ДЭЛХИЙН ЦӨМИЙН ТҮЛШНИЙ ЦИКЛ: ӨСӨН НЭМЭГДЭЖ БУЙ ЭРЭЛТИЙГ ХЭРХЭН ХАНГАХ ВЭ?

Дэлхийн цөмийн түлшний цикл 2026 (World Nuclear Fuel Cycle 2026) бага хурал өнгөрсөн дөрөвдүгээр сард Монакод зохион байгуулагдлаа. Геополитикийн тогтворгүй байдал нь томоохон сорилтуудыг бий болгож байгаа хэдий ч эрчим хүчний аюулгүй байдлыг хангах, эдийн засгийн өсөлт болон цэвэр эрчим хүчний зорилтуудыг хэрэгжүүлэх үүднээс цөмийн эрчим хүчийг сонгох улс орнуудын тоо нэмэгдсээр байна.

“Хоёр өдөр үргэлжилсэн бага хурлын эхний хэлэлцүүлгээр салбарын тэргүүлэх төлөөлөгчид өнөөгийн нөхцөл байдлыг танилцуулж, цөмийн эрчим хүчний салбарт олон жилийн туршлагатай улс орнуудаас эхлээд шинээр цөмийн эрчим хүчний хөтөлбөр хэрэгжүүлж буй улс орнууд, мөн далайн тээврийн хөдөлгүүр зэрэг шинэ хэрэглээний чиглэлүүд хүртэл цөмийн эрчим хүчийг нэвтрүүлэх төлөвлөгөө эрчимтэй өргөжин тэлж байгааг онцлон тэмдэглэв.”

Southern Nuclear компанийн Цөмийн түлш ба шинжилгээний газрын захирал Жонатан Чейверс өсөн нэмэгдэж буй цахилгаан эрчим хүчний хэрэгцээнээс үүдэлтэй хөгжлийн боломжууд нь урьд өмнө байгаагүй, салбарыг үндсээр нь өөрчлөх боломжтой гэж тодорхойллоо. Энэхүү эрэлт нь үйлдвэрлэл, дата төв зэрэг их хэмжээний хэрэглээтэй байгууллагуудаас гадна айл өрхийн хэрэглээнээс ч бий болж байгааг тэрээр онцолсон юм. Тэрээр мөн Southern Company компани энэхүү өсөлтийг дэмжих зорилгоор 2030 он хүртэл эрчим хүчний дэд бүтцэд 81 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгааг дурдав. Бага хурлын туршид илтгэгчид одоо ашиглагдаж буй цөмийн эрчим хүчний хүчин чадлын ач холбогдлыг онцлон тэмдэглэв.

Япон улс 2011 оны Фүкүшимагийн ослын дараа цөмийн реакторуудаа үе шаттайгаар зогсоосон билээ. Харин одоогийн байдлаар нийт 36 реактороос 15-ыг нь дахин ашиглалтад оруулаад байгаа бөгөөд цаашид нэмэлт реакторуудыг дахин ажиллуулах төлөвтэй байгааг Японы Цахилгаан Эрчим Хүчний Компаниудын Холбооны Вашингтон дахь төлөөлөгчийн газрын ерөнхий менежер Шүжи Ёнеда мэдэгдэв. Мөн тэрээр Японы Засгийн газар сүүлийн 20 жилийн хугацаанд анх удаа цахилгаан эрчим хүчний эрэлт өснө гэж төсөөлж байгаа бөгөөд 2040 он гэхэд цөмийн эрчим хүчийг улсын нийт цахилгаан үйлдвэрлэлийн 20 хувийг бүрдүүлнэ гэж үзэж байгааг дурдсан юм. Энэхүү зорилгод хүрэхийн тулд Япон улс реакторуудыг дахин ажиллуулах үйл явцыг эрчимжүүлэх, одоо байгаа 36 реакторын ашиглалтын хугацааг сунгахаас гадна ойролцоогоор 5.5 ГВт(цахилгаан) шинэ цөмийн хүчин чадал нэмж байгуулах шаардлагатай болно.

EDF компанийн Олон улсын байгууллагуудтай харилцах ахлах бизнес хөгжүүлэлтийн менежер Кристиан Ди Лизиа хэлэхдээ, одоо ашиглагдаж буй хүчин чадал, шинээр баригдах станцууд эсвэл шинэ хэрэглээний аль нь ч байсан дэлхийн хэмжээнд цөмийн эрчим хүчний тогтвортой өсөлтийг хангахад нийлүүлэлтийн сүлжээний бүх шат дамжлага чухал үүрэгтэй гэдгийг онцоллоо. Европын Хөрөнгө Оруулалтын Банкны Ахлах салбарын инженер Иштван Сабо цөмийн эрчим хүчний салбарын өсөлтийг дэмжихэд эрхзүын зохицуулалтын орчин болон тогтвортой хөрөнгийн урсгал зайлшгүй шаардлагатай болохыг тэмдэглэв. Европын Холбооны урт хугацааны санхүүжилтийн байгууллага болох Европын Хөрөнгө Оруулалтын Банк нь 1970-аад оноос хойш цөмийн салбарын төслүүдийг санхүүжүүлж ирсэн туршлагатай бөгөөд бодлогын орчин тодорхой, тогтвортой байж, төслийн үндсэн шаардлагууд хангагдсан нөхцөлд төрийн болон хувийн хэвшлийн урт хугацааны санхүүжилтийг татах бүрэн боломжтой болохыг онцлон тэмдэглэв.

Ураны олборлолт ба нийлүүлэлтийн байдал

“Ураны олборлолт ба нийлүүлэлтийн гүнзгийрүүлсэн хэлэлцүүлэг” панелын үеэр Orano Canada компанийн Уул уурхайн захирал Луи-Пьер Ганьон дэлхийн хэмжээнд өсөн нэмэгдэж буй цөмийн эрчим хүчний хэрэгцээг хангах ураны хүдрийн нөөц хангалттай байгаа боловч ирээдүйн эрэлтийг тогтвортой хангахын тулд хайгуулын ажлыг эрчимжүүлэх шаардлагатайг онцлов. Тэрээр Orano компани Монгол Улс, Узбекистан, Канад, Намиби дахь төслүүдийн төрөлжсөн багцдаа тулгуурлан нийлүүлэлтийн эх үүсвэрээ өргөжүүлж байгаа бөгөөд Монгол Улсын Зөөвч-Овоо ордын уурхайн ашиглалтад оруулах үйл ажиллагааг 2028 онд эхлүүлэхээр төлөвлөж байгааг дурдсан юм. Мөн уул уурхайн салбар дахь инноваци нь ирээдүйн нийлүүлэлтийг хангахад чухал үүрэг гүйцэтгэнэ гэж тэрээр онцолж, Канад улсад аль хэдийн ашиглагдаж буй Orano компанийн SABRE (Surface Access Borehole Resource Extraction) буюу газрын гадаргаас өрөмдлөгийн цооногоор нөөц олборлох технологийг жишээ болгон дурдсан байна.

Удахгүй ашиглалтад орохоор төлөвлөгдөж буй өөр нэг ураны уурхай нь Намиби улсад хэрэгжиж буй Bannerman Resources компанийн Etango төсөл юм. Тус компанийн Зах зээлийн стратеги хариуцсан дэд ерөнхийлөгч Ольга Скорлякова хэлэхдээ, саяхан CNNC Overseas Limited компанитай байгуулсан стратегийн түншлэл нь Bannerman компанийн хувьд чухал үе шат болсон бөгөөд энэхүү хамтын ажиллагаа нь төслийн санхүүжилтэд хүрэх боломжийг нээж, бүтээн байгуулалтын шатанд шилжих нөхцөлийг бүрдүүлсэн байна. Одоогоор төслийн бэлтгэл ажлууд эхлээд байгаа бөгөөд энэ оны хоёрдугаар хагаст эцсийн хөрөнгө оруулалтын шийдвэр гарч, улмаар бүрэн хэмжээний барилгын ажил эхлэхээр төлөвлөгдөж байна. Харин анхны үйлдвэрлэлийг 2028 онд эхлүүлэх зорилт тавьжээ.

АНУ-ын ГДУО аргаар уран олборлогч enCore Energy Corp компанийн Гүйцэтгэх захирал Роберт Виллетт ураны шинэ төслүүдийг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийг бүрдүүлэх асуудал хамгийн том сорилтын нэг хэвээр байгааг тэмдэглэв. Түүний хэлснээр, ураны эрэлт болон нөөцийн хүрэлцээ хангалттай байгаа боловч төслүүдийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийн бүрдүүлэлт нь гол хүндрэл болж байна. Цахилгаан эрчим хүчний компаниуд болон бусад эцсийн хэрэглэгчидтэй идэвхтэй хэлэлцээ өрнөж байгаа хэдий ч эдгээр яриа хэлэлцээ нь ихэвчлэн тухайн үеийн зах зээлийн үнэд суурилдаг. Харин урт хугацааны хөрөнгө оруулалт шаардсан уул уурхайн төслүүдийн эдийн засгийн үндэслэл нь өнөөгийн зах зээлийн үнэтэй тэр бүр нийцдэггүй тул санхүүжилтийн шийдвэр гаргах, урт хугацааны гэрээ байгуулах үйл явцад хүндрэл учруулдаг болохыг тэрээр онцлон дурдсан юм. Түүний үзэж байгаагаар ураны салбарт хөрөнгө оруулалтын шийдвэр гаргах үйл явц болон зах зээлийн өнөөгийн нөхцөл хоорондоо тодорхой хэмжээнд зөрүүтэй байна. Учир нь компаниуд ирээдүйн зах зээлийн төлөв байдал тодорхойгүй нөхцөлд урт хугацааны хөрөнгө оруулалтын шийдвэр гаргах шаардлагатай болдог. Тэрээр ураны нийлүүлэлт нь өнөөгийн зах зээлийн үнэд бус, харин ирээдүйн зах зээлийн эрэлт хэрэгцээ болон түүний тогтвортой байдалд итгэх итгэл дээр үндэслэн нэмэгддэг болохыг онцлон тэмдэглэв. Мөн тэрээр эцсийн хэрэглэгчидтэй байгуулах урт хугацааны худалдан авалтын гэрээ, зөвшөөрөл олголтын үйл явцын тодорхой бөгөөд тогтвортой орчин, төрөөс үзүүлэх бодлогын дэмжлэг гэсэн үндсэн хүчин зүйлсийг уялдуулан хэрэгжүүлж чадвал төслүүдийн эрсдэл буурч, хөрөнгө оруулагчдын итгэл нэмэгдэн, шаардлагатай хөрөнгө оруулалт бодитойгоор хэрэгжих нөхцөл бүрдэхийг онцолсон юм.

Ирээдүйн төлөө хамтдаа

Хоёр өдрийн турш үргэлжилсэн хөтөлбөрийн төгсгөлд болсон эцсийн хэлэлцүүлгээр салбарын тэргүүлэгчдээс хурлын гол санаа, дүгнэлтийг бодит хэрэгжилтэд чиглэсэн үйл ажиллагааны хүрээ болгон нэгтгэж, эрчим хүчний шилжилтийг амжилттай, өргөжин тэлэх боломжтой бөгөөд тогтвортой хэрэгжүүлэх нийтлэг зорилгын төлөө үнэ цэнийн сүлжээний бүх оролцогчдыг уялдуулахыг хүсэв.

Монакод болсон арга хэмжээний төгсгөлийн хэлэлцүүлгийн үеэр “Centrus Energy” компанийн Ахлах дэд ерөнхийлөгч бөгөөд Маркетинг хариуцсан захирал Жон Донелсон хэлэхдээ, “Манай салбарын бүх чиглэлд нөхцөл байдал ийм эерэг байгааг хараад итгэхэд ч бэрх байна. Гэхдээ эцэст нь бидний хэлж буй бүх сайхан үг бодит үйл ажиллагаа болж хэрэгжих ёстой. Миний бодлоор нийтлэг ойлголт нь бид одоо хэрэгжүүлэх шатандаа орсон явдал юм. Өөрөөр хэлбэл, одоо хэрэгжиж буй бүх хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэх нь хамгийн чухал байна.” хэмээн онцолжээ.

UxC компанийн Ерөнхийлөгч Жонатан Хинзе мөн цөмийн салбарын өнөөгийн эерэг төлөв байдлын талаар Донелсоны үнэлгээтэй санал нэгдэж буйгаа илэрхийлсэн. Гэвч нийтлэг ойлголцол бүрдэж байгаа хэдий ч цөмийн түлшний зах зээлийн асуудалд тодорхой хэмжээний үзэл бодлын ялгаа ажиглагдаж байгааг онцлон, “Цөмийн түлшний зах зээлийг авч үзэхэд үзэл бодлын тодорхой ялгаа байгааг бид харж байна. Энэ нь манай салбарын хувьд хэвийн үзэгдэл бөгөөд байх ёстой зүйл юм. Энэ удаагийн арга хэмжээний үеэр эрчим хүчний компаниуд, ханган нийлүүлэгчид болон бусад олон оролцогчтой ярилцахад миний анзаарсан зүйл бол зах зээл дэх өөр өөр байр суурийг ойлгон хүлээн зөвшөөрөхийн зэрэгцээ тэд нийтлэг ойлголцолд хүрэхийг эрмэлзэж байна. Миний харж байгаагаар үзэл бодлын ялгаа байгаа ч бид бүгд нэгэн ижил чиглэлд урагшилж байгаа бөгөөд энэ нь хамгийн чухал юм.” хэмээн хэлэв.[1]


[1]