About the Nuclear Energy Commission

ЦӨМИЙН ЭНЕРГИЙН КОМИССЫН ТҮҮХ

БНМАУ-ын Сайд нарын зөвлөл (СнЗ)-ийн 1962 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 389 дүгээр тогтоолоор баталсан ЦЭК-ын түр дүрэмд “БНМАУ-ын СнЗ-ийн дэргэдэх ЦЭК нь тус орны улс ардын аж ахуйн, соёлыг хөгжүүлэх хэрэгт цөмийн энергийг ашиглуулах ба цөмийн энергийн эрдэм шинжилгээний асуудлаар БНМАУ-ыг төлөөлөн гадаад орнуудтай харилцах төв байгууллага мөн” гэж тодорхойлсон байдаг.

“Цөмийн энергийн комисс байгуулах тухай” БНМАУ-ын СнЗ-ийн 1963 оны 169 дүгээр тогтоолоор ЦЭК-ын бүрэлдэхүүнийг баталж, албан ёсоор үйл ажиллагааг явуулж эхэлсэн түүхтэй. Мөн БНМАУ-ын СнЗ-ийн 1978 оны 395 дугаар тогтоолоор баталсан ЦЭК-ын дүрэмд “БНМАУын СнЗ-ийн дэргэдэх ЦЭК нь тус орны улс ардын аж ахуй, соёлыг хөгжүүлэхэд цөмийн энергийг ашиглах, цөмийн физикийн ололтыг нэвтрүүлэх болон цөмийн физикийн тулгуур ба хавсарга шинжилгээний ажил явуулах, цөмийн эрчим хүчний хэтийн төлөвийг боловсруулах, цөмийн энерги, цацраг идэвхт бодисын хадгалалтад хяналт тавих төв байгууллага мөн” гэж тодорхойлсон.

Засгийн газрын 1993 оны 54 дүгээр тогтоолоор “ЦЭК нь цөмийн энергийг ашиглах, цацрагаас хамгаалах бодлогыг холбогдох байгууллагуудтай хамтран боловсруулж хэрэгжүүлэх, хяналт тавих эрх бүхий Засгийн газрын байгууллага мөн” гэж заасан байдаг.

Засгийн газрын 1997 оны 180 дугаар тогтоолоор «ЦЭК нь цөмийн физикийн судалгаа явуулах, цөмийн технологи нэвтрүүлэх, хүн амын эрүүл мэнд, байгаль орчныг цацраг идэвхт бодис, ионжуулагч цацрагийн бусад үүсгүүрийн нөлөөллөөс хамгаалах бодлого боловсруулах, цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангахтай холбогдсон хууль тогтоомж, норм, дүрэм, журам, цацрагийн хяналтын дүрэм, төр, засаг, мэргэжлийн байгууллагаар баталгаажуулсан цацрагийн хяналттай холбогдсон хөтөлбөр, стандартыг хэрэгжүүлэх, хяналт тавьж зохицуулах эрх бүхий Засгийн газрын байгууллага» гэж тодорхойлсон нь комиссын үндсэн чиг үүрэг, түүний хүрээ хир өргөжсөнийг харуулж байна.

“Цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2001 оны 265 дугаар тогтоолоор “ЦЭК нь цөмийн судалгаа, технологийг хөгжүүлэх, цацраг идэвхт бодис, ионжуулагч цацрагийн бусад үүсгүүрийг ашиглах, цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангах бодлого боловсруулж, хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлэх Засгийн газрын байгууллага мөн” гэж комиссын үндсэн чиг үүргийг заасан.

УИХ-ын 2001 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаар “Цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлын тухай” хуулийг баталсан нь ЦЭК-ын үндсэн чиг үүргийг анх удаа хуульчилсан. Энэхүү хуульд “Шинжлэх ухааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний эрхлэх асуудлын хүрээнд цөмийн судалгаа, технологийг хөгжүүлэх, цацрагийн үүсгүүрийг ашиглах, цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангах бодлого боловсруулах, хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлэх байгууллага нь ЦЭК мөн“ гэж тодорхойлсон.

УИХ-ын 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар Цөмийн энергийн тухай хуулийг баталж, одоогийн хэрэгжүүлж байгаа үндсэн чиг үүргийг хуульчилж өгсөн. Засгийн газрын 2008 оны 263 дугаар тогтоолоор Монгол Улсын Ерөнхий сайдын эрхлэх ажлын үндсэн хүрээнд Засгийн газрын тохируулагч агентлаг Цөмийн энергийн газар байгуулагдсан.

УИХ-ын 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн хуралдаанаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, улсын хэмжээнд цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энерги ашиглах, цөмийн технологи нэвтрүүлэх, судалгааг хөгжүүлэх, цөмийн аюулгүй байдал болон цацрагийн хамгаалалт, аюулгүй ажиллагааг хангах үйл ажиллагааг уялдуулан зохицуулах үүргийг ЦЭК, цацраг идэвхт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл болон түүнтэй холбоотой хуулиар олгогдсон бусад эрх үүргийг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, цөмийн энергийн салбарын хяналт, шалгалттай холбоотой асуудлыг мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага тус тус хариуцахаар хуульчилсан.

“Цөмийн энергийн комиссын бүрэлдэхүүн, дүрмийг шинэчлэн батлах тухай” Засгийн газрын 2015 оны 72 дугаар тогтоолоор Цөмийн энергийн комисс, түүний Ажлын алба байгуулагдан, үйл ажиллагаа явуулж байна.