Нарийн бичгийн Даргын мэндчилгээ

ЦӨМИЙН ЭНЕРГИЙН КОМИССЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА БӨГӨӨД АЖЛЫН АЛБАНЫ ДАРГА Г.МАНЛАЙЖАВ

Цөмийн энергийн энергийн комиссын цахим хуудсанд зочилж буй Эрхэм таны амрыг ирье.

Монгол Улс нь дэлхий дахины энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэх, цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх, цөмийн осол, терроризмоос сэргийлэх, харилцан туслалцаа үзүүлэх зорилгоор олон улсын холбогдох гэрээ конвенцид нэгдэн орж, цөмийн аюулгүй байдал, цацрагийн хамгаалалт, аюулгүй ажиллагааг ханган, хүн ам, байгаль орчныг ионжуулагч цацрагийн сөрөг нөлөөллөөс хамгаалах үйл ажиллагаанд онцгой анхаарал хандуулж ирсэн.

Цөмийн энергийн комисс нь БНМАУ-ын СнЗ-ийн дэргэд 1962 онд байгуулагдсан цагаас хойш Монгол Улсын нийгэм эдийн засгийн салбаруудад, тэр тусмаа боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, хүнс хөдөө аж ахуй, геологи уул уурхай, хүнд үйлдвэрийн салбаруудад цөмийн шинжлэх ухааны хөгжил дэвшлийг нэвтрүүлэх, нутагшуулах, цацрагийн аюулгүй ажиллагаа болон аюулгүй байдлыг хангуулах, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх ажлыг хэрэгжүүлж байна.

Дэлхийн хүн амын өсөлт, түүнээс улбаалан хүн амын нийгмийн баталгаа, амьдралын чанарыг дээшлүүлэх, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх зорилт онцгойлон тавигдаж байгаа өнөө үед хүрээлэн буй орчинд ээлтэй, дэвшилтэт технологид суурилсан эрчим хүчний найдвартай эх үүсвэр, чанартай хүртээмжтэй оношилгоо эмчилгээ, хүнс тэжээлийн хүртээмжийг сайжруулах, уул уурхайн хөгжил тойрсон асуудлууд, хүрээлэн буй орчны бохирдол доройтол, цэвэр усны хангамж зэрэг асуудал улс орнуудын өмнө тавигдаж буй нэн тэргүүний асуудал болоод байна.

Энэ цаг үед Монгол Улсын хөгжлийн түлхүүр болох бодит үр дүнд суурилсан хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд цөмийн энергийн салбарын бодлого, үйл ажиллагааг чиглүүлэн, оролцоог нэмэгдүүлж, салбар дундын хамтын ажиллагааг өргөжүүлэх, аж ахуйн нэгж, байгууллага болон иргэдэд шаардлагатай мэдээллээр хангах, олон нийтийн боловсролыг дээшлүүлэх, цаг үеийн мэдээллийн түргэн шуурхай хүргэх нь амин чухал ач холбогдолтой юм.

Эрхэм та манай цахим хуудсаар цөмийн салбарт болж буй гадаад болон дотоод мэдээ, мэдээллийг цаг тухайд авч, мэдлэгээ баяжуулан, санал бодлоо ирүүлж хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.

МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨ ГЭСЭН САЙН ҮЙЛС БҮХЭН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ

Газрын зураг

Бидэнтэй нэгдээрэй