологийн тэргүүлэх төслийг хамтран хэрэгжүүлж байгаа нь хоёр улсын найрамдал, холбоотны харилцааны тод жишээ юм. Төслийн хүрээнд Узбекистаны олон компани захиалга авах, шинэ ажлын байр бий болох, барилга угсралт, материал нийлүүлэлт, тээвэр болон бусад үйлчилгээнд орон нутгийн компаниуд өргөнөөр оролцох боломжтой” гэж онцолжээ.

ОХУ станц барих, хөнгөлөлттэй экспортын зээл олгох, реакторын түлшийг урт хугацаанд нийлүүлэх, засвар үйлчилгээ үзүүлэх, ашигласан цөмийн түлшний менежмент хийх зэрэгт дэмжлэг үзүүлэхээ мэдэгдсэн байна.

            ОУАЭА-ийн Ерөнхий захирал Рафаэль Гросси энэхүү төслийг дэлхийн хэмжээнд бага чадлын реакторын анхны экспортын захиалга гэдгээрээ онцгой болохыг тэмдэглээд, “Бусад орны хөрөнгө оруулагчид энэ төсөлд ихээхэн сонирхолтой байна. Мөн уг төсөл нь дижитал эдийн засаг, дата төвүүд болон бусад шинэ боломжуудыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулна” гэжээ.

            Атомын энергийн “Росатом” улсын корпорацийн Цөмийн эрчим хүчний салбарын нэгдүгээр орлогч ерөнхий захирал Aндрей Петров хэлэхдээ Узбекистан Улс өндөр технологийн хөгжилд хурдацтай шилжиж байна. Росатом энэхүү түүхэн үйл явцын нэг хэсэг болж байгаагаа нэр төрийн хэрэг гэж үзэж байна. Росатом корпорацын санал болгосон “цөмийн хот”-ын төсөл хэрэгжсэнээр шинжлэх ухаан, технологийн шинэ төв  байгуулж дэвшилтэт технологийн үзүүлэнгийн хот болох зорилготой гэжээ.